Хамгийн олон нь хүрэл

Монголчууд 1964 оноос олимпод оролцож эхэлснээс хойш нийт 30 медаль хүртжээ. Үүний хоёр нь алт, 11 нь мөнгө, 17 хүрэл. Анх оролцсон 1964 оны Токиогийн олимп, 2000 оны Сиднейн олимпоос медаль хүртэж чадаагүй бөгөөд бусад бүх олимпоос медаль хүртэж байжээ.

Хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй оролцсон олимп

Монголчууд олимпын наадамд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон нь 1980 оны Москва, 2016 оны Рио, 2020 оны Токиогийн олимп байв. Энэ гурван олимпод адил тэнцүү 43 хүний бүрэлдэхүүнтэй оролцжээ.

Хамгийн цөөн бүрэлдэхүүнтэй оролцсон олимп

Монгол Улс хамгийн цөөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон нь 1968 оны Мехикогийн олимп болон 1996 оны Атлантагийн олимп. Монголчууд хоёр дахь зуны олимпдоо 12 эрэгтэй, дөрвөн эмэгтэй, нийт 16 тамирчинтай оролцож, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн түүхтэй. Чөлөөт бөхийн тамирчид медалийн салхийг хагалж, шинэ түүх бүтээн дөрвөн медаль хүртсэн юм.

1996 оны Атлантагийн олимпод мөн эрэгтэй 12, эмэгтэй дөрвөн тамирчин оролцсоноос жүдо бөхийн 60 кг-ын жинд барилдсан Д.Нармандах хүрэл медаль хүртсэн.

Хамгийн олон медаль хүртсэн олимп

Монголчууд 2012 оны Лондоны олимпод спортын долоон төрөлд 29 тамирчинтай оролцов. “Бээжин 2008” олимпын наадмаас хүртсэн алтан медалийн буухиагаа үргэлжлүүлж чадаагүй ч таван медаль авч, шинэ дээд амжилт тогтоосон. Жүдоч Н.Түвшинбаяр олимпын хос медальтай Монголын анхны тамирчнаар тодорсон бол боксчин Н.Төгсцогт 20 насандаа олимпод үзүүрлэв. Түүнчлэн С.Ням-Очир, С.Батцэцэг, У.Мөнх-Эрдэнэ нар хүрэл медалиар энгэрээ мялаасан юм.

Олимпод хамгийн олон оролцсон тамирчин

Тамирчдаас хамгийн олон удаа олимпод оролцсон нь хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа. Буудлагын спортоор 1993 оноос хичээллэж эхэлсэн тэрээр “Атланта-1996”, “Сидней-2000”, “Афин 2004”, “Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио-2016”, “Токио-2020” олимпод оролцсон юм. Тэрээр долоон олимпод оролцохдоо нэг мөнгөн медаль хүртсэн нь 2008 оны Бээжингийн олимп байв.

О.Гүндэгмаа долоон олимпод оролцохдоо дараах байруудыг эзэлжээ.

“Атланта-1996”

• 10 метрийн агаарын хийн гар буу-30

• 25 метрийн спорт гар буу-15

“Сидней-2000”

• 10 метрийн агаарын хийн гар буу-9

• 25 метрийн спорт гар буу-6

“Афин-2004”

• 10 метрийн агаарын хийн гар буу-16

• 25 метрийн спорт гар буу-6

“Бээжин-2008”

• 10 метрийн агаарын хийн гар буу-12

• 25 метрийн спорт гар буу-мөнгө

“Лондон-2012”

• 10 метрийн агаарын хийн гар буу-18

• 25 метрийн спорт гар буу-27

“Рио-2016”

• 10 метрийн агаарын хийн гар буу-20

• 25 метрийн спорт гар буу-12

“Токио-2020”

• 10 метрийн агаарын хийн гар буу-30

• 25 метрийн спорт гар буу-26

Хосоороо олимпоос медаль хүртсэн цорын ганц гэр бүл

Манай улсад хосоороо олимпоос медаль хүртсэн цорын ганц, төрөөс хамтдаа хөдөлмөрийн баатар цол хүртсэн цөөхөн хэдхэн гэр бүл бий. Энэ хоёр амжилтыг хослуулсан ганцхан гэр бүл байдаг нь Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нар. Х.Цагаанбаатар 2004 оны Афины олимпоос хүрэл медаль хүртсэн бол түүний гэргий О.Гүндэгмаа 2008 оны Бээжингийн олимпоос мөнгөн медаль хүртсэнээр олимпоос хосоороо медаль хүртсэн Монголын цорын ганц гэр бүл болсон юм. Тэдний энэ амжилтыг төрөөс үнэлж хоёуланд нь хөдөлмөрийн баатар цол хүртээсэн.

Монголын анхны алт, мөнгө, хүрэл медальтнууд

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Булган нутгийн хүү Н.Түвшинбаяр 2008 оны наймдугаар сарын 14-нд алтан медаль хүртэж, Монголын анхны олимпын аварга төрж байсан түүхтэй. Мөн түүний хувьд олимпоос хос медаль хүртсэн Монголын цор ганц тамирчин юм. Тэрээр 2012 оны наймдугаар сарын 2-нд Лондоны олимпоос мөнгөн медаль хүртэж, төрийн алтан соёмбот далбаагаа дахин олимпын тэнгэрт мандуулж, “Найдвар алддаггүй Найдангийн хүү” хэмээх алдрыг хүртсэн билээ.

Монгол Улсын анхны олимпын мөнгөн медалийг Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн дархан аварга Ж.Мөнхбат хүртсэн юм. Тэрээр 1968 оны Мехикогийн олимпоос 87 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, олимпын анхны мөнгөн медальтан болсон.

Монгол Улсын анхны олимпын хүрэл медалийг 1968 оны Мехикогийн олимпоос ардын багш, чөлөөт бөхийн тамирчин, дасгалжуулагч Ч.Дамдиншарав хүртсэн. Тэрээр түүхэн энэ амжилтыг 1968 оны аравдугаар сарын 20-нд бүтээж байсан юм. Түүний дараа тус олимпоос Д.Сэрээтэр, Т.Артаг нар тус, тус хүрэл медаль, хүртсэн түүхтэй.

Хамгийн олон удаа тугч хийсэн тамирчин

Монголчууд 14 удаагийн зуны олимпод ороцсоноос гуравт нь хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат Эрдэнэ төрийн далбаагаа мандуулж, олимпын тугч хийсэн түүхтэй. Олимпын наадамд жүдо бөхийн төрлөөр оролцсон тэрээр “Сөүл 1988”, “Барселон-1992”, “Сидней-2000” олимпын тугчаар сонгогджээ. Монголчуудын оролцсон бусад олимпын тугчид бүгд өөр өөр тамирчинд байв. Өөрөөр хэлбэл, Б.Бат-Эрдэнэ аваргаас өөр олимпын тугчаар нэгээс дээш удаа сонгогдсон тамирчин байхгүй гэсэн үг.