Өнгөрсөн хугацаанд УИХ 315 хуулиар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дэд акт батлах эрхийг гүйцэтгэх эрх мэдэлд өгчээ. Үр дагаварт нь байгууллагуудын тогтоосон акт журмын тоо 2010 оныхоос 3.5 дахин нэмэгдэж, 2400 дөхөөд байна. Эцэст нь, журмууд хуулиас давсан агуулгатай болж, авлига, ашиг сонирхлын зөрчил, албан тушаалтны дур зоргоороо авирлах нөхцөлийг бий болов. Тиймээс эхний ээлжид 35 хуулиар олгосон 80 орчим дүрэм журам батлах эрхийг цуцлахаар зэхэж байна.
Журмын улс тогтсон нь
Монгол Улс аль хэдийнээ “журмын улс” болсон. Нийгмийн харилцааг ерөнхийд нь хуулиар зохицуулдаг нэртэй ч амьдрал дээр хэрэгжүүлэх ихэнх процесс нь журамд хамааралтай байна. Хуулийг дагалдан гаргасан, эрх олгосноос гадна дарга нарын гаргасан журам олон арваараа ярайна. Нэг мөр хуулиар зохицуулах боломжтой асуудлыг олон журмаар дамжуулах болсны цаана авлига, албан тушаал, ашиг сонирхлын асуудал үүсэх эрсдэл нуугдаж байна. Үнэндээ хуулиас илүү, албан байгууллагын удирдлагуудын тогтоосон журмаар ихэнх харилцааг зохицуулж байгаа. Үндсэн хуулийн 20-р зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж заасан. Энэ эрхийг хууль тогтоогчид эдэлж байгаа ч баталсан хууль бүрдээ эрх шилжүүлсэн, байгууллагын дарга нарыг журам батлах агуулга бүхий зохицуулалт оруулсаар нэгэнт ийм байдалд хүргэжээ. Ингэснээр бүхий л “том хөзөр” журам батлагчдын гарт очсон байна.
Хууль давсан журмын хаанчлал
Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болж, 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлан мөрдүүлснээс хойш өнөөг хүртэлх хугацаанд УИХ-аас нийт 885 хууль баталжээ. Өнгөрсөн онд ХЗДХЯ нийтээр дагаж мөрдүүлэх хэм хэмжээ тогтоосон захиргааны актад хяналт шинжилгээ хийхэд нийт баталсан хуулиас 437 хууль хүчин төгөлдөр үйлчилж байжээ. Үүнээс 315 хуулийн 2403 заалтаар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон хуульчилсан дэд акт батлах эрхийг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллага, нийтийн эрх зүйн бусад этгээдэд олгосон байна. Харин захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 1553 эрх олгосон заалтыг үндэслэн баталсан 2357 шийдвэр бүртгэлтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2357 журам акт гаргаж хуулийн үйлчлэлийг эдгээр журмаар зохицуулж байна гэсэн үг. Ямар ч хуулийг батлахад тодорхой хэмжээний стандарт, техникийн зохицуулалт, зохион байгуулалтын шинжтэй дүрэм, журам, маягт, загвар, хувь хэмжээ тогтоох нарийн асуудлыг бүрэн агуулгаар хуульд багтаах аргагүй. Магадгүй эл хуулийн үйлчлэх хүрээн дэх нийгмийн харилцааны хөгжил, өөрчлөлтөөс хамааран тогтвортой үйлчлэх боломжгүй байдлыг харгалзаж, олон зүйл заалтыг журмаар зохицуулан хэрэгжүүлэх болсон нь журам батлагчдыг тэр хэрээр томруулж буй. Үүнийг ойлгож болно. Гэхдээ журмын тоо таазанд тулж Монгол “журмын улс” болчхоод байна. Манай улсын хувьд захиргааны хэм хэмжээний актын судалгааны тайлангаас үзэхэд, хуулиар эрх шилжүүлэх байдал хэт өргөжсөнөөс сүүлийн жилүүдэд улсын нэгдсэн санд бүртгүүлэх захиргааны хэм хэмжээний актын тоо тогтмол өсөлттэй байгааг мэдээлжээ.
Журам батлагсдын дур зорго
Улсын нэгдсэн санд бүртгэгдсэн захиргааны хэм хэмжээний актын тоо 2010 онд 681 байсан бол 2023 онд 2357 болж, энэ хугацаанд 3.5 дахин нэмэгджээ. Гэхдээ энэ тоонд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын баталсан шийдвэрийн тоо ороогүй. Ийнхүү Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж буй 437 хуулиас гадна хуулиар эрх олгосон 2403 заалтын хүрээнд 2357 хэм хэмжээ тогтоосон захиргааны актаар нийгмийн харилцааг зохицуулж байна.
Үүнээс үзвэл Монгол Улс “журмын улс” болсон нь батлагдана. Энэ нь Үндсэн хуулиар тогтоосон “Хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдах”, эрх зүйн хэм хэмжээ “тогтвортой” байх зарчим алдагдахад хүргэж байна гэж шинжээчид үзжээ. Жишээ нь, УИХ-аас 2017 онд баталсан Төрийн албаны тухай хуулиар 24 эрх олгосон заалт, 2023 онд баталсан Боловсролын ерөнхий хуульд 40 эрх олгосон заалт, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд 25 эрх олгосон заалт, 2019 онд баталсан Татварын ерөнхий хуульд 28 эрх олгосон заалт тусгажээ. Эдгээр эрх олгосон заалтын хүрээнд хууль баталсны дараа төрийн албан хаагчид дүрэм, журам боловсруулах үндсэн ажилтай болж, богино богино хугацаанд үйлдвэрлэж энэ хэрээр байгууллагын гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг нэмэгдүүлсэн байна. Үр дагавар нь хуулиас давсан зохицуулалт, хэм хэмжээ тогтоох, хуулиар хориглоогүй асуудлыг хориглох, авлига ашиг сонирхлын зөрчил, албан тушаалтны дур зорго үүсгэх, хүнд суртал гаргах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн албаны авлига, албан тушаал, хүнд суртал хууль хэрэгжүүлэх нэртэй журмуудаар дамжин гаарч байна.
Ингээд эцэст нь хууль бус журамтай шүүхэддэг байдал бий боллоо. Захиргааны хэм хэмжээний актад холбогдуулан нэхэмжлэл гаргасан маргааныг шийдвэрлэсэн байдлыг харвал анхан шатны шүүхийн 24 шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 15 магадлал, хяналтын шатны шүүхийн 9 тогтоол, давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар шийдвэрлэсэн 30 шийдвэр, хяналтын шатны шүүхийн 26 шийдвэр нийт 104 шүүхийн шийдвэр байна. Энэ хэрээр журмын тоог нэмбэл журам акттай холбоотой шүүхийн маргаанууд ч тасрахгүй нь ойлгомжтой биз ээ.
Журмаар бус хуулиар зохицуулах нь
Үүссэн нөхцөл байдлыг шийдэхээр ХЗДХЯ-ны үнэлгээ хийсэн тайланг өнгөрсөн өвөл Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Ингээд хуулиар тусгайлан эрх олгосон заалтуудад дүн шинжилгээ хийж, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахыг ХЗДХ-ийн сайдад даалгаж байлаа. Үүний хүрээнд эхлээд хууль зүй, дотоод хэргийн салбарт хамаарах хүчин төгөлдөр үйлчилж байгаа 35 хуулиар 160 гаруй дүрэм, журам батлах эрхийг Засгийн газар, сайд, агентлаг, байгууллагын даргад олгосон байгааг үзээд тэдгээрийн 50 орчим хувийг цуцлахаар санал оруулсан байна. Өөрөөр хэлбэл, журмуудыг цуцалж, холбогдох хуулиар зохицуулах бөгөөд энэ нь парламентын түвшинд хүрэв. Ийнхүү авлигажих, хүнд суртал, дур зорго үүсгэх, хүний эрхэд халдах шалтгаан, нөхцөлийг бүрдүүлэхэд хүргэж буй хуулиар журам батлах эрх олгосон зарим зохицуулалтаас татгалзаж, хүчингүй болгох, тэдгээрийг хуульд тусгах ажил ямар ч гэсэн эхлэх нь. Харин цаашид яах вэ гэвэл, хэм хэмжээ тогтоосон акт гаргах эрх хуулиар олгоход баримтлах зарчмыг Хууль тогтоомжийн тухай хуульд оруулахаар ярьж байна. Өөрөөр хэлбэл, одоо журмаар зохицуулж байгаа харилцааг холбогдох хуулиар зохицуулна гэсэн үг. Ингэж хуульд процессын хэм хэмжээг бүрэн тусгаснаар захиргааны байгууллага, албан тушаалтан дур зоргоор хэм хэмжээг тогтоох, иргэдэд хуулиас давсан үүрэг хүлээлгэсэн журам батлах шаардлагагүй болно гэсэн хүлээлт болж буй.