Дэлхийн аваргын нэг мөнгө, гурван хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа гавьяат тамирчин Д.Отгонжаргалын барилдааны талаар өөрийн бодлоо сошиал хуудсандаа илэрхийллээ. Тэрээр "Бид бүгдээрээ л дүүгээ медаль авчихаасай гээд мөн ч их залбирч хүлээж байлаа, Гэхдээ болсонгүй дээ. Дүү минь чадлынхаа хэрээр эцсээ хүртэл сайхан л үзлээ. Ямар амьдралаас гарч ирж яаж өөрийгөө золиослож, ямар их тэвчээр гаргаж, хайртай дуртай спортдоо амжилт гаргах гэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, аав ээж, ард түмнээ баярлуулахын тулд тэмцэж байсныг нь бодохоор дотор харанхуйлаад байх юм. Медаль авчихвал өөрийнх нь амьдрал нь жоохон ч гэсэн дээшлэх байх гээд л залбирч суулаа. Хаа байгаа Зурагтын эцсээс өвлийн хүйтэн, зуны халууныг ажралгүй Нисэхийн тойрогт нэг ч өдөр таслалгүй 10 жил бусдаас илүү шаргуу хөдөлмөрлөснийхөө үр дүнд, анхныхаа олимпод оролцож, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр мөнгө, нэг хүрэл медаль, гурван жил дараалал хүртсэн жаахан дүүгээрээ бахархаж байна. Энэ жил 22-хон настай дүүг минь олон амжилт ирээдүй хүлээж байгаа шүү. Ялагдал болгон сургамж болж, Ялалт бүр нь урам болноо миний дүү. Одоо тэр элдэвлээд, доромжлоод байгаа хүмүүст хандаад хэдэн үг хэлмээр байна. Бид нар элдэвлэж, шүүмжилж, доромжилж байхаар нийтээрээ Монголынхоо олон сайхан тамирчидаа дэмжиж, амжилт гаргахад нөлөөлөх жижиг ч болтугай тус хийгээд, ядахдаа нэг өдрийн бэлтгэлийг нүдээрээ үзмээр байна. Жишээ нь: Жилдээ ганцхан удаа, 4 жилдээ ганцхан удаа болдог олимп, дэлхийн аварга телевизээр үзчихээд амжилт гаргавал тултал магтаад, хожигдвол муулдаг жишиг олон жил тогтлоо. Өнгөцхөн хараад дүгнэлт их хийж байна. Отгоо дүү минь нэг өвдөгний чагтан холбоос тасарсан, нөгөө авдөг нь менескны урагдалтайбайгаа, 2, 3 жил хөлөө чирээд л эмчилгээ хийлгэж, байнгын үе мөч чангалах дасгал хийж, аргацаасаар энэ олимпыг зорьсон. Даанч санасандаа хүрсэнгүй. Одоо ирээд хамгийн түрүүнд хагалгаа хийлгэх хэрэгтэй. Ядахдаа эрүүл байх чухал байна. Дэлхийн гурван медальтай тамирчин өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн орох оронгүй л явж байна энэ тал дээр анхаармаар юм. Энэ охинд амьдралын баталгаа хэрэгтэй. Санаа зоволтгүй бэлтгэл хийхэд энэ бол маш том хөшүүрэг. Манай чөлөөт тэгтлээ овойж оцойтлоо олон байр, унах унаагаар шагнуулаад байдаггүй. Шагнал, ёндоо өгөөд байдаг тэмцээн ч бараг байхгүй. Хахаж цадатлаа баяжсан тамирчин бол байхгүй. Олон дэлхийн медальтан амьдралын баталгаа битгий хэл, гаргасан амжилтаа ч үнэлүүлж, энгэрээ ч цоолуулж чадалгүй хөлстэй зааландаа ноцолдсоор л байгаа. Цөөхөн хэдэн спортод дуртай дэмжигчид, компаний удирдлагууд маань зарим тамирчдыг, сэтгэл зүрхээрээ дэмжиж, спонсорлодог. Сүүлд Чөлөөт бөхийн холбоо маань шинэчлэгдээд нүдэнд харагдахуйц олон өөрчлөлт гарч, олон жил бугшсан хэл ам жоохон тасарч, шударга ёс тогтож байгаа нь саашаалтай. Үгүй ээ тэгээд хүн гэдэг чинь урмын амьтан, ганц сайхан үг хэлээд, бэлтгэл хийж байгаа газар нь очоод, ганц хроп ус, ганцхан амино витамин дөхүүлж өгөөд, дэмждэг шүү хичээгээрэй, энэ алдаан дээрээ жоохон ажиллаарай гээд хэлэхэд юу нь болохгүй гэж. Шигшээ багийн тамирчид бэлтгэл хийдэг Спортын ордны заалны дэвжээг хүртэл сольмоор байна. Монгол Улсад олон улсын стандартын дагуу баригдсан төвлөрсөн ганцхан бэлтгэлийн бааз өнөөдрийг хүртэл байдаггүй гэж бодохоор л гол харламаар байна. Нэмж хэлэхэд чөлөөтийн есөн тамирчнаас дөнгөж хоёр нь тэмцээнээ өндөрлүүллээ. Ахиад долоон асаалттай танк байгаа шүү манайхаан. Бүх тамирчдаа мохоолгүй урам хайрлаж, дэмжье гэж уриалъя даа баярлалаа" хэмээжээ.