Монгол Улсын хөгжлийн түлхүүр товчхондоо эрдэм боловсролтой, оюунлаг, бүтээлч иргэн. Эх орноо илүү сайн сайхан байлгая, эдийн засаг, хөгжлөөр тэргүүлэгч улс болгоё гэвэл боловсролдоо анхаарч, энэ салбарт хөрөнгө зарахаас өөрцгүй. Тунисын сайд асан Амел Карбул “Дэлхийн ихэнх улс орон зам гүүр, барилга байгууламж, эрчим хүч зэрэг дэд бүтцийн олон асуудалд ихэнх хөрөнгөө зардаг. Гэтэл бидэнд байгаа хамгийн чухал “дэд бүтэц” бол хүүхдийн боловсрол. Үүнд хөрөнгө зарцуулах нь чухал юм” гэж илтгэлдээ өгүүлжээ.

“Баавгай болохсон” уран сайхны киноны найруулагч П.Золжаргал

Чанартай сайн боловсрол хүнийг ядуурлаас хамгийн хурдан, бүрмөсөн гаргаж чадна гэдэгт би итгэдэг. Харамсалтай нь, сайн боловсрол тэгш хүртээмжтэй олдохгүй байна. Үүнээс болоод ядуурал гэдэг зүйл өвлөгдөөд, хүмүүс үе дамжаад ядуурлын тойрогт эргээд байна. Сайн боловсролын босго өндөр биш байгаасай гэж би хүсдэг учир “Баавгай болохсон” киногоо бүтээсэн юм.

Улсын хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын нийт 1410 байгууллагад 9034 бүлгийн 274236 хүүхэд суралцаж байна. Цэцэрлэгийн 1010 нь төрийн өмчийн, 400 нь хувийнх. СӨБ-д хамрагдсан нийт хүүхдийн 260271 нь үндсэн сургалтад, 13965 нь хувилбарт сургалтад хамрагдаж буй. 2021 онд буюу одоогоос гуравхан жилийн өмнө хонон өнжин дугаарлаж, ёндоогоо хүүхдийн цэцэрлэгийн сугалаанаас мэдэрдэг цаг түүх болон ард үлдсэн нь яалт ч үгүй сайшаах зүйлийн нэг. Тоо ч үүнийг хэлдэг. Сүүлийн гурван жилийн цэцэрлэгт хамрагдалтын хувийг танилцуулбал, 2021 онд 75.5, 2022 онд 90.2 хувь, 2023 онд 92.5 хувьтай байна. Цоожтой хаалганы цаана хүүхэд үлдээхгүйн тулд улсын төсвөөс 200 тэрбум төгрөгийг төсөвлөн Засгийн газраас оруулж, УИХ дэмжиж баталснаар сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг, бүртгүүлэх гэж хонон өнжиж дугаарладаг байдал арилсан. Засгийн газраас онцгой анхаарал хандуулсны дүнд олон жилийн ужиг асуудал ийн шийдлээ олсон юм. Мөн цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах боломжтой байрыг түрээсэлж, ачаалал өндөртэй байршилд хувийн цэцэрлэгт хамран сургах тойргийн хүүхэд хүлээн авах зэрэг оновчтой ажлыг хийж хэрэгжүүлсэн нь ч нөлөөлсөн. Баярлахын зэрэгцээ сайжруулах зүйл олон бийг мөн дурдах хэрэгтэй. Гэхдээ энэ удаад өнжье.

“ПИСА-2022” Үндэсний тайлан

Чанар сайтай сургуулийн өмнөх боловсрол нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжил, сайн сайхан байдал, дараагийн боловсролын түвшинд үзүүлэх сурлагын амжилт, ирээдүйд олох орлого зэргийг нэмэгдүүлэх боломжтойг судалгааны үр дүнгүүд харуулж байна. Хүүхдийн хөгжлийн эрт үеийн боловсролын хөтөлбөрүүд нь их хэмжээний эдийн засгийн үр өгөөжийг авчирдаг, зардал багатай хөрөнгө оруулалт юм.

Монгол Улсын хэмжээнд 6-15 насны нэг сурагчид ногдох зардал 12600 орчим ам.доллар байгаа нь ПИСА-д оролцогч бүх орноос сүүлээсээ гуравт орох үзүүлэлт. 81 орноос сүүлээсээ гуравт гэхээр дэндүү харамсалтай. Боловсролд зарцуулах зардал нь сурагчдын сурлагын амжилтад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болох нь ПИСА үнэлгээний математикийн сорилоор тодорхой болсон байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд асан Л.Энх-Амгалан

ПИСА сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд хамрагдаж байгаа улс орнуудын нэг сурагчид зарцуулах дундаж санхүүжилт 6-15 насанд өсөн нэмэгдэх дүнгээр 91 мянган ам.доллар байхад Монгол Улс 12 мянган ам.доллар байна. Хэдийгээр манай улсын нэг сурагчдад зарцуулж байгаа санхүүжилтийн хэмжээ бага боловч сурагчдын математик, байгалийн ухааны хичээлүүдийн амжилт дундаж болон түүнээс дээш түвшинд байгаа нь сайшаалтай.

Судалгааны үр дүнд боловсролд зарцуулах хөрөнгө тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Нэг сурагчид ногдох хувьсах зардлыг цэцэрлэг, бага, дунд, ахлах анги гэсэн 4 түвшинд ангилж 910 мянгаас 1.2 саяар бодож олгодог байсан бол шинэ аргачлалаар анги тус бүр өөр өөр буюу 1.5-2.5 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн юм.

Монгол сурагчдын 60 аас дээш хувь нь дэд бүтцийн дутагдалтай сургуульд суралцдаг

Монгол сурагчдын дийлэнх (60-аас дээш) хувь нь чанарын шаардлага хангахгүй сургалтын материал, дэд бүтцийн дутагдалтай сургалтын орчин бүхий сургуульд суралцаж байна. Энэ нь Эдийн засгийн хамтын ажиллагааны ба хөгжлийн байгууллага (Э3ХАХБ)-ын гишүүн орнууд болон Азийн улсуудаас өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн ихэнх монгол сурагчийн сурч байгаа сургуулиуд нь чанартай цахим сургалтын материал, хэрэглэгдэхүүний дутагдалтай байна. Энэ үр дүн нь мөн л ЭЗХАХБ-ын гишүүн орнууд болон Азийн улсуудаас өндөр үзүүлэлт юм. Тэгвэл боловсролын салбарт нэвтрүүлсэн санхүүгийн шинэчлэлийн хүрээнд урсгал төсөв 4.2 их наяд төгрөгт хүрсэн нь ДНБ-ий таван хувьтай тэнцэж буй. Салбарын цалингийн сан 2021 онд 915 тэрбум төгрөг байсан бол 2024 онд 2.3 их наяд болж нэмэгдээд байна. Мөн энэ онд

• Хүүхэд хамгааллын зардлыг шинээр бий болгон 4.5 тэрбум

• Багшийн эрүүл мэндийг дэмжих зардалд 5.6 тэрбум

• Багшийн тасралтгүй хөгжилд 13.1 тэрбум

• Сургалтын хэрэглэгдэхүүнд 23.3 тэрбум

• Цахим хэрэглээ, олон улсын хөтөлбөрт 28.5 тэрбум

• Тоног төхөөрөмж, нөхөн хангалтын зардалд 43.6 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа нь бүх үзүүлэлтээр өссөн дүн юм.

Эрдэм боловсролтой монгол хүнийг бэлтгэн гаргахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын зүгээс тус тусдаа тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байна. Боловсролын зээлийн сангаас гаргасан мэдээллээр 2023 оны жилийн эцсийн байдлаар дотоодын зээл, тэтгэлэгт 761.55 тэрбум төгрөг, гадаадын зээл тэтгэлэгт 227.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Монгол орны бүх суманд чадварлаг, мэдлэгтэй залуус гадаадын өндөр хөгжилтэй орнуудад суралцах боломжийг Ерөнхийлөгчийн нэрэмжит “ХХІ зууны Монголын ирээдүй-2100 оюутан” хөтөлбөр олгож эхэлсэн.

Хөтөлбөрт хамрагдсан суралцагчид төгсөж ирээд өөрийн харьяалагдах сум, хороондоо тав болон түүнээс дээш жил ажиллаж сурсан эрдмээ эх орондоо зориулна. Дэлхийн шилдэг болон Засгийн газар хоорондын гэрээтэй их, дээд сургуулиудад одоогоор 251 суралцагч суралцаж буй. 2022-2023 оны хичээлийн жилд нийт 405 суралцагч бэлтгэл хөтөлбөрт хамрагдсанаас 103 суралцагч татгалзаж, одоогийн байдлаар 206 суралцагч МУИС, 96 суралцагч ШУТИС-ийн бэлтгэл хөтөлбөрүүдэд хамрагдан суралцаж буй юм. Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлгийн хүрээнд олгох бэлтгэл хөтөлбөр (дотоод)-т 1.3 тэрбум, Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг (гадаад)-т 5.7 тэрбум төгрөг зарцуулж байна. Дээрхээс дүгнэн харвал, Монгол Улс хүнгүй шахам сум сууринд соёлын төв, 600 хүүхдийн сургууль барихтай зэрэгцэн хамгийн чухал “дэд бүтэц” болох хүүхдийнхээ боловсролд бага ч болов хөрөнгө хаяж байна.

УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэг

Боловсролын санхүүжилтийн гол зарчим нь боловсрол эзэмших боломж хүн бүрд олгох явдал. Чанартай боловсрол эзэмших боломж тухайн хүний нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, жендэр, арьс өнгө, яс үндэс, хаана амьдарч байгаагаас хамаарах ёсгүй. Боловсролын санхүүжилт нь ойролцоо нөхцөлд байгаа суралцагчдад ижил хэмжээний санхүүжилт хуваарилах, ялгаатай хэрэгцээтэй бол ялгаатай төсөв хуваарилах зарчмаар явж байж тэгш боломж өгдөг. Говийн дөрвөн аймгийн хувьд Говьсүмбэр аймгаас бусад аймагт дотуур байрны хүрэлцээтэй асуудал гарахгүй гэсэн дүгнэлт “Боловсролын салбарын төсвийн зарлагын шинжилгээ: Хандлага болон өнөөгийн нөхцөл байдал” НҮБХХ-ийн 2021 оны судалгаанд байгаа. Тийм учраас эдгээр аймагт дотуур байр барина гэж орж ирсэн төсвийг танах ёстой.

Мөнгөтэй зэрэгцэж, түүний хэмжээнээс дутахгүй чухал зүйл нь нөөцийг хэрхэн зөв хуваарилах вэ гэдэг асуудал юм. Үүний тулд хамгийн эхэнд улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаггүй, “Миний усалсан тойрог”-т цөөн хүүхэдтэй ч сургууль барь, “Би дэвших тойрог” тоо сурагчдын дотуур байр бариулна гэхчилэнгээр улайм цайм аашлагчдаас боловсролын салбарын хөрөнгийг харамлаж байх нь зүйтэй.