Монгол наадам нь монголчуудын түүх, төрт ёсны уламжлал, соёл, ёс заншлыг бүхэлд нь шингээсэн соёлын их өв билээ. Монголчууд бид энэ цагт Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлж байна.

Түүх сөхвөл, Монгол наадам Хүннүгийн үеэс эхтэй болохыг Хятадын судар бичигт тэмдэглэн үлдээжээ. Хүннүчүүд зуны дэлгэр сард хурдан морь, хүчит бөх, сур харваагаар хурд, бяр, цэц мэргэнээ сорьдог байсан гэж тэмдэглэсэн байна.

Мөн 1206 онд Их монгол улсыг байгуулж, Тэмүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтжээ.

Түүнчлэн 1634 онд Лигдэн хутагт хаан “Төрийн ёсны их баяр”, 1639 онд Занабазар “Бат-Оршил”, 1921 онд Ардын хувьсгалын ойн баяр, 1922 оноос “Цэргийн наадам” хэмээн нэрлэн тэмдэглэж иржээ. Улмаар 2003 оноос Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр болсон түүхтэй.

Энэхүү өв соёлыг тээн үргэлжлүүлж, хойч үедээ залгамжлуулан дэлгэрүүлэгч наадамчин олон түмэн, хүчит бөхчүүд, мэргэн харваачид, уяачид, уралдаанч хүүхдүүддээ Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе.

Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд хурдан, цэц магнай харваачид мэргэн байх болтугай. Монгол түмэн минь дэнж хотойтол, дэлгэр сайхан наадаарай.