"П.Орхоноос допинг илэрснээр БНСУ-ын тамирчин олимпод оролцох болсон" гэх мэдээлэл цацагдсан. Энэ асуудалтай холбоотойгоор Монголын чөлөөт бөхийн холбоо болон Монголын Үндэсний олимпын хороо мэдэгдэл гаргаж үгүйсгээд буй.
Дэлхийн чөлөөт бөхийн холбооноос гаргасан мэдээлэлд дурдсанаар эмэгтэй чөлөөт бөхийн 50 кг, 62 кг-д Ардчилсан Солонгосын бөхчүүд Парисын олимпод оролцохгүй болж, оронд нь Итали, БНСУ-ын бөхчүүд оролцохоор болжээ. "П.Орхоноос допинг илэрсэн тул БНСУ-ын тамирчин И Хан Бит олимпод оролцохоор болсон" гэсэн асуудал ийнхүү эцэслэлээ.
Дэлхийн чөлөөт бөхийн холбооны мэдээллийг энд дарж унших боломжтой.
Ардчилсан Солонгосын тамирчид квотоо ямар учраас буцаах болсон талаарх мэдээлэл байхгүй байна.
Дашрамд дурдахад, Киргизстаны Бишкек хотод 2024 оны дөрөвдүгээр сард болсон “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээнд дэлхийн аварга, Азийн аварга, гавьяат тамирчин П.Орхон БНСУ-ын бөх И Хан Битийг цэвэр ялснаар олимпын наадамд оролцох эрхтэй болсон билээ.