Арван жилийн өмнө охидыг үргүй болгодог вакциныг хүчээр хийлээ гэсэн эсэргүүцэл шүүмжлэл олон нийтэд түгж, хүний папиллома вирусын эсрэг вакцинжуулалтыг зогсоож байлаа. Тодруулбал, 2012 онд Монгол Улс заавал хамруулах дархлаажуулалтад умайн хүзүүний хорт хавдрын гол шалтгаан папиллома вирусийн эсрэг вакциныг нэмж оруулж байв. Тухайн үед 12-15 насны 10 мянга гаруй охинд вирусийн эсрэг вакцин хийж эхэлсэн ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгаран дархлаажуулалтыг зогсоосон юм. Харин энэ эсэргүүцэл нь шинжлэх ухааны үндэслэлгүй бөгөөд вакцинд хамрагдсан охидод ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй төдийгүй савны хорт хавдраас хамгаалсан судалгааг мэргэжлийнхэн 10 жилийн дараа гаргаж тавьсан. Өөрөөр хэлбэл, тухайн үед олон нийт муйхраар зүтгэсэн нь 10 жилийн хугацаанд олон мянган охиныг ирээдүйн эрсдэлээс хамгаалах боломжийг алдахад хүргэжээ.
Тиймээс УИХ өнгөрсөн онд хуульд өөрчлөлт оруулан заавал хамруулах дархлаажуулалтад папиллома вирусийн эсрэг викцаныг нэмж хамруулсан юм. Инэгэснээр савны хавдрын үндсэн шалтгаан папиллома буюу хөхөнцөр вирусыг дарангуйлах, ирээдүйд бүрэн устгах боломжийг бүрдүүлэв.
Одоогоор папиллома вирусийн эсрэг вакциныг 11 настай хүүхдүүдэд хийх шийдвэр гарч, бэлтгэл ажил хангаж байна. Вакцинжуулалтыг ирэх сарын сүүлчээр хийж эхэлнэ.
Эрүүл мэндийн яамны Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд:
-Вакцины татан авалтыг хийсэн. АНУ-д үйлдвэрлэсэн вакцин байгаа. Энэ нь ДЭМБ-д бүртгэгдсэн, эмийн зохистой дадлын шаардлага хангасан үйлдвэрт үйлдвэрлэгдсэн, баталгаатай вакцин байгаа. Одоо 11 настай хүүхдүүдэд хийхээр бэлтгэл ажил хангаж байна.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма
-Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу папиллома вирусийн эсрэг вакциныг хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийнэ. Дархлаажуулалтыг өрхийн эрүүл мэндийн төвийн нэгж дээр тулгуурлаж хийнэ. 614 дархлаажуулалтын нэгж бий.
Яагаад вакцин хийлгэх шаардлагатай вэ?
Умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгаа хавдрын гуравт жагсаж байна. Жилдээ 300 гаруй шинэ тохиолдол, шалтгаант нас баралт 160 гаруй бүртгэгдэж байгааг мэргэжлийнхэн хэлдэг.
Өөрөөр хэлбэл, манай улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, эндэгдэл өндөр байгаа. Зүүн өмнөд Азийн орнуудад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн түвшин дунджаар 100 мянган хүн амд 10.8, нас баралтын түвшин 4.9 тохиолдол байгаа бол манай улсад 100 мянган хүн амд 19.7, нас баралт 11.6 тохиолдол байгаа өвчний дарамт хамгийн өндөр үзүүлэлт байна.
2016-2020 оны үзүүлэлтээр Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хавдрын хоёрдугаарт, нийт хорт хавдрын шинэ өвчлөлийн дөрөвдүгээрт, хавдрын шалтгаант нас баралтын тавдугаарт эрэмбэлэгдэж байгаа юм.
Тиймээс ирээдүйд гарч болох өвчлөл эндэгдлийг бууруулахын тулд энэхүү вакцинжуулалтыг хийх нэн шаардлага буй.
"Вакцин хийлгэсэн охидод ХПВ байгаагүй"
Ланцет олон улсын сэтгүүлд нийтлэгдсэн тойм өгүүллэгт хүний папиллома вирусийн вакцинтай холбоотой нийт 1702 судалгааны өгүүллэгт дүн шинжилгээ хийжээ. Судалгааны үр дүнд 13-19 насны охидод ХПВ 16, 18 дугаар хэв шинжийн халдварын тархалт вакцин хийснээс хойш 5-8 жилийн дараа 83 хувь, 20-24 насны эмэгтэйчүүдэд 66 хувь, ХПВ 31, 33, 45 дугаар хэв шинжийн халдварын тархалт 13-19 насанд 54 хувиар тус тус буурсан байна. Мөн бэлгийн үү 15-19 насны хөвгүүдэд 48 хувь, 20-24 насны залууст 32 хувиар тус тус буурсан үр дүнтэй байжээ.
Тэгвэл 2012 онд Монголд хийсэн вакцины үр дүнг харъя. ХСҮТ, Эрүүл мэндийн яам, "Хавдрын үндэсний зөвлөл" төрийн бус байгууллагаас 2012 онд вакцин хийлгэсэн охидыг дагаж судалсан байна. Судалгааны дүнг вакцинд хамруулаагүй ижил насны эмэгтэйчүүдтэй харьцуулахад төрөлт, жирэмслэлтэд ямар нэгэн ялгаа гараагүй аж. Харин ч вакцин хийлгэсэн охидод папиллома вирусийн хавдар үүсгэдэг хэв шинж (папиллома вирусийн 100 гаруй хэв шинж байдгаас 20 орчим нь хавдар үүсгэдэг) алга байжээ.
“Хавдрын үндэсний зөвлөл” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, Анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхан:
-Судалгаагаар вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдийг ижил насных нь эмэгтэйчүүдтэй харьцуулж үзэхэд жирэмслэлт, төрөлтөд ямар нэгэн ялгаа байгаагүй. Харин хүний папиллома вирусийн хавдар үүсгэдэг хэв шинжийн тархалт вакцинд хамрагдсан хүн амын дунд 10 дахин буурсан үзүүлэлттэй гарсан. Таван жилийн дараах үр дүнг харахад вирусийн хавдар үүсгэдэг хэв шинжүүд вакцин хийлгэсэн охидод байхгүй болсон бол харин вакцинд хамрагдаагүй эмэгтэйчүүдэд 10 дахин өндөр байсан. Тодруулбал, 18-23 насны эмэгтэйчүүдийн дунд хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй вирусийн хэв шинжийн тархалт 39.5 хувь буюу маш өндөр байсан. Дэлхийн дундаж үзүүлэлтээр хүн амын дунд тархалт 11 хувьтай байдаг. Өөрөөр хэлбэл, манай улсад энэ вирусийн тархалт маш өндөр байгаа нь олон жилийн дараа умайн хүзүүний хавдраар өвдөх эрсдэл өндөр байгааг харуулж байна.
Папиллома вирус гэж юу вэ?
Хүний хөхөнцөр буюу папиллома нь дэлхий дээр хамгийн өргөн тархсан вирусийн нэг. Одоогоор 100 гаруй төрөл зүйл шинжлэх ухаанд мэдэгдэж байгаагаас 40 орчим төрөл нь бэлгийн замаар халддаг байна. Эдгээр 100 орчим төрлийг эмнэлгийн хэллэгээр хэв шинж гэдэг. 6 болон 11 дүгээр хэв шинжээр нь бэлгийн үү үүсгэгддэг бол 16, 18, 31, 33, 52, 58 дугаар хэв шинжүүдээр умайн хүзүүний хорт хавдар үүсгэгддэг байна.