Олон нийтийн сүлжээ хүчээ авснаас хойш улс төрчдийн ч, урлаг соёлынхны хувьд ч хувийн цахим хаяг нь санасандаа хүрч, сарвайснаа хүртэх томоохон хүч болж хувирсан. Нийтэлсэн мэдээллээ олон хүнд хүргэж, дагагчаа өсгөх нь нийтийн анхааралд өртөх хүсэлтэй, ашиг сонирхолтой хүмүүсийн хувьд нэн чухалд тооцогдох болов. Тиймээс цахим хуудасных нь дагагчийг өсгөж, мэдээллийг нь түмэнд түгээх үүрэгтэй бүхэл бүтэн баг ажилладаг. Үүнийг буруутгах аргагүй. Хэрэгжүүлж, зорьж буй ажлаа нийтэд таниулж, хүргэх хүсэл улс төрчдөд байхаас аргагүй. Гэхдээ төрийн эрх бүхий албан хаагчид төрийн шийдвэр, мэдээллийг хувийн хаягаараа анхлан дамжуулан хүргэх нь ёс зүйн хувьд ч зохимжгүй үйлдэл юм.

Гэвч шинэ парламент бүрэлдсэнээс хойш сайд, дарга нарын хувийн цахим хуудас яам, тамгын газрын аливаа мэдээллийг олон нийтэд хүргэх суваг болж хувирлаа. Тухайлбал, Боловсролын сайд П.Наранбаяр өнгөрөгч наймдугаар сараас эхлээд хэд, хэдэн удаа яамны албан ёсны шийдвэрийг өөрийн хаягтаа нийтэлсэн. Ажлаа цахим хаягтайгаа “хутгаж” буй ганц түшээ тэр биш. Нэр бүхий шинэхэн гишүүн УИХ-ын чуулганы хуралдааныг шууд лайвдаж, олон нийтэд хүргэсэн нь ч багагүй шүүмжлэл дагуулсан билээ. Ажлын элдэв шийдвэрээ хэвлэлийн албаасаа урьтаж, хувийн хаягтаа нийтэлдэг албан тушаалтнуудын эгнээнд хотын дарга Х.Нямбаатар ч багтана. Тэрээр мөн л цахим хаягаараа дамжуулан түгжрэл, шинэчлэл тэргүүтэй иргэдийн амьдралд нөлөө бүхий чухал шийдвэрүүдийг хувийн хаягаараа мэдээлсээр буй.

Төрийн ажил ном дүрмийн дагуу, төвшин, төгөлдөр хэрэгжих учиртай. Гэвч хийх ажил, хэлэлцэх асуудлаа цахим орчинд зөвшилцөж, зөрчил тэмцэл, зөв буруугаа олны нүдэн дээр илэрхийлэх улстөрч сүүлийн үед ийн олширлоо. Тэдний олонх нь эл үйлдлээ “Төрийн байгууллагын ажил иргэдэд нээлттэй, ил тод, шударга явагдах учиртай. Үүнд цахим орчин эерэг нөлөө үзүүлж байна” гэх зэргээр хоохойлдог. Гэвч энэ байдал даамжирсаар сайд, дарга нар бие биедээ шаардлага, санал хүргүүлэхдээ “Ажлаа хий, хамтарч ажиллая” зэргээр цахим хуудсандаа жиргэж, додомддог ч болсон.

Цахим сүлжээгээр ажлаа дамжуулдаг болсноос гадна, албажаагүй шийдвэр, төгөлдөржөөгүй ажлаа өөрийн хаягтаа урьтаж, уралдаж нийтлэх байдал ч элбэг. Харамсалтай нь, манай улсад төрийн ажлыг албажаагүй байхад урьтаж мэдээлсэн, олон нийтийг төөрөгдөлд оруулсан алба хаагчид хариуцлага тооцох механизм байдаггүй. Бүр ямар алба хаагч, юун тухай мэдээллийг урьтаж түгээж, худал эсвэл үнэн мэдээлсэн гэдгийг тооцож, тогтоох боломж ч хязгаарлагдмал байгаа юм. Уг нь иргэний болон улс төрийн олон улсын фактаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалдаг бөгөөд тус фактын 19 дүгээр зүйлд үг хэлэх эрх чөлөөний талаар заасан байдаг. Улмаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг эдэлж байгаа бол буцаад онцгой хариуцлагыг хүлээнэ гэдгийг ч тусгасан байна. Гэвч хэрэгжилт хангалтгүй байна. Харин гаднын улсад төрийн байгууллагын ажилчдын цахим орчны хэрэглээг ажлын цагаар хязгаарладаг, төрийн болон албан байгууллагын мэдээллийг хувийн хаягтаа байршуулахыг хориглох зэрэг зохицуулалт хийдэг аж.