
Монгол хүүхдийн эрүүл мэнд ер нь ямар түвшинд байна вэ. Тэд ямар өвчнөөр хамгийн их өвдөж, юунаас шалтгаалж, жилд хэдэн бяцхан зүрх зогсож байна вэ. Бас жил бүр шинээр мэндлэх бяцхануудын тоо нэмэгдсэн үү, цөөрсөн үү гэдэгт хариулт эрье.
Эрүүл мэндийн салбарын албан ёсны статистик мэдээллийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс жил бүр нэгтгэн гаргадаг. Энэхүү тайлангийн хүүхдийн өвчлөлийн сүүлийн гурван жилийн статистикийг түүж харвал, амьсгалын тогтолцооны өвчин жил алгасалгүй, хот, хөдөөд тэргүүлж байна. Хүснэгтээр харуулвал,

Дээрх хүснэгтээс харвал 2021 онд амьсгалын замын өвчлөл ийнхүү бага байсан нь цар тахалтай холбоотой. Учир нь, ихэнх сургууль, цэцэрлэг хаалттай, хүүхдүүдийн олонх нь гэрээсээ гарахгүй, бохир агаараар амьсгалахгүй байсан учир бага өвджээ. Харин цар тахалгүй жилүүд болох 2022, 2023 онд хэрхэн нэмэгдсэнийг сүүлийн хоёр жилийн статистикаас харж болно.
2021 онд хүүхдийн өвчлөлийг дүгнэхдээ амьсгал, хоол боловсруулах тогтолцооны өвчлөл ба халдварт өвчин (Ковид19) тэргүүлэх шалтгаан болж буйг өгүүлээд, 1-4 насны 10 мянган хүүхдэд ногдох өвчлөлд гүйлсэн булчирхайн үрэвсэл, 5-9, 15-19 насны хүүхдийн өвчлөлд шүдний цооролт, шүд ба дайврын эмгэг тэргүүлэх шалтгаан болж буй хэмээжээ.
2021 онд 1-4 насны хүүхдийн өвчлөлд гүйлсэн булчирхайн үрэвсэл л зонхилж байсан бол хүүхдийн амьсгалын замын өвчлөл огцом нэмэгдсэн 2022-2023 онд цочмог бронхит болж өнгөө хувиргасан байна.
Агаарын бохирдлын улмаас хүүхдүүд бронхит, астма зэрэг хүнд өвчтэй болж, хичээл сургуульдаа явж чадахгүйд хүрч, улмаар сурч, хөгжих бусад боломжийг алдахад хүрч байгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн “Хүрээлэн буй орчин, агаарын бохирдол” нийтлэлд онцолсныг энд дурдъя.
Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлснөөс үүдэн өрхийн эдийн засагт маш их дарамт ирдэг. Ханиад гэр бүлийн санхүүд хэрхэн нөлөөлж байгааг 2017 онд судалсан бөгөөд агаарын бохирдлоос шалтгаалсан өвчний улмаас 0-18 насны хүүхдийг эмчлэхэд 2016 онд 10.4 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2025 онд 24.8 тэрбум төгрөг зарцуулах тооцоолол гаргажээ.
НҮБ-ын хүүхдийн сан
Монголын ирээдүйд заналхийлж буй том аюул бол агаарын бохирдол. Улсын хүн амын 60 гаруй хувь нь оршин суудаг нийслэлээр хязгаарлагдахгүй, бусад хот, аймгийн төвүүдэд PM2.5, PM10 тоосонцрын агууламж ДЭМБ-ын зөвлөснөөс 10, заримдаа хэдэн арав дахин их байсаар олон жил өнгөрч байгаа хэдий ч бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн яаж нөлөөлж байгаа талаарх дүр зураг саяхнаас л тодорхой харагдах болов. Өдгөө Монгол Улсад жилд 300 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас нас бардгийн 240 нь ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХЭД бөгөөд хүүхдийн өвчлөлд амьсгалын тогтолцооны өвчин үнэмлэхүй жин дарж байна. Агаарын бохирдлоос хамгийн их хохирч байгаа нь хүүхдүүд гэдгийг энэ тоо тод томруун харуулна.
2022 болоод 2023 оны хүүхдийн өвчлөлийн дүгнэлт яг ижил. Дурдсанаар, өсвөр насны хүүхдийн өвчлөлд амьсгал, хоол боловсруулах тогтолцооны өвчлөл тэргүүлэх шалтгаан болж буй бөгөөд 1-4 насны 10 мянган хүүхдэд ногдох өвчлөлд цочмог бронхит, 5-9, 15-19 насны хүүхдийн өвчлөлд шүд цоорох, шүд ба дайврын эмгэг тэргүүлэх шалтгаан болж байна.
Цар тахалтай 2021 онд ч, дараагийн хоёр жилд 5-19 насныханд шүдний өвчлөл хамгийн их байснаас харвал, ханиаднаас салсан багачуудын дунд шүдний өвчлөл хамгийн нийтлэг өвчин болжээ.
Монгол Улсад мэндлэх үрсийн тоо улам л цөөрсөөр байна. Ердөө гурван жилийн дотор шинээр төрөх хүүхдийн тоо 7251-ээр багасчээ. 1000 хүн ам ногдох төрөлтийн түвшин 21.8-19.0 хувь болтлоо буурсан байна. 2021 онд улсын хэмжээнд 71166 эх амаржиж, 2020 онтой харьцуулахад төрөлт 4528 тохиолдлоор буюу 6.3 хувиар, 2022 онд 65098 эх амаржиж 2021 онтой харьцуулахад 6068 тохиолдлоор буюу 8.5 хувиар, 2023 онд 63915 эх амаржсан нь өмнөх онтой харьцуулахад 1183 тохиолдлоор буюу 2.0 хувиар тус, тус буурчээ. Мөн 1000 хүн амд ногдох төрөлтийн түвшин 2021 онд улсын дүнгээр 21.8, 2022 онд 19.6, 2023 онд улсын дүнгээр 19.0 болж буурлаа. Энэ зүй тогтлоор ирэх онд ч гэсэн төрөлт буурсан дүнтэй л гарах бололтой.
Өнөөх агаарын бохирдол ч мэндлэх үрсийн тоо буурч буйд тодорхой нөлөө үзүүлж буй. НҮБ-ын Хүүхдийн сангаас хийсэн “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” хэмээх 2018-2023 онд хийсэн судалгаанд энэ талаар өгүүлжээ. Жирэмсэн эмэгтэйчүүд агаарын бохирдолд өртсөнөөр эхийн хэвлийд бойжиж байгаа хүүхдийн уушги, амьсгалын замд нөлөөлж, хугацаанаас өмнө төрөх эсхүл мэс ажилбар хийлгэж, үр хөндөхөд хүрдэг байна. Ургийн эндэгдэл өвлийн улиралд зунаас 3.5 дахин их тохиолдож, 11, 12, 1 дүгээр сард жирэмсэлсэн эмэгтэйчүүд 5, 6, 7, 8 дугаар сард дутуу төрөх магадлал өндөр байгаа нь ажиглагджээ.

Тав хүртэлх насандаа 2021 онд-993 хүүхэд /88.8 хувь нь өвчнөөр, 11.2 хувь нь осол, гэмтлийн улмаас/
2022 онд-1019 хүүхэд /87.6 хувь нь өвчнөөр, 12.4 хувь нь осол, гэмтлийн улмаас/
2023 онд-961 хүүхэд /86.5 хувь нь өвчнөөр, 13.2 хувь нь осол, гэмтлийн улмаас/ энджээ.
Нялхас болон тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгаанд перинаталь үед үүссэн зарим эмгэг маш өндөр хувьтай байна. Перинаталь үе гэж жирэмсний тээлтийн бүтэн 22 долоо хоногоос эхлэн төрсний дараах долоо хоног хүртэлх хугацааг хэлдэг аж.
2021 онд хотод 53.8, хөдөөд 50.3 хувь
2022 онд хотод 46.0, хөдөөд 40.8 хувь
2023 онд хотод 46.2, хөдөөд 43.4 хувь байв.
Нялхсын эндэгдлийн хоёр болон гурав дахь шалтгаан нь төрөлхийн гажиг, гаж хөгжил ба хромосомын эмгэг, амьсгалын тогтолцооны өвчин байна. Агаарын бохирдол нь Монгол Улсад хавсарсан байдлаар нас баралт, хөгжлийн бэрхшээлд хүргэх эрсдэлийн 10 гол хүчин зүйлийн нэг болоод байгааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улс дахь агаарын бохирдол ба хэтийн боломжууд” төсвийн зарлагын шинжилгээний тайланд өгүүлсэн.
Агаарын бохирдол Улаанбаатар хотын л толгойн өвчин байсан бол орон нутагт ч гэсэн асуудал үүсгээд эхэлснийг ХЭҮК-оос эрхлэн гаргадаг 23 дахь тайлангаас илүү дэлгэрэнгүй харах боломжтой.
Агаарын бохирдлоос болж алдагдсан өртөг боломж, мөнгөн дүнг л аль, аль түвшинд илүүтэй ярьж байна. Одоо тэгвэл агаарын бохирдлоос болж, тэнгэрт одсон үрсдээ арай илүү санаа зовж, ядах нь ээ арай бага хордуулахсан. Хүүхдүүддээ цэвэр АГААР л амьсгалуулчихвал нэг жилд 240 бяцхан амь зогсохгүй нь шүү дээ, уг нь.
Хүүхдүүдийн эрүүл мэндийн хувьд хамгийн их санаа зовоож буй зүйлс болоод хүүхдийн өвчлөлийн оношилгоо, эмчилгээнд гарч буй дэвшлийн талаар хүүхдийн эмч нарын байр суурийг сонирхлоо. Монголын аав, ээжүүд үр хүүхдийнхээ эрүүл мэндэд хэрхэн анхаарал, халамж тавьж буйг ч мөн тодруулсан юм.
ЭХЭМҮТ-ийн Чих, хамар, хоолойн тасгийн эрхлэгч, клиникийн профессор, зөвлөх эмч, хүний гавьяат эмч Б.Дэлгэрмаа
Хүүхдийн эмч нарыг эцэг, эхийн эрүүл мэндийн боловсрол асар их санаа зовоож байна. Захын хүн л интернэт ороод өвчний талаар асар өндөр мэдлэгтэй болж байна. Тиймээс өөрсдөө дур мэдэн эмчилгээ хийж өвчнийг хүндрүүлэх тохиолдол маш их. Хүүхдэдээ эрүүл мэндийн боловсрол огт олгодоггүй. Хүүхдийг өвдөхөөс нь өмнө огт урьдчилан сэргийлдэггүй. Дандаа өвдсөнийх нь дараа эмнэлэгт ирдэг. Дур мэдэн эм хэрэглэдэг. Гадаадад байгаа монголчууд яагаад антибиотик, дусал явуул гээд Монгол руу захиад байдаг вэ. Амьдарч байгаа улсад нь хэзээ ч манайх шиг хэт замбараагүй антибиотик, дуслыг зардаггүй болохоор тэр шүү дээ. Улс орны эзэн болсон хүүхдүүдээ ингэж улс нь хамгаалж байна. Эмийг талх шиг, чихэр шиг иддэг улс Вьетнам, Монгол хоёр л байдаг гэсэн. Антибиотикт тэсвэртэй маш олон өвчин гарч ирж байна. Хар нялхаас нь антибиотикаар бөмбөгдсөөр байгаа нь маш харамсалтай. Эцэг эхчүүд эмчилгээг бүрэн хийхгүйгээс гадна буруу хийж байгаа нь санаа зовоох асуудал болоод байна. Эмийг 14 хоногоор бичээд өгөхөөр гурав хоног уулгаад орхичихдог. Санааг зовоож буй зүйлс болоод эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсролын талаар өгүүлэхэд ийм байна.
Дэвшилтэт зүйл гэвэл олон зүйлийг нэрлэж болно. ЭХЭМҮТ-ийн таван эмч өнгөрсөн сард Австри улсад нэг сарын дадлага хийгээд ирлээ. Австри улс нь эрүүл мэндийн дэвшилтэт техник технологи, эмчилгээгээр дэлхийд эхний 10-т багтдаг. Энд байх хугацаандаа бид дэлхийгээс нэг их хоцроогүй гэдгээ мэдэрсэн. Энэ улсад хийж байгаа чих, хамрын мэс заслыг бүгдийг нь манай улсын эмч нар хийж байна. Эмч нарын ур чадварыг харьцуулвал монгол эмч нарын эмнэлзүйн сэтгэлгээ илүү байна гэж хэлэхээр санагдсан. ЭХЭМҮТ зүрхний нээлттэй хагалгааг хөгжүүлэх гэж байна. Ургийн мэс заслын тухай яригдаж эхэлж байна. ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний багийнхан дэлхийд үйлчилж байна. Төрийн соёрхолт Г.Аянга эмч тэргүүтэй багийнхан БНХАУ, Вьетнам, Бутан, Хятадад урилгаар очиж хагалгаа хийдэг болсон. ЭХЭМҮТ, УНТЭ-тэй хамтран хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгааг нутагшуулах гэж байна. Бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд мөн л бэлтгэж байна. Хүүхдийн өвчлөл одоо их болсон гэж ярьдаг. Гэхдээ энэ нь оношилгоо эмчилгээ нарийн болж, сайжирсны үр дүн юм. Байгаль орчинтой холбоотой өвчлөлүүд нэмэгдэж байгаа. Үүнийг үгүйсгэхгүй. Жишээлбэл, агаарын бохирдол, эрс тэс уур амьсгалаас шалтгаалан хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна.
“Зинт” клиникийн үүсгэн байгуулагч, хүүхдийн эмч, анагаах ухааны доктор Т.Навчаа
Монгол Улсад хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг олон асуудал бий. Орчны бохирдол, осол гэмтэл, хүүхдийн хүчирхийлэл, таргалалт, сэтгэцийн тулгамдсан асуудал, вакциныг эсэргүүцэх гэх мэт. Гэхдээ би эмч биднээс шалтгаалсан асуудлаас дурдахыг хүсэж байна. Эмч нарын мэдлэг, чадвар ялгаатай нь нэг өвчтөнд ялгаатайгаас үүдэн оношилгоо, эмчилгээ хийхэд хүргэдэг. Энэ нь оношилгоо эмчилгээний стандарт, удирдамж орчин үеийн олон улсын түвшинд шинэчлэгддэггүй, хуучин хэвээр олон жил болдог, эмч бүр насан туршдаа суралцах хандлага эзэмшээгүй, англи хэлний мэдлэг хангалтгүй, эмийн компаниудын сурталчилгааг мэргэжил дээшлүүлэлт гэж ойлгодог, мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт сул зэргээс шалтгаалдаг гэж боддог. Эмч нарын тавьсан онош, өгсөн зөвлөгөө, хийж буй эмчилгээ нь нэг өвчтөнд өөр, өөр байхаар хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл бий болдог. Шаардлагагүй эмийн хэрэглээ, эмнэлэгт хэвтэлт их, хүүхдийг “эмийн хүчирхийлэл”-д оруулдаг. Ихэнх хүүхдийн эмч нар маш олон төрлийн эмчилгээ бичдэг, тийм ч болгосон. Ингэхээр хүүхэд төрсөн цагаасаа эхлээд л эм ууж эхэлдэг. Нярайн шарлалт, хүчилтөрөгчийн дутагдал, тархины даралт, рахит, дархлааг нь сайжруулна гэх мэтээр олон төрлийн эм бэлдмэл уулгадаг явдал нь хүүхдийг “эмийн хүчирхийлэл”-д өртүүлдэг, эцэг эх мөнгө санхүүгээр хохирдог. Гэрээр эмчлэх бүрэн боломжтой тохиолдлыг гүйцэтгэлийн санхүүжилтийн улмаас хэвтүүлэн эмчлэх нь их байгаа нь харамсалтай. Олон нийтийн бүхий л сувгаар хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжил, өвчин эмгэгийн талаар хуучны болон буруу, худал мэдээлэл их тархдаг. XXI зуунд бид шинжлэх ухаанд л итгэж эрүүл мэнд, өвчин эмгэгийн аливаа асуудлыг шийдэж байх ёстой. Гэтэл хуучны, зөвхөн өөрийн туршлага, мэдлэг, мэдээллийн хүрээний, үр дүн аюулгүй байдал нь нотлогдоогүй зүйлийг ярьж, бичиж нийтэлж байгаад харамсдаг. Эм болон сүлжээний бүтээгдэхүүний сурталчилгаа хэрээс хэтэрсэн. Олон дэвшилттэй зүйл бий, бид дэлхийн мэдээллийг нээлттэй авч байгаа нь салбараа хурдацтай хөгжүүлэх том боломж юм. Хүүхдийн нас баралт тууштай буурч, хүнд өвчин эмгэгийг амжилттай эмчилж эрхтэн шилжүүлэх мэс заслыг нэвтрүүлж эхлээд байна. Нярайн скрининг (түнхний эхо, сонсгол шалгах, зарим төрөлхийн болон удамшлын өвчин илрүүлэх) өргөжин хөгжиж байна. Эмнэлгүүдийн багаж тоног төхөөрөмж эрс сайжирсан, хүүхдийн эмчийн тоо хангалттай болсон. Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд тавих анхаарал, халамж сайжирч байгаа. Зах зээлийн нийгэмд хүүхэд өсгөхөд үнэтэй болсон. Иймээс залуус цөөн хүүхэдтэй, тэдэндээ маш сайн анхаарч өсгөн хүмүүжүүлж эрүүл, боловсролтой иргэн болгохыг хүсдэг болсонтой холбоотой гэж боддог. Залуус өөрсдийн эрүүл мэнддээ ч сайн анхаардаг болжээ.

Хөдөө, орон нутгийн хэмжээнд хүүхдийн өвчлөл ямар буйг сонирхохоор дээрх асуултуудыг ч мөн аймгийн хүүхдийн эмч, сумын ерөнхий эмчээс асууж, тодрууллаа.
Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн, Хүүхдийн клиникийн эрхлэгч, эмч Б.Даваадулам
Хүүхдийн эрүүл мэндийн хувьд санаа зовоож буй олон асуудал байна. Үүнээс эрэмбэлэн авч үзвэл, хүүхдийн амны хөндийн өвчлөл тэргүүлнэ. Тэр дундаа шүдний цоорол, гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл зэрэг өндөр хувь эзэлж, нэн тэргүүний тулгамдсан асуудал болж байна. Амны хөндийн өвчлөл их байх нь хүүхэд тэр хэрээр өвдөмтгий байх, наад захын ханиад шуухинаа, гүйлсэн булчирхайн үрэвсэл, уушгины хатгалгаа, бөөрний үрэвсэл, бүр цаашилбал зүрхний олдмол гажиг хүртэл үүсэх үндэс суурь болно. Дараагийн нэг өвчлөл бол хүүхдийн хоол боловсруулах замын өвчлөл. Үүнд зонхилон нөлөөлж буй хүчин зүйлүүд нь хүнсний аюулгүй байдлын асуудал, өлөн удаан явах, эрүүл ахуйн дадал хэвшил, захын худалдааны төвд бэлэн бүтээгдэхүүний сонголт ихтэй байдал нөлөөлж байна. Мөн түүнчлэн хүүхдийн суурь өвчлөл болох цус багадалт, витамин Д3 дутал, дэлгэцийн хэт их хэрэглээ, хүүхдүүдийн жингийн илүүдэл, электрон тамхины хэрэглээ зэрэг нь хүүхдийн эмч мэргэжилтнүүдийн тулгамдсан асуудал болж байна. Хүүхдийн өвчлөлд чиглэл чиглэлээрээ оношилгоо, эмчилгээнд дэвшилтэт эмчилгээний арга, багаж, төхөөрөмжүүд, лабораторийн урвалж, оношлуурууд зэрэг зөндөө олон дэвшил гарч байгаа. Үүнээс дурдвал, нярайн скрининг шинжилгээнүүд хийж байгаа. Энэ нь хүүхдийн амьдралын эхний саруудад оношилгоо хийж, үүсэж болох эрсдэл, хүндрэлээс сэргийлэх, улмаар амьдралын чанарыг сайжруулах зэрэг ач холбогдол өндөртэй. Мөн хоолой залгиурын ветта стрептококкын хурдавчилсан оношлуур төсөл хэлбэрээр хэрэглээнд нэвтэрч байгаа нь цаашид хэрэх өвчин, хэрэхийн хүндрэл зүрхний олдмол гажгаас эрт илрүүлж, эрт эмчилгээний асуудал шийдэгдэхэд дөхөм болно. Хүүхдийн шүдний өвлөлийн эмчилгээнд улсаас анхаарал хандуулж байгаа нь ач холбогдолтой дэвшилттэй, сайшаалтай ажил болж байна. Цаашид улам чанаржуулан, үр дүнтэй ажлууд хийгдэх байх. Эцэг, эх асран хамгаалагч нар хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн асуудалд тавих анхаарал халамж хангалтгүй түвшинд байна гэж үзэж байна. Анхаарал халамж сайн тавьдаг, эрүүл мэндийн анхан шатны боловсрол мэдлэгтэй эцэг, эх цөөнгүй байгааг үгүйсгэхгүй.
Гэхдээ хүүхдийн эмнэлэгт үйлчлүүлж буй 0-18 нас хүртэлх нийт хүүхдийн өвчлөлийг хараад дүгнэхэд эрүүл мэндийн анхан шатны боловсрол мэдлэггүй байдал, амьдралын зөв дадал хэвшилгүй, утас дэлгэц цахилгаан хэрэгслийн нөлөөлөл ихтэй байдал зэрэг нь хүүхдийн өвчлөлд голлох нөлөө үзүүлж байна. Зөв унтаж амрах, зөв хооллох, эрүүл хүнсээр хооллох, шүдээ тогтмол зөв угаах, гараа бохирдох бүрд угаах дадал, дэлгэцийн зөв хэрэглээ, донтох эмгэгүүдээс сэргийлэх зэргийг эцэг эх төдийгүй улс нийгмээрээ анхаарч авч үзэх цаг үе ирсэн байна. Мөн хүүхдийн эмчийн хувьд хамгийн ихээр эмзэглэж буй асуудал бол захын л сүлжээ дэлгүүрүүдээр бэлэн бүтээгдэхүүн, бэлэн гоймон, хийжүүлсэн ундаа зэргийг хяналт замбараагүй худалдаалж байна. Сүлжээ дэлгүүрүүдээр дүүрэн бэлэн гоймон идсэн, хийжүүлсэн ундаа уусан, электрон тамхи татсан дүр зураг харагдаж байгаа нь ирээдүйд ямар их эрүүл мэндийн асуудал үүсгэж болохыг хэн ч таашгүй. Иймд эцэг эх, асран хамгаалагч нартаа үр хүүхдэдээ эрүүл мэндийн боловсрол, амьдралын зөв дадал хэвшил, хүнсний аюулгүй байдлын талаар мэдлэг, чадвар олгоход анхаарал хандуулах хэрэгтэй болов уу.
Хэнтий аймгийн Батноров сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмч П.Лхагважав
Нэгдүгээрт, хүүхдийн шүдний өвчлөл маш их байна. Хоёрдугаарт дэлгэцийн хамаарал. Утас олон цагаар үзэж, дэлгэцээс хэт хамааралтай болж байна. Электрон тамхи их татаж байна. Үүний дараагаар хүүхдийн хооллолт маш хүнд асуудал болоод байна. Эцэг, эхчүүдийн ихэнх нь хоолны зөв хэрэглээ, дадалгүй. Хүүхдийн өвчлөлийн оношилгоо, эмчилгээний хувьд дэвшилттэй байгаа гурван зүйл гэвэл эрт илрүүлэг маш чухал байна. ДЭМБаас хүүхдийн зургаан төрлийн хорт хавдрын үед хэрэглэх өндөр шаардлага хангасан эмийг 2024-2027 онуудад үнэ төлбөргүй авах асуудал шийдэгдсэн. “Эрүүл шүд” арга хэмжээг Засгийн газрын 2023 оны 322 -р тогтоолоор 2024-2027 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө батлагдсан нь сайшаалтай. Эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол маш дутмаг. Хөдөө хотгүй амьдралын зөв дадал, хооллолтын бүрэн боловсрол суугаагүй. Гэхдээ 100 хувь гэсэнгүй. Цөөн тооны эрүүл мэндийн боловсролтой ээж, аав бий.
Хүүхдийн өвчлөлд олон санаа зовоосон асуудал бий. Гэхдээ үүнээс хамгийн тулгамдсан хэцүү нь хүүхдийн эрүүл мэндэд онцгой үүрэгтэй эцэг, эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг байгааг эмч нар санал нэгтэй өгүүлж байна. Үрсийнхээ эрүүл мэндэд цаг гаргаж, эрүүл мэндийн боловсролоо тогтмол дээшлүүлэхийг хичээгээрэй аав, ээжүүд ээ.
Энэхүү бүтээлийг Байгаль орчны сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөр (EJFP)-ийн нэг үр дүн болгон бэлтгэсэн болно. EJFP хөтөлбөрийг “Breathe Mongolia-Clean Air Coalition” болон “Green Dot Climate” төрийн бус байгууллагууд Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Байгаль орчны сэтгүүлчдийн "Ногоон дэлхий" клубтэй хамтран хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагууд, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр Internews-ийн Earth Journalism Network санхүүжүүлж байна. Энэхүү бүтээлийн агуулга ба илэрхийлсэн санаа бүхэлдээ сэтгүүлчийнх бөгөөд EJFP хөтөлбөрийн хэрэгжүүлэгч болон санхүүжүүлэгч байгууллагууд агуулга болон санааг хуваалцах албагүй.