
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар хамтарсан мэдэгдэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: -ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал хоёр орны найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулан, ялангуяа түлш эрчим хүч, зам, тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой айлчлал болж байна.
Эгийн голын УЦС-ыг барих ажил урагшлахаар болж байгаад баяртай байна.
Манай улсын оюутан залуусыг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр суралцах боломжийг нэмэгдүүлэх санал санаачилга гаргаж байгаад талархаж байна.
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд хөрш ОХУ-тай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хүсэлтэй байна.
Бид дэлхийн үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үүрэг, зохицуулалтыг улам бэхжүүлэхийг тууштай дэмжиж байна. Тиймэс манай улс олон улсын аливаа хүндрэл бэрхшээл, үл ойлголцлыг харилцан ойлголцол, харилцан хүндлэл, итгэлцэл, яриа хэлэлцээрийн замаар даван туулж олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээд шийдвэрлэх нь зүйтэй гэж үздэг юм. Иймд манай мөнхийн хөрш ОХУ нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрлөхтний сайн сайхны төлөөх их үйлсэд манлайлал үзүүлэн дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин: -Оны эхний долоон сарын байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 21 хувиар нэмэгдэж 1.5 тэрбум ам.долларт хүрсэн.
Өнгөрсөн онд Монгол Улсын гадаадаас авсан шатахуун, тос, тослох материалын 90 гаруй хувийг ОХУ нийлүүлсэн. Цаашид тасралтгүй нийлүүлэх, хөнгөлөлт үзүүлэх хүсэлтийг үргэлж ханган ажиллаж байна. Байгалийн хийн салбарт хамтран ажиллах нь ирээдүйтэй гэж үзэж байгаа. ОХУ, БНХАУ-ыг холбох хийн хоолойн ажил үргэлжилж байна. ОХУ-ын хийг Монголын нутгаар дамжуулан өнгөрүүлэх бус Монголын хэрэглэгчдийг хийгээр хангах асуудал ч яригдаж байна.
Хоёр тал дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.