Энэ өвөл оргил ачааллын цагаар цахилгаан хязгаарлах эсэх асуудлаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх тайлбар мэдээлэл өглөө. Тэрбээр "17-21 цагийн хооронд ачаалал 20-30 хувиар нэмэгдэж, бусад үед нь тогтворждог. Оргил цагийн ачааллыг хангах асуудал л үүсэж байгаа юм. Үнэндээ бусад цагуудад эрчим хүчний салбар чадлын дутагдалд ордоггүй. Зөвхөн өвлийн оргил ачааллын цагаар чадлын дутагдалд орж хэрэглээгээ хангаж чадахгүй байна.

Энэ өвлийн их ачааллаас өмнө эрчим хүчний салбарын суурилагдсан эрчим хүчний чадлыг 200 мВт-аар нэмэгдүүлж байгаа. Гэсэн ч оргил ачааллын цагуудад ачаалал өсөлттэй байна. Энэ жилийн гаргасан тооцооллоор оргил ачааллыг давахад 70-80 мВт-ын чадлын дутагдалд орохоор байна. Хэрэв оргил ачааллын үед ийм хэмжээний дутагдал үүсвэл 70-80 мВт-аар хязгаарлалт хийнэ. Ингэхдээ урьдчилан мэдэгдэж цахилгаан хязгаарлана" гэсэн юм.