“Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” уран бичлэг, үзэсгэлэнгийн шалгаруулалт есдүгээр сарын 4-нд Дуутын хадны дурсгалт газар болно. Уралдаанд оролцогчдын мэдүүлгийг есдүгээр сарын 1-нийг дуустал Чингис хаан Үндэсний музейн Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн 209 тоотод хүлээн авч байна.
Засгийн газраас 2024 оныг Үндэсний бичиг соёлын жил болгон зарлаж, Чингис хааны угсааны Цогт хун тайжийн дурсгалт газар болох Дуутын хадны бичээсний 400 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоол гаргасан. Үүнтэй холбоотойгоор ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Халхын Цогт Хунтайжийн хадны бичээс”-т Дуутын хадны дурсгалт газар монгол бичгийн уран бичлэгийн улсын уралдаан, үзэсгэлэнгийн уралдааны үйл ажиллагааг ийнхүү зохион байгуулж байна.
Уг арга хэмжээ нь олон нийтэд үндэсний бичиг соёлын өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Цаашид энэхүү арга хэмжээг тогтвортой эвент болгон зохион байгуулж, тус бүс нутагт шилдэг бүтээлд тулгуурласан Монгол уран бичгийн музей байгуулахаар төлөвлөжээ.
