Филиппиний Нью Кларк хотноо зохион байгуулагдсан Олон улсын цөмийн физикийн анхдугаар олимпиадад Монгол Улсын багийн гишүүн МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Н.Түвшин, аравдугаар ангийн сурагч Г.Хүслэн нар хүрэл медаль хүртлээ. Мөн тус ахлах сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Н.Анударь, аравдугаар ангийн сурагч М.Анхбаяр нар Олон улсын цөмийн физикийн олимпиадад амжилттай оролцлоо. Багийн ахлагч, дасгалжуулагч багшаар М.Одсүрэн /МУИС, ИТС-ийн дэд профессор/, багийн ахлагч, дасгалжуулагч багшаар Б.Өсөхбаяр /МУИС, ЦФСТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан/ нар оролцжээ.
Олон улсын цөмийн физикийн олимпиад нь Олон улсын атомын энергийн агентлаг (International Atomic Energy Agency)-ын ивээл дор зохион байгуулагдсан. Монгол Улс 1965 онд хуучнаар ЗХУ-д бэлтгэгдэн ирсэн мэргэжилтнүүдээр МУИС-д Цөмийн физикийн шинжилгээний группийг анхлан байгуулж, 1970 онд Цөмийн физикээр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэн гаргасан. Өдгөө МУИС-ийн Инженер, технологийн сургуульд “Цөмийн инженерчлэл” бакалавр, “Цөмийн технологи”, “Цөмийн эрчим хүч” хөтөлбөрөөр магистр, “Цөмийн технологи” хөтөлбөрөөр доктор зэрэгтэй мэргэжилтнүүдийг бэлтгэж байна.