Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир мэдээлэл өглөө. Тэрээр "Төв цэнгэлдэх орчимд 7850 тээврийн хэрэгсэл зогсох төлөвлөлттэй байна. 550 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тусгай зөвшөөрөлтэй автомашинд телекамераар болон биетээр хяналт тавьж байна. Зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл зогсоол руугаа орох зохион байгуулалт дээр онцгой анхаарч байна. Төв цэнгэлдэх орчмын долоон төрлийн гарц дээр хяналт тавьж байгаа. Мөн энэ жил төв цэнгэлдэх орчимд хоёр дугуйтай тээврийн хэрэгсэл оруулахгүй. Олон иргэн бага насны хүүхдээ дагуулаад хөдөлгөөнд оролцож байна. Хараа хяналттай байхыг анхааруулж хэлмээр байна" гэв.