Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсч хөгжсөний 100, олимпын наадамд оролцож эхэлсний 60, паралимпын наадамд оролцож эхэлсний 24 жилийн ойг тохиолдуулан "Парис 2024” зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчид, тэдний дасгалжуулагчдад Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль олголоо. Мөн Ерөнхий сайд Засгийн газрын шагналын батламж гардууллаа. Үүний дараа тамирчид сэтгүүлчдэд сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
"Парис-2024" олимпын наадмаас жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д мөнгөн медаль хүртсэн, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүү сэтгэгдлээ илэрхийлэв. Тэрээр "Маш их баяртай байна. Энэ цолоо хамгаалахын төлөө бэлтгэл сургуулилалтаа сайн хийх болно оо. Ерөнхийлөгч удахгүй баатар болоорой гэсэн. Хэлсэн үг нь удахгүй биелэх байх. Өмнө нь Дэлхийн аваргад түрүүлээд Төрийн дуулал эгшиглүүлж, төрийн далбаагаа мандуулах мэдрэмж үнэхээр сайхан байдаг гэдгийг мэдэрсэн байсан. Би төрийн далбаагаа мандуулж чадсан ч төрийн дууллаа эгшиглүүлж чадсангүй. Бусад тамирчид маань эгшиглүүлээсэй гэж хүссэн. Түүнийг минь ч биелүүлж паралимпын таеквондогоос алтан медаль авсан. Тэр үед үнэхээр гоё огшсон. Дараагийн зорих зүйл 2028 оны олимп. Амжилтаа ахиулж улам бататгах болно" гэв.