Ялалтын талбайн урд талаас Гэсэр сүмийн уулзвар хүртэл төвийн цэвэр усны 400 мм-ийн голчтой 450 метр шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлож, шинэчилж байна.
Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Бидний ажиллаж буй уг байршлын цэвэр усны шугам хоолойг 1950-аад онд хийсэн. Ийнхүү өнөөдөр шинэ технологиор доторлогооны ажлыг хийж байна. Нэг сувгаас нөгөө худаг хүртэл сүвэгчилж доторлогоо хийдэг уг технологийн ажиллах зарчим нь эхний ээлжид насжилт өндөртэй ган хоолойн шугамыг өндөр даралттай усаар угааж, дотор хананд тогтсон зэвийг бүрэн арилгаж, цэвэрлэдэг. Үүний дараа шугам хоолой дотор камер гүйлгэн дүрс оношилгоо хийж, шилэн даавуун доторлогоо хийдэг юм. Цаашид энэ төрлийн технологийг Улаанбаатар хотын насжилт өндөртэй шугам хоолойд нэвтрүүлнэ.
Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн ажил төрөл, амьдралд нь саад учруулахгүй. Мөн олон жил болсон насжилт өндөртэй шугам хоолойноос зэвтэй ус гардаг асуудлыг бүрэн шийднэ. Энэ шугам хоолойд 100 жилийн баталгаа өгч буй” гэлээ.
Энэ онд нийслэлийн зургаан байршилд 2.4 км цэвэр усны шугам хоолойг доторлон шинэчлэхээр төлөвлөжээ.