Монгол төрийн хүндэтгэлийн өндөр босгыг давж, бүрэн бүрэлдэхүүнээрээ төрдөө үнсүүлсэн цор ганц хамтлаг бол “Харанга”. Эрин дамжин эгшиглэх “Харанга”-ын таван бүтээлд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган 2019 онд Төрийн соёрхол хүртээж байв. Төрийн шагнал хүртээх зарлигт “Монгол Улсад орчин үеийн хөгжмийн рок урсгалын үндсийг тавин, түгээн дэлгэрүүлж, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон
Ц.Чулуунбатын ая, Г.Батхүүгийн үг “Толин хул”, Ц.Энхманлайн үг, ая “Амьдрал”, Ц.Чулуунбатын ая, Б.Явуухулангийн шүлэг “Зөвхөн Монголдоо”, Ц.Чулуунбатын ая, С.Оюуны үг “Үгүйлэн санана ”, Я.Одсүрэнгийн ая, Ц.Энхманлайн үг “Энэ бол дурлал биш” дуу зохиож Монгол Улсын орчин үеийн хөгжмийн урлагт онцгой хувь нэмэр оруулсан “Харанга” хамтлагийн гишүүн Цэндсүрэнгийн Энхманлай, Цэрэндоржийн Чулуунбат, Хатанбаатарын Лхагвасүрэн, Яринпилийн Одсүрэн, Нэмэхийн Пүрэвдаш, зохиолч, яруу найрагч Санжаажавын Оюун нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” хэмээсэн байлаа.
Тэдэнд 35 жилийн өмнө мөрөөдлөө биелүүлэх асар их хүсэл, бас бурханаас өгсөн авьяас л байлаа. Харин одоо Монголын рок поп урлагийн ертөнцөд өөрсдийн мөрийг тод үлдээж, өрөөлийн туг нь болон дундаршгүй урын сантай болжээ. Хэнээсээ “юм” ундрахыг таньдаг болж. Бүгдээрээ төрдөө соёрхуулж, гавьяатууд болж. “Харанга”-аа л гэх халуун сэтгэлт фэнүүдтэй болж. Бас нэгнээ хаана ч гээхгүй итгэлийг 35 жилийн турш урлажээ. Он цаг улирах тусам илүү үнэ хүрэх дуунуудыг тэд л бүтээж, домог боллоо. Олон олон “анхны” бүхний эзэн тус хамтлагийн төрдөө соёрхуулсан таван бүтээлийн талаар хүргэе.
"Харанга"-ын хувь заяаг түшсэн "Амьдрал"
Хамтлагийн ажил жигдэрч, уран бүтээлдээ шаргуу орсон тэд өмнө нь зохиосон болон шинээр зохиосон 12 дуутай тоглолт хийхээр болж хамтлагийн ахлагч Ц.Энхманлайгийн зохиосон "Амьдрал" дуугаар тоглолтоо нэрлэжээ. 1989 оны аравдугаар сарын 26-нд тоглохоор товлогдож, тухайн өдрийнхөө 15.00 цагт Соёлын яамны коллегиор оржээ. Коллегийн бүрэлдэхүүнд жүжгийн нэрт зохиолч, Төрийн шагналт, ардын жүжигчин Э.Оюун, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав зэрэг Монголын урлаг соёлын алдартай эрхмүүд байсан байна. Коллегийнхон удтал хуралдсаны эцэст зохиолч Э.Оюун "Ай даа хүний амьдрал эгэл жирийн боловч энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа" гэж энэ хүүхдүүд мөн ч сайхан хэлсэн байна шүү. Хүүхдүүдийг тоглуулъя” гэж хэлснээр коллегийн 18 гишүүн зөвшөөрч, “Харанга”-ын анхны тоглолт мэндэлжээ. Ингэж "Харанга" хамтлаг Соёлын яамны коллегиор орж ширүүн шүүмжлүүлж, хатуу шүүлтүүрээр шигшигдсэн сүүлчийн хамтлагуудын нэг болсон түүхтэй.
Хурал дөнгөж дуусаад тасалбараа зарж эхлэхэд 30 минутанд бүх тасалбар зарагдаж дуусч алдрын шат өөд алхах анхны алхмаа хийжээ. “Амьдрал” дууны зохиогч Ц.Энхманлай “Амьдрал” дуу бол “Харанга” хамтлагийн хувь заяаг түшсэн дуу гэж боддог. Хэрвээ Э.Оюун гуай энэ дууны мөртүүдийг хэлж, коллегийн гишүүдээр зөвшөөрөөгүй бол, “Амьдрал” тоглолтоо хийгээгүй бол бидний хувь заяа хааш эргэхийг мэдэхгүй. Манай хамтлагийнхан Э.Оюун гуайд маш их баярлаж явдаг” хэмээсэн юм. Дуу бүтсэн түүхийг сөхвөл, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч З.Хангал “Харанга” хамтлагт “Амьдрал” дуу бэлэглэнэ гэсэн ч өгөлгүй тоглолт дөхөөд байсан тул Ц.Энхманлай “Өөрөө оролдоод үзье” хэмээх бодлоор хэн бүхний хайртай, эрин зуунд хэзээ ч хуучрахгүй “Харанга”-ын хамгийн тансаг “Амьдрал”-ыг бүтээжээ.
Шүлэг:Ц.Энхманлай
Ая: Ц.Энхманлай
“Харанга”-ын хувь заяаг түшсэн “Амьдрал”
Баяр хөөр гомдол гуниг адил тэнцүү хосолсон хорвоод
Өөрийн гэсэн байраа олох гэж өдөр нь бодож шөнө нь зүүдлэв
Хүн бүхэн өөрийн хүссэн амьдралын харгуйг сонгох юм
Учигт тэр уртхан замдаа алдаж онох нь ч их юм
Аливаа бүхнийг үзэх юм даа
Хүсэл хяслын хоёр туйлд хүний сэтгэл эцэж туйлдлаа ч
Алдаж гишгэдэг цөхрөл гуниг, онож гишгэдэг баяр баясал минь
Арвин ихээр эргэдэг юм даа
Хө, ай даа хүний амьдрал эгэл жирийн боловч
Энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа
Наран саран ээлжлэн мандаж цаг хугацаа улиран улирсаар
Насны хуанли эргэн эргээд уудам орчлонг таних тусмаа
Ухааны хэргэм нэмэх юм даа
Хө, ай даа хүний амьдрал эгэл жирийн боловч
Энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа
Хө, ай даа хүний амьдрал эгэл жирийн боловч
Энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа
Ухааны хэргэм нэмэх юм даа
Хө, ай даа хүний амьдрал эгэл жирийн боловч
Энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа
Клиптэй болгосон “Энэ бол дурлал биш”
“Харанга” хамтлагийн брэнд бүтээлүүдийн нэг бол яалт ч үгүй “Энэ бол дурлал биш”. Хамтлагийн эхлэл болсон Ц.Энхманлай, Я.Одсүрэн нар хамтран уг дууг 1991 онд зохиож, тус онд болсон “Дэлхий ертөнц” тоглолтод анх эгшиглүүлжээ. Шүлгийг Ц.Энхманлай бичиж, Я.Одсүрэн аялгууг хийсэн байна. Алдуурсан сэтгэлийн хөндүүрийг мэдрүүлэх энэ дууны сэдвийг хамтлагаараа ярилцаж гаргасан гэдэг. Энэ дууны клип “Харанга” хамтлагийн анхны клип бөгөөд “Бидэнтэй хөөцөлдөж, араас гүйсээр бидний залуу насыг “Энэ бол дурлал биш”-д мөнхөлсөн С.Ононбатад одоо ч баярлаж явдаг” хэмээн Х.Лхагвасүрэн өгүүлсэн билээ.
Шүлэг: Ц.Энхманлай
Ая: Я.Одсүрэн
Бүтээсэн он:1991
Бодлын олон нугачаанд дунд бүдэрч яваа миний
Хүсэл мөрөөдөл хоёрын заагаар хөндлөн алхсан чамайг
Санах бүрийд зүрх булгилж
Санаа алддаг учирдаг хэдий ч
Дурлаагүй шүү чамдаа би
Даруухан төрх чинь таалагдсан
Уяраагүй шүү зүрх минь
Ухаалаг харц чинь таалагдсан
Хангал согоо биенд чинь хүсэл мөрөөдлөө алдаагүй
Гэрэлт цагаан чиний царайнд хайр сэтгэл минь алдраагүй
Уучлаарай би хүн болохоор
Хоёр биш ганцхан зүрхтэй
Уучлаарай би хүн болохоор
Хүний сайхныг бишрэн дээдэлдэг
Онгон зүрхнээ дээдэлж явдаг ханьтай үртэй миний бие
Орчлонг таних насны босгоор орчиж одсон чамайг
Харах бүрийд сэтгэл догдолж
Хамаг бүхнийг мартдаг учиртай ч
Дурлаагүй шүү чамдаа би
Даруухан төрх чинь таалагдсан
Уяраагүй шүү зүрх минь
Ухаалаг харц чинь таалагдсан
Хайрлаагүй ч би хараад баймаар
Хангал согоо шиг чамайгаа
Хүсээгүй мөртлөө бодоод байсан ч
Хайрын үгийг чамд хэлэхгүй
Хоёр биш ганцхан зүрхтэй
Харахын төдий эрхтэй болохоор
Хүний сайхныг бишрэн шүтэх
Хүслийн онгодоо чамдаа дуулъя аа
Дурлаагүй шүү чамдаа би
Даруухан төрх чинь таалагдсан
Уяраагүй шүү зүрх минь
Ухаалаг харц чинь таалагдсаан
Ц.Чулуунбатын гэргийдээ зориулсан "Үгүйлэн санана"
Монгол түмний хайртай “Тань руу нүүж явна” кино, “Хорвоод ганцхан ээждээ” зэрэг бүтээлийн зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч С.Оюуны шүлэг, Ц.Чулуунбатын аялгуу “Үгүйлэн санана” бүтээл 1993 онд мэндэлжээ. Ц.Чулуунбат “Утга зохиол урлаг” сонины булангаас эзэн нь үл мэдэгдэх гарчигггүй нэгэн шүлэг олж, дуу бүтээсэн нь “Харанга” хамтлагийн нэрийн хуудас болсон бүтээл болжээ. Дууны хоёр жигүүр хоёр жилийн турш нэгнээ танилгүй явсан бөгөөд зохиолч С.Оюун “Харанга” хамтлагийнхныг олж очиж уулзсанаар Москвад бүтээгдсэн энэхүү шүлгийн эзнийг “олж авсан” гэдэг. Ц.Чулуунбат энэхүү дууг харийн нутагт байх гэргийгээ санахдаа бүтээсэн бөгөөд эхнэрээ ирэхэд нь дуулж өгч уйлуулж байсан гэдэг.
1993 онд “Миний рок” тоглолтод эгшиглэсэн цагаасаа эхлэн хит байж, хол байгаа залуусын сэтгэлээ дэвтээх эгшиг нь болсоор байна. С.Оюун зохиолч энэхүү дууны шүлгээрээ Төрийн соёрхолт хүртсэн гурав дахь эмэгтэй зохиолч болсон билээ. Тэрбээр шагнал гардсаныхаа дараа “Энэ дууны үгийг бичсэн тэр өдрийн тэнгэрт мөргөе” гэсэн гэдэг.
Үг: С.Оюун
Ая:Ц.Чулуунбат
Бүтээсэн он:1993
Санана даа чи намайг санана
Сар нарыг унтуулан сэрээж санана
Нартайд чи намайг санаж гандана
Сартайд чи намайг санаж бүдэрнэ
Нартайд чи намайг санаж гандана
Сартайд чи намайг санаж бүдэрнэ
Үгүйлнэ дээ чи намайг үгүйлнэ
Үдэш унтавч зүүдэндээ үгүйлнэ
Өглөө босоод харцандаа үгүйлнэ
Өр зүрх чинь намайг үгүйлнэ
Өглөө босоод харцандаа үгүйлнэ
Өр зүрх чинь намайг үгүйлнэ
Би хаа ч явсан үргэлж чамтай
Сэтгэл зүрхэнд чи дандаа хамтдаа
чи хаа ч явсан үргэлж надтай
Хоёр сэтгэл тэмүүлэн бие биенээ хайна
Хүснэ дээ чи намайг хүснэ
Хүнийг хэлэлтгүй би өөрөө хүснэ
Хол газар хилийн дээсэн дээгүүр
Хоёр сэтгэл үгүйлэн бие биенээ хайна
Хол газар хилийн дээсэн дээгүүр
Хоёр сэтгэл үгүйлэн бие биенээ хайна
Би хаа ч явсан үргэлж чамтай
Сэтгэл зүрхэнд чи дандаа хамтдаа
Чи хаа ч явсан үргэлж надтай
Хоёр сэтгэл тэмүүлэн бие биенээ хайна
Дандаа хамтдаа, үргэлж чамтай
Дандаа хамтдаа, үргэлж чамтай
Дандаа хамтдаа, үргэлж чамтай
Дандаа хамтдаа, үргэлж чамтай
ХХ зууны Азийн шилдэг дуу “Зөвхөн Монголдоо”
1998 оны “Эрин зууны хөг” тоглолтын бэлтгэлийн үеэр Ц.Чулуунбат хамтлагийнхандаа зориулж, олон шүлэг авчирч ханандаа өлгөжээ. Гэтэл “Зөвхөн Монголдоо” дууны шүлэг ганцаараа шахуу тунаж үлдэн, өөрийнх нь аялгуугаар дуу болсон гэдэг. “Зөвхөн Монголдоо” дууны үгийг Төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Явуухулан бичсэн бөгөөд хорьдугаар зууны Азийн шилдэг 100 дууны нэг болж, Ц.Чулуунбат уг дуугаар Хөгжмийн зохиолчдын холбооны шагнал хүртжээ. Ц.Энхманлай “Зөвхөн Монголдоо” дууны шүлэг бол “Наймхан мөртөд Монголыг тэр чигээр нь багтаасан агуу шүлэг” хэмээн тодотгосон.
Үг:Б.Явуухулан
Ая:Ц.Чулуунбат
Бүтээсэн он:1998
Цэцгийн сайхныг би зөвхөн нугаасаа түүлээ Цэнгэлийн дууныг би зөвхөн талаасаа сонслоо Хүлгийн хурдныг би зөвхөн сүргээсээ барилаа Хүүхний царайлгийг би зөвхөн Монголдоо харлаа
Хүлгийн хурдныг би зөвхөн сүргээсээ барилаа Хүүхний царайлгийг би зөвхөн Монголдоо харлаа
Усны тунгалагийг би зөвхөн уулнаасаа амслаа Ухааны саруулыг би зөвхөн өвгөдөөсөө өвлөлөө Андын журмыг би зөвхөн ардаасаа сурлаа Амьдын жаргалыг би зөвхөн Монголдоо эдэллээ
Андын журмыг би зөвхөн ардаасаа сурлаа Амьдын жаргалыг би зөвхөн Монголдоо эдэллээ
Баяр алгасалгүй давхидаг "Толин хул"
Х.Лхагвасүрэн “Манай өвөрлөгч дүү нар тэгдэг юм. Манай Лхагваа ах нэг “Толин хул” унаад давхисан. Гүйцдэг амьтан байдаггүй ээ” гэж. “Толин хул”-ыг дуулахаар гарахаар өөрийн эрхгүй л дэвмээр санагдаад байдаг. Наадмаар л ганц давхихгүй шүү дээ. Шинэ жил, Март, Цэргийн баяраар ч "давхина". Хэзээ л бол хэзээ, хаана л бол хаана "давхина". 2004 оноос тасралтгүй дэвж байна” хэмээсэн билээ. Үзэгчид нь заалаараа босч, сэтгэлээ хөвсөлзүүлдэг цөөхөн дууны нэг нь яалт ч үгүй "Толин хул". УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Г.Батхүү шүлгээ бичээд “Хоёулаа нэг морины тухай дуу хийе” хэмээн хөгжмийн зохиолч Ц.Чулуунбатад хандсан гэдэг. Тэрбээр “Шүлгийг хартал, янзын гоё. Үгүй, ингэж гоё бичдэг юм аа” хэмээн шагширч, “Морины дуу бичиж чадах болов уу” гэсэн айдастайгаар “Оролдъё” л гэж хэлжээ. Дуу удалгүй мэндэлсэн ч хоёр, гурван жилдээ нэг их “яваагүй” гэдэг. Харин Өвөрмонголын Баруун үзэмчин аймгийнхан “Толин хул” дууг “Наадмынхаа сүлд дуу болгож байгаа, ирж дуулаач” гэснээр Монгол түмний бахархал болсон энэ дуу түмэнд түгжээ. Хамгийн анх энэ дууг Х.Лхагвасүрэнд санал болгоход "Морины дуу дуулахгүй" гэж их л янзгүй хүлээж авсан гэдэг. Хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат “Г.Батхүү маань тэнгэрт байна. Түүнийгээ энэ дуугаар мөнхөлж чадсан. Эрин зууны дуу минь, эзнээ үгүйлэх дуу минь гэж. Эзэн нь үгүй болсон ч дуу нь эзнээ үгүйлж байдаг. Тийм л дуу байгаасай гэж байнга Г.Батхүүгээ дурсаж, боддог” хэмээсэн билээ.
Үг: Г.Батхүү
Ая: Ц.Чулуунбат
Бүтээсэн он:2004
Газар үнэрлэн омогшиход толгод хотойно
Хазаар даран тэмүүлэхэд дэлхий атирна
Зурхай эргэж гарахад наран сугарна
Зуныг элдэж хурдлахад дээл сэмэрнэ
Толин хулын тоосонд хийморь зүггүй наадам
Торгон жолоо өргөхөд нулимс тогтохгүй наадам
Толин хулын төвөргөөнд тугаа өргөсөн Монгол оо
Амгайгаа зажилан үүрсэхэд уяа сэргэнэ
Арай ядан тогтооход цулбуур ирчилнэ
Аймгийн галыг тойроход хараа булаана
Аядуу уртад сойход салхи амарна
Тогоруу халтарын магтаалд айраг дундрах наадам
Товруу мөнгөн эмээлдээ эзэн нь гоёдсон наадам
Тогоруу халтрын салхинд туг нь намирсан Монгол оо
Арвайн домог сэдрэхэд өвгөд хуучилна
Адтай гийнгоо цангинахад асар эзгүйднэ
Үрээ морьдын давихаанд дагуул олширно
Түрүү магнайд ирэхэд нь хадаг ховордоно
Аварга хээрийн хөлсөнд дэнж мялаасан наадам
Ар халхынаа энгэртээ торгоор уралдсан наадам
Аварга хээрийн төвөргөөнд аялгуу өргөсөн Монгол оо