Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2024 оны сонгуулийг аравдугаар сарын 11-ний баасан гарагт товлосон билээ. Сонгуулийн санал хураалт тухайн өдөр Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цагийн хооронд болно. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нийт 15 нам 1 эвсэл оролцохоор бүртгүүлсэн. Эдгээрээс УИХ-д суудалтай таван нам сонгуульд хэрхэн оролцох гэж буйг сонирхуулъя.

Монгол ардын нам 45, Ардчилсан нам 44, ХҮН нам 45, Үндэсний эвсэл 27, Иргэний зориг ногоон нам 45 нэр дэвшигчээ нийслэлийн 12 тойрогт илгээгээд буй. МАН-ыг Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар, Ардчилсан намыг Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт, ХҮН намыг Нийслэлийн ХҮН намын хорооны дарга Э.Золзаяа, Үндэсний эвслийг Нийслэлийн Үндэсний эвслийн тэргүүн М.Төмөр, Иргэний зориг ногоон намыг ИЗНН-ын Нийслэлийн хорооны дарга М.Амартунгалаг нар энэ удаагийн нийслэлийн ИТХ-ын сонгуульд ахлан оролцоно.

Х.Нямбаатар: Хотын хөгжил, бүтээн байгуулалтад түүчээлж ажиллах шилдэг инженер, эдийн засагч, хуульчдыг нэр дэвшүүллээ

Нийслэлийн Монгол ардын намын хорооны дарга Х.Нямбаатар “2024 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийнхээ нэрсийг баталлаа. Бид Монгол Улсад хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн менежментийн багийг ахалж ажилласан зөвлөх инженерүүд, Монгол Улсын барилгын залуу зөвлөх инженерүүд, олон улсад хот төлөвлөгч, олон улсын банк санхүүгийн зах зээл дээр ажиллаж байсан санхүүчид, эдийн засагчид, Монголын хуулийн салбарын шилдэг төлөөллүүдийг Таны сонголтод илгээж байгаа. Түүнчлэн нийслэл, дүүргийн ИТХ-д нэр дэвшиж ялалт байгуулан, нийслэлийнхээ бүтээн байгуулалтад түүчээлж ажилласан ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөллүүдээ орууллаа. Энд нэг зүйлийг дурдахад, бид өнгөрсөн зун болж өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ялалт байгуулж чадаагүй хүмүүсийг дэвшүүлэхгүй гэдэг зарчим барьсан билээ” хэмээсэн.

Т.Батцогт: Манай баг инженерээр удирдуулсан “Ард түмний төлөөлөл”

Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт “Манай Ардчилсан намын нийслэлд нэр дэвшүүлсэн багийг сайн хараарай. Инженерээр удирдуулсан “Ард түмний төлөөлөл” баг байгаа. Би өөрөө инженер хүн. Нийслэлийн ИТХ-д найм дахь жилдээ сууж байгаа. Би асуудалд яг тооцоо судалгаатай ханддаг. Энэ саналаа хэлэхээр эрх баригчид бухимддаг. Манай эрдэмтэн судлаачид мөрийн хөтөлбөр дээр ажилласан. Хамгийн гол нь бид хүүхдүүд гэж үзсэн. Дэлхий нийтээрээ хүүхдэд ээлтэй, хүүхдийн стандартад нийцсэн хотыг бий болгохоор ажиллаж байна” гэсэн юм.

Э.Золзаяа: Хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөлийн гишүүдээ сонгуульд тэргүүлэх үүрэгтэй оролцуулж байна

Нийслэлийн ХҮН намын хорооны дарга Э.Золзаяа “Энэ удаагийн орон нутгийн сонгууль бол ХҮН нам төдийгүй хувь улстөрч миний хувьд удаан хүлээж, бэлтгэсэн чухал эргэлт, өөрчлөлтийн сонгууль. Бид нэр дэвшигчдээ тодруулахдаа ХҮН намын Бодлого, судалгааны хүрээлэнгийн дэргэдэх Хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөлийн гишүүдээ энэ удаагийн сонгуульд тэргүүлэх үүрэгтэй оролцуулж байна. Экспертүүдийн зөвлөлд хотын эдийн засаг, орон сууцны бодлого, тээврийн шийдэл, инженерийн барилга байгууламж, эрчим хүч, байгаль орчны салбарын чиглэлийн мэргэжилтнүүд багтдаг. Мөн хотын орон зайн төлөвлөлт, дизайны чиглэлээр салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн архитекторуудаа нэр дэвшүүлж байна” хэмээсэн.

Үндэсний эвсэл: Анхан, дунд шатанд засаглалыг сайжруулахын төлөө өрсөлдөнө

Үндэсний эвслийн зүгээс “Бид Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь төвлөрсөн Улаанбаатар хотын төвлөрөл, дэд бүтэц, нийтийн тээвэр, орчны бохирдол, боловсролын хүртээмжийн асуудлуудыг цогцоор нь авч үзэн, хотыг судалгаа, төлөвлөгөөнд тулгуурлан хөгжүүлэх болно. Нийслэлийн Үндэсний эвсэл "Иргэн баян бол Хот баян" мөрийн хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд анхан, дунд шатанд засаглалыг сайжруулахын төлөө өрсөлдөн, сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж, иргэдийн дуу хоолой болон ажиллахаа илэрхийлж байна” хэмээн мэдэгдсэн.

Иргэний зориг ногоон нам: Бэлтгэгдсэн боловсон хүчнүүдээ нэр дэвшүүлж байна

Иргэний зориг ногоон намын зүгээс “Иргэний зориг ногоон нам 2024 оны Нийслэлийн ИТХ-ын сонгуульд хуульч, өмгөөлөгч, эдийн засагч, байгаль орчин ногоон хөгжлийн судлаач, шинжээч, нийгмийн ухааны чиглэлийн мэргэшсэн, бэлтгэгдсэн боловсон хүчнүүдээ нэр дэвшүүлж байна” хэмээн мэдэгдсэн юм.