
Сүүлийн хэдхэн жилд бид бүгдээрээ хиймэл оюун ухааны (AI) асар том давлагаанд хөл алдан хошуурах болов.
Ажлаа хөнгөвчлөхөөс эхлээд сошиал медиад контент бүтээх, бүтээгдэхүүнээ сурталчлахад хүртэл хүмүүс энэ технологийг өдөр тутамдаа ашиглах болжээ. Ялангуяа маркетинг, зар сурталчилгааны салбарт хиймэл оюун ухаан богино хугацаанд шинэ боломжуудыг нээж, контент бүтээх үйл явцыг хялбарчилсан. Энэ хэрээр сошиал сувгаа гүйлгэхэд хиймэл оюун ухаанаар бүтээсэн богино хэмжээний кино, рийлс, дуу, зураг, сурталчилгааны бичлэгүүд ар араасаа хөврөх болов. Өөгүй толигор арьс, төгс нүүр царай, жигд галбиртай моделиуд гээд бодит мэт харагдах хуурамч дүрслэлүүд үй олноор бий болов.
Дэлхийн алдартай брэндүүдээс эхлээд жижиг бизнесүүд хүртэл энэ зүгт хошуурцгааж, толгойтой бүхэн л хиймэл оюунаар хэн нь илүүг бүтээх вэ гэх уралдаанд шамдацгааж байна. Гэвч бүгд ижил технологи ашиглаж, улам төгс дүрслэл бүтээхийг зорих тусам брэндүүдийн хувьд бусдаас ялгарах онцгой, содон мэдрэмж нь алдагдаж, нэг хэвд зутгасан шиг харагдах болов. Уг давлагаа нь хэрэглэгчдийг залхааж, өөгүй төгс байдлаас илүүтэй бодит мэдрэмж, хүний оролцоо шингэсэн контентыг эрэлхийлэхэд хүргээд байна.
Хэдхэн үг бичихэд л рекламын зураг бэлэн болж, санаагаа тайлбарлахад видео, дуу, дүрс бүтээх боломжтой болсон энэ үед зарим брэнд эсрэгээрээ хиймэл оюунаас татгалзаж зөвхөн хүний оролцоо, дүр төрхийг онцлох болжээ. Энэхүү давлагааг сүүлийн саруудад “AntiAI Marketing” буюу хиймэл оюун ухаанд суурилсан маркетингийн эсрэг чиг хандлага хэмээн нэрлэх болсон. Энэ нь тухайн брэнд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ эсвэл контентыг бүтээхдээ хиймэл оюун ухаан (AI) ашиглаагүй, зөвхөн хүний гараар, хүний оюун ухаанаар бүтээсэн гэдгийг гол давуу тал болгон сурталчлах маркетингийн шинэ стратеги аж.
Брэндүүд өмнө нь хэрэглэгчдэд хүргэх гэсэн өөрийн өнгө төрх, дуу хоолойгоо хадгалж үлдэхийн зэрэгцээ тэдэнтэй бодит харилцаа үүсгэх нь хамгийн чухал байсан. Тэгвэл хиймэл оюун ухаан контент бүтээх ажлыг хялбарчилснаар энэ үнэ цэнэ тэр хэрээр алдагджээ. Тухайлбал, 2025 онд “Journal of Business Research” сэтгүүлд нийтлэгдсэн Коллин Кирк болон Жулиан Живи нарын судалгаагаар хэрэглэгчид сэтгэл хөдлөл болон баримт мэдээлэл илэрхийлсэн маркетингийн текстийг хүн биш, AI бичсэн гэж үзэхэд тухайн байгууллагатай сэтгэл хөдлөлийн холбоос үүсэх нь буурч, байгууллагын талаар эерэг мэдрэмжтэй үлдэх болон үнэнч байх үзүүлэлтүүд нь муудсан байна. Тодруулбал, брэндүүд өөрсдийн үнэ цэнэ, бусдаас ялгарах онцлогоо хүний сэтгэлд хүрэх амьд мэдрэмжээр бүтээлчээр илэрхийлэхийн оронд хиймэл оюуны хуурай текст, хэт гялалзсан төгс дүр төрх, нэгэн хэвийн загварт найдах нь хэрэглэгчдийг татах биш, харин ч урмыг нь хугалсан мэт мэдрэмж төрүүлдэг гэдгийг судалгаа онцолжээ.
Иймээс сүүлийн жилүүдэд хүн бүтээсэн гэх шошго хэрэглэгчдийн анхаарлыг илүүтэй татаж олон байгууллага, томоохон брэндүүд хиймэл оюун ухаан, ногоон дэлгэцээс татгалзаж, байгалийн бодит өгүүлэмж, хүний бодит бүтээлч сэтгэлгээ, натурал гоо үзэсгэлэн, бодит мэдрэмжийг тренд болгон хэрэглэгчдийг татах болов.
-Dove брэнд нь 2024 оны 4-р сард цахим орчин дахь хиймэл гоо үзэсгэлэнгийн эсрэг “The Code” хэмээх томоохон аяныг дэлхий даяар эхлүүлсэн. Энэхүү аянаараа тэд сурталчилгаа, зураг авалтдаа хэзээ ч хиймэл оюунаар бүтээсэн (AI-generated) эмэгтэй хүний дүр төрхийг ашиглахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Тэд алгоритм биш, эмэгтэйчүүд өөрсдөө гоо сайхнаа тодорхойлох ёстой гэж үзэж буй.
- Aerie дотуур хувцас, бэлэн хувцасны брэнд нь энэхүү давлагааг түүчээлэн 2025 оноос эхлүүлэн сурталчилгааны зураг авалтдаа “Photoshop” болон “AI” ашиглан хүний бие галбирыг засаж өөрчлөхөөс бүрэн татгалзсан байна. Тэд хэт төгс дүрслэлээс илүүтэй эмэгтэй хүний өөрийн гэсэн хэв маяг онцлогийг харуулсан зар сурталчилгааг явуулна гэдгээ албан ёсоор мэдэгджээ.
- Nintendo компани технологийн салбарын гол тоглогч хэдий ч шинэ тоглоом, бүтээл туурвих явцдаа хиймэл оюун ухааны бэлэн загварт найдахаас татгалзаж буйгаа албан ёсоор зарласан. Компанийн удирдлагуудын зүгээс тэд “AI”-аас илүүтэйгээр хүний дахин давтагдашгүй бүтээлч сэтгэлгээ, хөгжүүлэгчдийн нарийн ур чадварыг нэгдүгээрт тавихаа мэдэгдсэн байна.
-Polaroid брэнд хиймэл оюуны хэт дижитал хөгжлийн эсрэг аналог, амьдралын үнэ цэнэ, амьд дурсамжийг сурталчлахаа мэдэгдсэн байна. Тэд дэлхийн томоохон технологийн төвүүдийн ойролцоо “Хиймэл оюун ухаан таны хөлийн хурууны завсар дахь элсийг мэдрүүлж чадахгүй” гэх мэт уриа бүхий самбаруудыг байрлуулж, хүний бодит мэдрэмжийг ямар ч алгоритм орлож чадахгүй гэдэг нийгмийн рекламыг түгээжээ.
- Heineken шар айргийн брэнд цахим орчин дахь AI найзууд (AI companions) болон виртуал харилцаа эрчээ авч буйг шүүмжлэн “Жинхэнэ найзууд хиймэл байдаггүй” хэмээх аяныг эхлүүлсэн. Тэд хүмүүсийг дэлгэцийн цаадах хиймэл ертөнцөөс гарч, бодит амьдрал дээр найз нөхдөөрөө цуглан, амьд харилцаа үүсгэж, шар айраг уунгаа бодит мэдрэмжээ хуваалцахыг уриалжээ.
Ийнхүү сүүлийн үед дэлхийн томоохон брэндүүд болон компаниуд зар сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан (AI) ашиглахаас хэсэгчлэн болон бүрмөсөн татгалзах хандлага (Anti-AI Marketing) хүчтэй өрнөж байна.
Эцэст нь, яг одоогоос 10-15 жилийн өмнө бид зурагт, сэтгүүлийн хуудаснаас бодит хүмүүсийн тоглосон, төгс бус инээмсэглэл, амьд яриа, энгийн атлаа сэтгэлд үлдэх дүрслэлтэй сурталчилгаануудыг үзэж өссөн билээ. Тухайн үед, “Coca-Cola”, “Pepsi”, “Mercedes-Benz” зэрэг брэндүүд бүтээгдэхүүнээ сурталчлахаас гадна нөхөрлөл, гэр бүл, баяр баясал, хамтдаа өнгөрүүлэх мөчүүдийг харуулж, хүмүүсийн сэтгэлд хүрэхийг зорьдог байв. Тэдгээр сурталчилгаа өнөөдрийнх шиг өө сэвгүй төгс дүрслэлтэй байгаагүй ч бодит амьдралтай ойр, танил дотно мэдрэмж төрүүлдэг байсан. Харин өнөөдөр бүхнийг төгс бүтээх боломжтой болсон энэ үед брэндүүдийн хувьд жинхэнэ мэдрэмж, хүний оролцоо өөрөө үнэ цэнтэй болоход нөлөөлжээ.