Хүн амын насжилт нэмэгдэхийн хэрээр ахмадын асрах төвийн хэрэгцээ, шаардлага дэлхий дахинаа тулгамдаж буй. Энэ хэрэгцээг дагаад өндөр хөгжилтэй улс орнуудад ахмад настны асрамжийн үйлчилгээ цогцоор хөгжиж байна. Харин манай улсад харьцангүй шинэлэг ойлголт юм. Үр хүүхэд нь аав, ээжийгээ хүний гар харуулахгүй асрах үүрэгтэй гэх уламжлалт сэтгэлгээ өнөө ч бий учир асрах төвөөс нийтээрээ зайлсхийсээр ирсэн. Тэгвэл ахмадын өдөр өнжүүлэх буюу ахмад настны цэцэрлэг гэх шинэ төрлийн үйлчилгээ бий болжээ. Аав, ээжийгээ алс асрамжид өгөх бус өдрийн цагаар нийгмийн харилцаанд оролцуулж, асарч, сувилуулах боломжтой энэ төрлийн үйлчилгээ эрхэлж буй "Dream house" төвийн менежер М.Амарсэтгэлтэй ярилцлаа.

-Ахмадын цэцэрлэг гэхээр тун шинэлэг сонсогдож байна. Яагаад энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх болсон талаар ярилцлагаа эхэлье ?
-Анх долоо хоногийн хугацаанд гадаад руу томилолтоор явах шаардлага гараад аавыгаа асруулах төв хайсан юм. Манайд энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг маш цөөхөн газар байдаг юм билээ. Тэдгээрийн олонх нь хүмүүсийн хэрэгцээ, шаардлагад нийцэхээргүй санагдсан. Хоолтой, тохилог нь хоногийн 150-250 мянган төгрөгийн үнэтэй. Ийм үнэтэй газруудад ч стандарт, ариун цэвэр, хариуцлагын асуудал учир дутагдалтай байсан. Ахмадын асаргаа гэдэг бол хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал. Тиймээс бүртгэл, мэдээллээс эхлээд бүх зүйл маш нарийн байх ёстой. Гэтэл сэтгэлд нийцэх газар олдоогүй. Эндээс энэ төрлийн байгууллагын хэрэгцээ, шаардлага их байдгийг олж хараад, үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
-Нэг дор хэчнээн хүн хүлээж авах боломжтой вэ, байр нь айл шиг тохижилттой юм байна
-Манайх хэт олон хүн хүлээж авдаггүй. Нэг хүнд оногдох зай талбайг тооцоолсон. Мөн хүмүүсийн ая тухыг хангахын тулд байраа гэр шиг тохижуулахыг хичээсэн. Байнгын асаргааны хүмүүс ч үйлчлүүлдэг учир эмнэлгийн ортой өрөө ч гаргасан. Ахмадуудад үйлчлэх учир асаргаа, сувилгааны хоол бэлтгэж дадсан хүн тогоочоороо авсан. Мөн эмнэлгийн болон асаргааны мэргэжилтэн ажиллуулдаг. Гэхдээ хүний нөөц бүрдүүлэх амар биш юм билээ. Ажлын зар тавиад ажилтан хайхаар хүмүүс бохир цэвэрлэхгүй, хүн асрахгүй гэдэг.
-Ахмад настны цэцэрлэг монголчуудын хувьд шинэлэг ойлголт байх?
-Швед, Япон, Австрали зэрэг оронд энэ төрлийн үйлчилгээ их хөгжсөн. Манайд харьцангүй шинэлэг. Гадаадад амьдарч байгаад ирсэн хүмүүс манай төвд их ханддаг. Аав, ээжийгээ долоо хоногийн 3-5 өдөр нь нийгмийн харилцаанд оролцуулах сонирхолтой байдаг. Настай хүмүүст нийгмийн харилцаанд орох зайлшгүй шаардлага тулгардаг. Дуулах, тоглох, ярилцах хэрэгцээ ч бий.
-Төлбөр, хөтөлбөрийн тухайд?
-Хоногийн төлбөр 75 мянган төгрөг. Өдөр, оройн хоолтой. Настангууд маань өглөө 10-11 цагийн үед ирнэ. Орой түгжрэл багасахаар буюу 20:00 цагийн үед хүүхдүүд нь ирж авдаг. Зарим тохиолдолд бид хүргэж өгнө. Манай төвд ирсэн настай хүмүүс хоорондоо тоглоно, хөгжилдөнө. Мөн агаар, салхинд гардаг. Караокены төхөөрөмж дээрээ дуу дуулна. Мөн бясалгал, лекцийн цаг ч бий. Хоорондоо ярилцана. Дурсамжаа хуваалцана. Өндөр настангууд үүндээ их дуртай.
-Хоногийн 75 мянган төгрөг дундаж орлоготой хүмүүст шаггүй өндөр өртөг. Хэрэгцээ бий ч өртөг өндөр болохоор хүмүүс тэр бүр хамрагдаж чаддаггүй байх?
-75 мянган төгрөг бага мөнгө биш. Гэхдээ ажилчдын цалин, хоолны зардал, унаа тэргийг нь зохицуулдаг болохоор үнээ үүнээс буулгахад боломжгүй юм билээ. Уг нь улс энэ төрлийн үйлчилгээг анхаарч, дэмжвэл их сайн. Манайд халамжийн үйлчилгээ хавтгайрсан. Үүний оронд хөгшчүүдийн цэцэрлэг бий болговол хүмүүст маш их хүртээмжтэй. Настай хүмүүс гэрийн амьтан шиг болчихсон байхыг хараад хувьдаа их харамсдаг. Шведэд жишээ нь, ахмад настны улсын цэцэрлэг гэж байдаг.
-Асрамжийн төв гэдэг монгол хүмүүсийн хувьд хүнд сэдэв. Харин ахмадын өдөр өнжүүлэх, цэцэрлэг гэхээр арай өөрөөр хүлээж авдаг байх?
-Ахмадын асрах төв гэдэг нэршил хүмүүст хүнд тусдаг нь үнэн. Харин настай хүмүүсийн цэцэрлэг гэхээр өөрөөр ойлгодог. Асрамжийн төв гэхээр хүүхэд нь асрах дургүйдээ тийм газар хүргэж өглөө гэж ойлгох нь элбэг. Мөн үр хүүхдэдээ тээр болохгүй байх хэрэгтэй гэх сэтгэлгээнд монгол аав, ээж, эмээ, өвөө нар бэлтгэгдээгүй байна. Тиймээс ахмадын өдөр өнжүүлэх, ахмадын цэцэрлэг гэх нэршлийг сонгосон.
-Ахмадыг асрах үйлчилгээ дэлхийн ихэнх оронд өөр, өөрийн арга барилаар хөгжиж байх шиг санагддаг?
-Тийм шүү. Дэлхийн ихэнх оронд ахмадыг асрах үйлчилгээг хүмүүс эергээр хүлээж авдаг. Харин манайд асрамжийн төвийг хаягдсан, орхигдсон хүмүүсийн газар шиг хүлээж авдаг. Ээж, аавыгаа асрамжид өгөхийг элбэрэлгүй мэтээр ойлгодог. Энэ сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй. Тухайлбал, японд настай хүмүүсийг автобус ирж авдаг. Автобус дээрээ “Ахмадын өдөр өнжүүлэх” гэсэн наалттай. Ахмадууд гангалаад автобусаа хүлээгээд зогсож байдаг. Мөн зэрэглэлтэй. Мөнгө төгрөгөө сайн хураасан нь 80-аас дээш насаа таван одтой зочид буудал шиг тансаг зэрэглэлтэй газар үлдсэн насаа өнгөрөөж болно. Харин дундаж орлоготой хүн дундаж, тухтай орчинтой асаргаанд очно. Мөн солонгост ууланд, сувилал шиг асрах төв байдаг. Хүүхдүүд нь ойр, ойрхон эргэж тойрно. Аав, ээждээ орхигдсон мэт мэдрэмж төрүүлэхгүй.
-Хөгшрөх, хэн нэгний асаргаанд орно гэдэгтээ өөрсдөө бэлтгээд, мөнгө төгрөгөө хураадаг байх нь ?
-Хүн өтлөх нь, хүний асаргаанд очих нь тодорхой. Монгол хүмүүс аль ч нийгмийн үед дээрх асуудлыг хүнд даатгаж ирсэн. Харин дэлхийн бусад оронд өөрийнхөө өтөл насанд зориулж мөнгөө хуримтлуулдаг. Аяллын даатгал, амь даатгал, оршуулгын даатгалыг төлдөг бөгөөд асрамж, асаргаандаа зориулж тодорхой мөнгийн хуримтлуулдаг. Ингэснээр өөртөө болоод үр хүүхдэдээ дараа болохгүйгээр өтөл насаа тухтай өнгөрөөх боломж бүрдэнэ.
-Ахмадын цэцэрлэг ажиллуулахаас гадна хавдрын эмчилгээ хийлгэж байгаа орон нутгийн иргэдэд хоногийн байр түрээсийн үйлчилгээ үзүүлдэг гэсэн байх аа. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу?
-Хөдөө орон нутгаас ирсэн хавдрын эмчилгээний хариу хүлээж байгаа, бай, туяа эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийг манайх хүлээж авдаг. Холоос ирээд энд олон хоногийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст орон, байрны асуудал тулгамддаг. Тэр асуудлыг шийдэхийн тулд бид өвчтөн, сахиурын хамт байрлах хөтөлбөр мөн хэрэгжүүлж байгаа.
-Хэрэгцээ их байдаг байх?
-Хэрэгцээ маш их байдаг. Хүнд өвчтэй хүн орон нутгаас ирж эмчилгээ хийлгэхэд багагүй хугацаа шаардана. Тэр хугацаанд ах, дүүгийндээ байх боломж харилцан адилгүй. Буудалд байрлахаар өртөг өндөр. Мөн хоол ундаа бэлтгэх боломжгүй. Тиймээс бид ХӨСҮТ-ийн тасгуудад мэдээллээ хүргүүлдэг. Тэндээс эмчлүүлэгч нар манай төвийн талаар мэдээлэл аваад, ханддаг. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг төв манайхаас гадна нэг бий. Үйлчлүүлэгчдэдээ бид унаагаар үйлчилдэг. Өндөр настнуудаа түгжрэлийн бус цагаар гэрээс нь авч, гэрт нь хүргэх тохиолдол бий.
-Ярилцсанд баярлалаа.