Хэрэглээний бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ буюу инфляц 2024 оны зургаадугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэр 5.1 хувь, өнгөрсөн сараас 0.3 хувь өссөн талаар холбогдох байгууллагаас мэдээлсэн. Тодруулбал, Улаанбаатар хотод инфляцын түвшин 4.8 хувьтай гарсан. Өмнөх сараас нийслэлд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ 0.4 хувь нэмэгдсэн. Харин аймгуудад 3.2-8.9 хувь нэмэгдсэн байна. Инфляцын түвшин өмнөх оны мөн үед 10.6 хувьтай гарч байсан бол энэ оны мөн үед 5.1 хувь болж нэмэгдсэн. Үнийн өсөлтөд боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ голлох нөлөө үзүүлсэн гэдгийг ҮСХ-ноос мэдээлсэн юм. Тодруулбал, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16.8 хувиар өссөн байна.

Боловсролын үйлчилгээний үнийн өсөлтөд их дээд сургуулиудын нэг кредит цагийн сургалтын төлбөр өссөн нь нөлөөлсөн эсэхийг судаллаа. Их, дээд сургуулиудын нэг кредит цагийн сургалтын дундаж төлбөр 94 мянгаас 170 мянган төгрөгийн хооронд байна.

Тодруулбал,

МУИС-ийн нэг кредит цагийн сургалтын төлбөр хөтөлбөрөөс хамаарч 119,000-142,800 төгрөг

ШУТИС-ийн нэг кредит цагийн сургалтын төлбөр хөтөлбөрөөс хамаарч 148,000-170,000 төгрөг

АШУҮИС-ийн нэг кредит цагийн сургалтын төлбөр хөтөлбөрөөс хамаарч 62,000-132,000 төгрөг

МУБИС-ийн нэг кредит цагийн сургалтын төлбөр хөтөлбөрөөс хамаарч 78,000-94,000 төгрөг байна.

Эдгээр нь өнгөрсөн онд тогтоосон төлбөр бөгөөд энэ жил нэмэгдэх эсэх нь хараахан тодорхойгүй байгаа аж. Тэгэхээр боловсролын үйлчилгээний үнийн өсөлтөд дунд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүлсэн байна.