2024 оны наймдугаар сарын 14-нөөс 2024 оны наймдугаар сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16, 17-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15, 16-нд нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хойд хэсгээр өдөртөө бага зэрэг сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.
Улаанбаатар хотод наймдугаар сарын 14-18-ны өдрүүдэд дуу цахилгаантай аадар орж, үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Иймд иргэдийг аюулгүй байдлаа хангаж, үер, ус, аянга цахилгааны аюулаас сонор сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой комиссоос анхааруулж байна