Европын төвийн бүсэд Борис шуурга шуурч их хэмжээний үерийн аюул нүүрлэсэн. Үер Австри, Чех улсуудаар эхэлж Польш, Румын, Словак улсуудад хүрч улмаар Герман, Унгар, Итали улсууд ч мөн үерт өртсөн. Төв Европын орнуудад үерийн улмаас 24 хүн нас баржээ
Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен өчигдөр Польшийн Вроцлав хотод үерт өртсөн улс орнуудын удирдагчидтай уулзлаа. Уулзалтын дараа хийсэн хэвлэлийн хурал дээр фон дер Лейен үерт өртсөн Европын холбооны улс орнуудад тусллах 10 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр болсныг мэдэгдлээ.
Европын комиссын Ерөнхийлөгчийн хэлснээр үерийн улмаас учирсан гарз хохирлыг харах сэтгэл өвтгөм хүнд байгаа бөгөөд онцгой цаг үед эв нэгдэлтэй байж халуун дулаан сэтгэлээр туслах ёстой гэжээ. Тиймээс Европын холбооны эв нэгдлийн хоёр ч сангаас тус 10 тэрбум еврогийн тусламжийг олгохоор болсон байна. Энэ мөнгийг үерт өртсөн улс орнуудад байгалийн гамшгийн дараах сэргээн босголтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Европын холбооны удирдагчдын уулзсан Польшийн Вроцлав хот мөн үерт өртсөн газруудын нэг бөгөөд өмнө нь 1997 онд үерт мөн өртөж байжээ. Энд фон дер Лейенээс гадна Польшийн Ерөнхий сайд Дональд Таск, Чехийн Ерөнхий сайд Петр Файла, Словакын Засгийн газрын тэргүүн Роберт Фико, Австрийн канцлер Карл Нехаммер нар уулзалтын ширээний ард суужээ. Польш улсад хагас жилийн хугацаанд ордог хуртанадас ердөө гуравхан хоногийн дотор орсон. Ерөнхий сайд Дональд Таск байгалийн гамшгийн улмаас онц байдал зарласан.
Үерийн улмаас АВстри улсад таван хүн, Польш улсад арав, Румынд долоо, Чехэд таван хүн тус тус амиа алдсан байна.
Австри улсад Дунай, Камп, Трайсен гэсэн гурван том гол мөрөн үерлэж савнаасаа хальсан. Нийслэл Вена хотын барилга байшингууд усанд автсанаас болж олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Тус улсын Альпийн нуруу орчмын бүсэд бороо нь цас болон хувирч, хэвийн үеийнхээс хамаагүй эрт өвлийн уур амьсгал орсон байна.
Чех улсад есдүгээр сарын дунд үеийн байдлаар 200 гаруй гол мөрөн савнаасаа хальсан. Есеник, Опава хотууд хамгийн гарз хохирол амсаад байна. Мөн олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлж, 250 мянган иргэн гэрэл цахилгааны эх үүсвэрээс салжээ.