УИХ-аас зохион байгуулж буй парламент 2.0 “Гурван төгөлдөршил” хэлэлцүүлэг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн “УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төсөл” сэдэвт илтгэлээр үргэлжиллээ.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэлийнхээ эхэнд, УИХ-ын даргын 2024 оны 71 дүгээр захирамжаар УИХ-ын стратеги төлөвлөгөө батлах тухай тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг парламентад суудалтай улс төрийн бүх намын төлөөллөөс бүрдүүлэн 16 гишүүнтэйгээр байгуулсныг тэмдэглэв.

Өнгөрсөн 34 жилийн хугацаанд хууль тогтоох дээд байгууллагын стратеги төлөвлөгөөг Үндсэн хууль болон холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд  хоёр удаа баталсан байдаг. Тухайлбал, УИХ-ын 2019-2024 оны стратеги төлөвлөгөө нь зургаан зорилго, 11 зорилт, 68 арга хэмжээнээс бүрдэж, амжилттай сайн хэрэгжсэн. Энэ хүрээнд УИХ-ын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийг баталсан нь хамгийн чухал алхам болсон гэлээ.

Мөн тэрбээр “УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төслийг боловсруулаад анх удаа олон нийтээр хэлэлцүүлж байна. Энэхүү стратеги төлөвлөгөө нь УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын төлөвлөгөө биш. Үүний гол зорилго нь УИХ-аас хэлэлцэн батлагддаг хууль тогтоомжууд иргэд, олон нийтэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх, хүний эрхийн зөрчилгүй нийгмийг цогцлооход чиглэж байна" гэлээ.

“УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төсөл”-ийг Олон улсын парламентын холбоо болон бусад орны сайн туршлага, УИХ-ын үйл ажиллагааны талаарх олон нийтийн санаа бодлын судалгаанд үндэслэн боловсруулжээ.

Хэлэлцүүлгийг УИХ-ын Тамгын газрын Дэд дарга Э.Лхагва чиглүүлж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Х.Тэмүүжин, ХЭҮК-ын дарга, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч, хууль зүйн ухааны доктор П.Одгэрэл, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров нарын зочин оролцогчид илтгэлийн хүрээнд асуултад хариулж, санал бодлоо солилцлоо.

Мөн хэлэлцүүлэгт оролцогчид илтгэлийн хүрээнд санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс өнгөрсөн хугацаанд үндэсний эрх зүйн тогтолцоонд даацтай судалгаа хийж, алдаа оноог нь дүгнэх, цаашлаад УИХ-аас батлагдсан хуулиуд монголын нийгэм, иргэдийн амьдралд хэр нийцтэй буйг судлах шаардлагатай байна.

Түүнчлэн D-Parliament-ийг өргөжүүлэх, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 5.1-д УИХ-ын хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сантай байна гэсэн заалтыг хэрэгжүүлэх, хууль эрх зүйн шинэтгэлийг зоримог хийж, хуулиас давсан журмуудыг цэгцлэх ажлыг тууштай хийх шаардлагатай гэсэн саналуудыг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээллээ.