Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын XXXIII наадам “Парис-2024” олимп зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн олимпын наадамд Монгол Улсаас спортын есөн төрөлд 33 тамирчин оролцож байна.
Өнөөдөр манай тамирчдаас буудлагын эрэгтэй гурван байрлалт 50 метрийн урт бууны урьдчилсан дасгалын төрөлд Нянтайн Баяраа цэц сорино. Түүний тоглолт Улаанбаатарын цагаар 15.00-д эхлэх юм.
Эхний тав хоногийн байдлаар олимпын медалийн үзүүлэлтээр Япон Улс долоон алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальтайгаар тэргүүлж байна. Үүний араас БНХАУ 14 медальтайгаар удаалжээ.. Харин олимп зохион байгуулагч орон Франц таван алт, есөн мөнгө, дөрвөн хүрэл медальтайгаар гуравдугаарт бичигджээ. Монголчуудын хувьд жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-ын жингийн барилдаанд дэлхийн аварга Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэнээр манай улс медалийн үзүүлэлтээр 28 дугаарт байрт бичигдэж байна.
Өчигдөр эрэгтэй усанд сэлэлтийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Батбаярын Энхтамир өрсөлдлөө. Тус төрөлд 80 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Б.Энхтамир 50.81 секундийн хугацаанд зайгаа дуусгаж, 50-р байрт орлоо. 19 настай тамирчны хувьд энэ нь өндөр амжилтын үзүүлэлт бөгөөд өөрийн эзэмшиж байсан Үндэсний рекордыг шинэчилсэн юм. Өчигдөр мөн боксын эмэгтэй -54 кг жингийн шигшээ 16 тамирчин өрсөлдлөө. Тус төрөлд манай улсаас Мөнгөнцэцэгийн Энхжаргал тулалдсан юм. Тэрээр шигшээ 16-ын тулаанд Румын улсын тамирчин Ленута Лакрамиоаратай тулалдаж 4:1 саналаар ялж, шигшээ 8-д шалгарлаа. Ингэснээр дараагийн шатанд Туркийн тамирчин, дэлхийн аварга Хатиче Акбастай хүрэл медалийн төлөө тулалдана. Тэдний тулаан Улаанбаатарын цагаар наймдугаар сарын 1-ны 23.22 цагт болно.
Манай баг тамирчдын тэмцээн долоодугаар сарын 25-наас эхэлсэн. Олимпын наадмын салхийг байт харвааны эрэгтэй ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох харваанд цэц сорьсон ОУХМ Баатархуягийн Отгонболд хагалсан юм. Түүнээс хойш өдөр бүхэн монгол тамирчид хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, авъяас чадвараараа өрсөлдөж буй.
Тэдгээрээс онцлох амжилт, үзүүлэлтийг хүргэе.
- Парис-2024" олимпын жүдо бөхийн эмэгтэй -48 кг-ын жингийн барилдаанд манай улсаас отгон Дэлхийн аварга, Ази тивийн аварга "Сүлд" спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Баасанхүү барилдаж, мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Испанийн тамирчин Мартинез Абелендатай барилдаж нэмэлт цагт ялснаар алтан медалийн төлөө барилдахаар болсон юм. Улмаар алтан медалийн төлөө Японы тамирчин Дэлхийн гурван удаагийн аварга, Азийн наадмын хоёр удаагийн аварга, Дэлхийн их дуулга тэмцээний таван удаагийн аварга Нацуми Цунодатай барилдаж, ялагдсанаар олимпын мөнгөн медаль хүртсэн юм. Ийнхүү "Парис 2024" олимпын Монголын медалийн буухиаг Б.Баасанхүү мөнгөн медалиар эхлүүлсэн.
- Гавьяат тамирчин, марафонч Б.Сэр-Од зургаа дахь олимпдоо оролцож байгаа бөгөөд ийнхүү Монголын төдийгүй Олимпын наадамд хөнгөн атлетикийн төрлөөр хамгийн олон удаа оролцож буй тамирчин болж, гиннесийн амжилт тогтоолоо.
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо болж буй зуны Олимпын XXXIII наадмын нээлтийн ажиллагаанд оролцсон. Тус арга хэмжээнд нийт 60 гаруй улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага оролцсон юм. Мөн олимпын наадамд оролцох нийт 184 улсын 10,500 тамирчид Сена мөрний дагуу 6 км замаар үргэлжлэх 160 завиар парад хийж оролцсон нь онцлог байв.
Монгол баг, тамирчдын тоглолтын хуваарьтай энд дарж танилцана уу.
Ирэх наймдугаар сарын 28-аас есдүгээр сарын 08-ны өдрүүдэд болох Паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх, нийт 44 эрхтэйгээр оролцоно.