
Нийслэлд усархаг бороо үргэлжлэн ороход ихэнх авто замууд гол горхи шиг болж, энд тэндгүй шавар шавхаа болдог. Энэ жил ч мөн адил энэ байдал давтагдаж байна. Түүгээр ч зогсохгүй орон сууцны дээврээр борооны ус орж, айлууд усанд автжээ. Тодруулбал, Баянгол дүүрэгт байрлах 53 дугаар байрны нэгдүгээр орцны айлууд руу борооны ус орж, багагүй хохирол амсаад байна. Ингээд бид төмөр зам орчимд байрлах тус орон сууцыг зорьсон юм. Биднийг тус таван давхар цагаан орон сууцны гадаа очиход уурлаж, бухимдсан оршин суугчид, дүүргийн дэд бүтэц хариуцсан мэргэжилтнүүд болон СӨХ-ныхон цугларсан байв.
Байрны дээврийн засварын ажлыг дутуу, дулимаг хийснээр айлууд руу борооны ус орж, их хэмжээний хохирол учруулжээ.
Тэнд цугларсан оршин суугчдын хэлж буйгаар тус байрны дээврийн засварын ажлыг дутуу, дулимаг хийснээр айлууд руу борооны ус орж, их хэмжээний хохирол учруулжээ. Мөн зарим айлын цахилгаанд догогдол үүссэнээр хөргөгч, плитка зэрэг цахилгаан хэрэгсэл нь шатсан гэнэ.
С.Ганзориг: Хур бороо ихтэй үеэр дээвэр хуулж, завсараа эхлүүлсэнд гайхаж байна

Ингээд үүсээд буй нөхцөл байдлын талаар тус байрны 15 тоотод оршин суух С.Ганзоригоос тодрууллаа.
-Дээврийн засварын ажлыг дутуу, дулимаг хийснээс ийм зүйл боллоо гэж ойлголоо?
-Манайх энэ байрны нэгдүгээр орцны таван давхарт оршин суудаг. Өчигдөр 23.00 цагийн үед манай таазнаас ус шүүрч эхэлсэн. Сүүлдээ бүр хана дагаж ус орж ирсэн. Засварчид цаг агаарын нөхцөл байдлыг тооцоолохгүй засвараа эхлүүлснээс болж ийм зүйл боллоо.
-Дээврийн засварын ажил хийж байгаа талаар та бүхэнд мэдэгдсэн үү?
-Оршин суугчдад дээврийн засварын ажил хийж байгаа талаар мэдэгдээгүй. Өчигдөр ус гоожоод эхлэхээр нь ийш тийш утас цохиж энэ талаар мэдлээ. Тэгсэн яг манай дээрх хэсэг газрын дээврийн хучилтыг хуулчихсан байсан юм байна.
-Ус гоожиж эхлэх үеэр энэ талаар хариуцах байгууллагуудад мэдэгдсэн үү?
-Өчигдөр СӨХ руугаа залгатал утсаа аваагүй. Дүүрэг рүү холбогдсон боловч бид хариуцахгүй, СӨХ-ндоо хэл гэсэн. Ингээд нэг, нэгэн рүүгээ түлхээд байсан. Шөнөжин л ус гоожлоо, арчиж цэвэрлэлээ. Доод давхрынхаа айлууд руу ус оруулахгүйн тулд ус гоожиж байгаа газартаа түмпэн сав тосож, гоожсон усыг арчсан. Гэсэн хэдий ч бороо шөнөжин орсон болохоор доод айлууд руу ус нэвтэрсэн.
-Одоогоор хэдэн айл руу ус ороод байна вэ?
-Манай доод давхрын дөрвөн айл руу ус орсон. Мөн манай давхрын хоёр айл руу ус орсон. Ингээд бараг 6, 7 айл усанд автчихаад байна.
-Дээврийн засварын ажлыг хаанаас хийж байгаа юм бэ. Хариуцах байгууллага, албан тушаалтнууд асуудлыг хэрхэн шийдвэрлэнэ гэж байна?
-Энэ засварыг дүүргийн хөрөнгө оруулалтаар нэг хувийн компани гүйцэтгэж байгаа гэсэн. Хариуцах байгууллагуудад үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өчигдөр шөнө мэдэгдсэн. Гэтэл дөнгөж сая л /13:00 цаг/ ирж байна. Уг нь засвар хийж байгаа нь сайн. Гэхдээ яагаад заавал хур бороо ихтэй үеэр засвараа хийж байгаад гайхаж байна. Тэгээд бас айлын дээвэр хуулчихсан хүмүүс чинь бороо оронгуут ирээд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч болно доо. Бидний хохирлыг барагдуулна гэж байгаа хэдий ч бид хэд хоног ийм байдалтай байх юм бэ.
-Бороо орно гэдгийг бид хэлсэн, анхааруулсан-

Тус байрны дээврийн засварын ажлыг дүүргийн хөрөнгө оруулалтаар “CDMM” ХХК гүйцэтгэж байгаа аж. Тэд засварын ажлаа энэ сарын 18-ны өдөр эхлүүлсэн юм байна. Тус компанийнхан өчигдөр тус байрны нэгдүгээр орцны дээрх дээврийн хучилтыг хуулжээ.
Ингэхдээ дотогш борооны ус нэвтрэхгүй байх урьдчилан сэргийлэх хамгаалалтыг хийгээгүй.
Ингэхдээ дотогш борооны ус нэвтрэхгүй байх урьдчилан сэргийлэх хамгаалалтыг хийгээгүй гэдгийг “Замчдын тосгон” СӨХ-ны дарга М.Нямсүрэн хэллээ. Мөн тэрээр “Бид ойрын өдрүүдэд бороо хуртай юм байна. Цаг агаар харж байж засварын ажлаа эхлүүлээрэй гэж “CDMM” компанийнханд анхааруулсан. Тэд түр зуурын бороо юм билээ. Гайгүй байх аа гэж хэлсэн” гэв.
-Оршин суугчдын хохирлыг хэн барагдуулах вэ-

Энэ үеэр дээврийн засварын ажлыг гүйцэтгэж буй “CDMM” ХХК-ийн ажилчид ирж, байрны дээврийг гялгараар бүтээж борооны ус дотогш нэвтрэхээс хамгаалав. Харин оршин суугчид компанийн ажилчид болон СӨХ, дүүргийн дэд бүтэц хариуцсан мэргэжилтнээс “Хэзээ бидний хохирлыг барагдуулах вэ”, “Бид хэд хоног ийм байдалтай байх вэ”, “Та нарын хариуцлагагүй байдлаас болж бид эд хөрөнгөөрөө хохирлоо. Өнөөдөр ажлаа тасаллаа” гэх зэрэг асуултыг асууж, бухимдлаа илэрхийллээ.
Айлууд руу хэдий хэмжээний ус орж, хэр их хохирол учруулсныг судалж байна.
Харин энэ талаар тус дүүргийн дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн н.Мөнгөнтулгаас лавлахад “Оршин суугчдын хохирлыг барагдуулна. Айлууд руу хэдий хэмжээний ус орж, хэр их хохирол учруулсныг судалж байна” гэлээ.








