ХЭҮК-оос хүүхдийн сурч боловсрох эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар мэдээллээ.
Энэ талаар ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан "Хүүхэд хамгааллын тухай хууль есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор хуулийн этгээд, ААН, Төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх үүрэг хүлээж буй. Түүнчлэн цалингийн сангийн нэг хувийг эл бодлогод зарцуулна. Өөрөөр хэлбэл, хүүхэд хамгааллын бодлого төсөвтэй болж, үр дүнд хүрэх нөхцөл бүрдээд байна.
Хүүхэд хамгаалалтай холбоотой хүн бүрийн санааг зовоодог зүйл нь шинээр ашиглалтад орж буй барилга байгууламж, авто замын тухай асуудал. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн эрхийн улсын байцаагч, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн төлөөллийг тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулах коммисын бүрэлдэхүүнд оруулах зохицуулалт хийсэн. Товчхондоо хүүхдэд ээлтэй эсэх тал дээр мэргэжлийн байгууллагын ажилтан оролцож, санал дүгнэлт гаргадаг болж байна. Есдүгээр сарын 1-нээс хойш ашиглалтад орох бүхий л барилга байгууламжийн ээлтэй эсэх байдалд хүүхэд хамгааллын мэргэжилтэн дүгнэлт гаргадаг болно.
Мөн нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэгт онцгой зохицуулалт орсон. Энэ нь аймаг, нийслэл хотыг хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичиг, жилийн төлөвлөгөө, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн эрх, хүүхдийн сайн сайхан байдлыг хангах үйл ажиллагаа, арга хэмжээг тусгаж биелэлтэд нь хяналт тавина. Засаг даргын чиг үүрэгтэй хамааралтай хуулийн зохицуулалт тусгагдсан нь засаг дарга тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан үзэж хүүхэд хамгааллын үйлчилгээг явуулын хэлбэрээр зохион байгуулна. Энэ нь хүүхдийг эрсдэлээс хамгаалах үндсэн суурь нөхцөлийг бүрдүүлэх юм.
Түүнчлэн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны шийдвэрийг хэрэгжүүлээгүй эсхүл хэрэгжүүлэхэд саад учруулсан төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах санал гаргах эрхийг тус хороонд олгосон. Гэмт хэргийн холбогдогч, хохирогч, гэрч болсон хүүхэдтэй холбоотой шийдвэр хэрэгжих үр дүнгээ өгөх нөхцөл бүрдсэн гэж харж байна.
Өөр нэг чухал зохицуулалт нь олон улсын байгууллага, хүүхэд гэр бүлийн хөгжил хариуцсан төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр монгол улсад хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаар тандалт судалгаа хийхийг хориглоно. Гаднын байгууллагын хэн дуртай нь хүүхдийн эрхийн асуудлаар тандалт, судалгаа хийх боломжгүй болсон. Заавал зөвшөөрлийг үндэслэж, энэ төрлийн судалгааг явуулах боломжтой.
Хүүхэд хамгааллын бүтэц, үйл ажиллагаа үр дүнгүй байгаа нь санхүүжилттэй холбоотой. Ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хүүхэд хамгааллын тухай хуульд эл асуудлыг зохицуулалахаар шийдвэрлэсэн. Тодруулбал, засгийн газрын гишүүд тухайн асуудлын хүрээнд салбарын хүүхэд хамгааллын үйлчилгээ, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгуулах арга хэмжээ авна. Ингэснээр эдгээр бодлого хэрэгжих санхүүгийн эх үүсвэртэй болж байгаа юм" гэлээ.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой дараах зургаан стандарт мөрдөгдөж хэрэгжинэ.