Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн манай улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Түүний айлчлал энэ сарын 6-8-нд үргэлжлэх юм байна.
Энэ болох дээд хэмжээний айлчлалуудтай холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож буй авто машинуудыг улсын дугаарынх нь тэгш, сондгойгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах эсэхээр санал асуулга явуулж эхлээд байгаа юм. Монгол Улсын сайд, "20 минутын хот" үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн "Есдүгээр сард зам завсарын ажил үргэлжилж олон газар зам хаана. Мөн дээд хэмжээний айлчлалууд их байна. Тиймээс иргэдийнхээ дунд санал асуулга явуулж дугаарын хязгаарлалт хийх эсэхээр шийдвэр гаргахаар боллоо" гэсэн юм. Р.Эрдэнэбүрэн сайдын хэлсэн дээд хэмжээний олон айлчлалын нэг нь БНХАУ-ын дэд дарга Хань Жөний айлчлал ажээ.