Өнгөрсөн мягмар гарагт буюу 2024 оны есдүгээр сарын 10-нд Монголын банкны холбооноос "Банкны салбарын 2024 оны эхний хагас жилийн тойм" судалгааг танилцуулав. Иргэдийн хэрэглээний зээл жил дараалан 20 орчим хувийн өсөлттэй байгаа бөгөөд шинээр иргэдэд олгосон зээлийн хэмжээ 36 хувиар нэмэгдсэнийг онцлов. Мөн эдийн засгийн салбаруудад олгох зээлийн хэмжээ нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн банкны салбарын зээлийн өсөлт хэт халалттай байна гэдгийг хэлсэн.
2020 оноос хойш дөрвөн жилийн дотор ББСБ-ын зээлийн хэмжээ 251.1 хувиар нэмэгджээ
Зөвхөн банкуудын хувьд ч бус банк бус байгууллагын зээлийн хэмжээ ч дэмийртлээ нэмэгдсэнийг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргаж буй Санхүүгийн салбарын хагас жилийн тоймоос харж болно. Энэ салбарт 5.8 их наяд төгрөг эргэлдэж, харилцагч нь 4.9 саяд хүрчээ. 2024 оны хагас жилийн байдлаар салбарын нийт зээлийн хэмжээ 4,590.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 47.7 хувиар буюу 1,483.0 тэрбум төгрөгөөр, 2020 оны хоёрдугаар улирлаас 251.1 хувиар буюу 3.3 их наяд төгрөгөөр өссөн дүнтэй байна. ББСБ-ын нийт олгосон зээлийн 67.9 хувь, төлөгдсөн зээлийн 69.3 хувийг хэрэглээний зориулалттай зээл эзэлж буйг мөн энд өгүүлье.
Апп-ын зээлчин 1675055 монгол
Зөвхөн технологид суурилсан зээл олгодог буюу гар утсаар дамжуулан зээл олгодог долоон ББСБ-уудын хувьд салбарын хэрэглэгчдийн 44.3 хувийг эзэлж байна. ББСБ-ын бараг тал хувь нь гэсэн үг. Өндөр тоо байгаа биз. 2024 оны хоёрдугаар улирлын байдлаар гэхэд зөвхөн технологид суурилсан финтек зээлийн зээлдэгчдийн тоо нь 1675055-д хүрчээ. Улаанбаатар хотод сонгууль өгөх бүх насанд хүрсэн хүний тоог лав хол хаячихлаа.
Нийт зээлийн үлдэгдлийн 6.2 хувийг аппликейшны зээл эзэлж буй ч олгосон зээлийн 23.9 хувийг, төлөгдсөн зээлийн 26.6 хувийг эзэлж байгаа нь эдгээр ББСБ-уудын зээлийн эргэлт сайтай байгааг Санхүүгийн зохицуулах хорооноос тайландаа өгүүлжээ.
Дэмийрсэн олон зээл инфляцыг л улам өдөөх нь
Иргэдийн энэ хэт их зээл биднийг юунд хүргэх, биднийг ямар эрсдэл хүлээж буй талаар эдийн засагчдын байр суурийг сонирхлоо.

Иргэд зээл их авах нь эдийн засагт сөрөг нөлөөтэй гэж огт ойлгож болохгүй. Иргэд ирээдүйдээ итгэлтэй байж, санхүүгийн тооцооллоо хийж зээл авч байгаа байх. Санхүүгийн байдал нь сайжирч, цалингийн орлого нь нэмэгдсэнээр зээл авах тохиолдол нэмэгддэг. Хүмүүс шалгуурыг даваад зээл авч байвал болохгүй зүйл гэж байхгүй. Одоо Монгол банкны зүгээс эрсдэлийн үнэлгээг зөв хийж чадаж байгаа юу гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Гэхдээ хэрэглээний буюу цалин, тэтгэврийн зээлд ямар эрсдэл байдаг вэ гэхээр гэнэтийн ямар нэгэн асуудал буюу ажлаасаа халагдах зэрэг асуудал үүсвэл хэрхэн төлөх вэ гэсэн эрсдэл байдаг. Хэрвээ зээлээ төлж чадахгүй бол чанаргүй зээлийн хэмжээ өгсөнө. Чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэнээр эдийн засагт сөрөг нөлөөтэй.

Иргэдийн хэрэглээний зээл өндөр өсөлттэй байгаа нь бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, импорт нэмэгдэх гол суурь юм. Инфляцын түвшин нэмэгдэхэд нөлөө үзүүлж байна гэсэн үг. Энэ нь эргээд зээлэндээ сөрөг үр дагавартай. Танай гэр бүлийн орлого хоёр сая байлаа гэж бодъё. Нэг саяар сарын хүнс, хувцас, ахуйн хэрэгцээгээ хангаж, нэг саяар зээлээ төлдөг байсан бол инфляц нэмэгдсэнээр сарын зээлийн төлөлтийн мөнгө рүүгээ орж эхэлнэ. Ингээд өр, орлогын харьцаа алдагдсанаар зээлээ төлж чадахгүй эрсдэл хүрэх эрсдэлтэй.

Өнгөрсөн онд цалин тэтгэвэр нэмэгдсэн нь хэрэглээний зээлийн өсөлтөд бага зэрэг нөлөөлсөн. Мөн намрын яг энэ цагт монголчууд оюутны төлбөрөөс эхлээд төлбөрийн олон шаардлага үүсдэг учир зээл ихээр авдаг. Хэрэглээний зээл нэмэгдэх нь эрсдэлтэй юу гэвэл мэдээж эрсдэлтэй. Хамгийн түрүүнд инфляц нэмэгдэнэ, иргэдийн гар дээрх бэлэн мөнгө нэмэгдэнэ.
Зээлүүд улам төгөлдөршсөөр
Банк санхүүгийн байгууллагынхнаас гадна хувиараа хүүтэй мөнгө зээлэгчид ч олширчээ. Борооны дараах мөөг шиг “Хүүтэй мөнгө зээлнэ...” гэх мянга, мянган гишүүнтэй группууд. Хүүхдийн мөнгө барьцаалж зээл олгох 2.1 мянган гишүүнтэй групп хүртэл байна. “Хүүхдийн мөнгө барьцаалж зээл олгоно. Нэг хүүхдэд 2.000.000. Халамж барьцаалж зээл олгоно 500.000-10.000.000 хүртэл (Чат бичээрэй)” гэх мэт. Сүүлдээ бүр залилангийн гол өгөөш ч боллоо.
Монголын тэргүүн тэрбумтнууд хүртэл иргэдийн зээл авах хоббинд тулгуурлаж, энэ салбар руу амтшиж, “М Си Эс” компани “Simple” зээлийн аппликейшнээр, Таван богд компани “Таван богд финанс”-аар, Шунхлай, АПУ, Номингийн эзэд бүгдээрээ энэ салбарт өөрийн гэсэн вант улсыг босгож байна.
Инфляцыг барих гол үүрэгтэй Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир 2024 оны нэгдүгээр сарын 15-нд ярилцлага өгөхдөө хэрэглээний зээлийг хязгаарлах тухай өгүүлж байв. Тэрээр “Хэрэглээний зээлүүдийг хязгаарлачихвал банкууд бизнесийн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа зээлдэгчид рүү чиглэнэ. Энэ нь түрүүнд хэлсэнчлэн ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийн хүртээмж нь ажлын байр, цалин, орлогоор дамжих бололцоо үүснэ” гэж байв. Гэвч өнөөдөр 0 төгрөгийн орлоготой оюутан, халамжаас өөрийг хүртдэггүй, огт ажилгүй иргэн А, хамгийн бага тэтгэвэртэй иргэн Ө нар зээл авч болоод л байна.