Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг өнөөдөр буюу долоодугаар сарын 10-ны 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглож, иргэд, жуулчдын хүртээл болгохоор болжээ. “Учиртай гурван толгой” дуурийг Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар олны хүртээл болгож буй.
Баяр наадмыг зохион байгуулах комиссын мэдээлснээр, энэ жил "Учиртай гурван толгой" дуурийн гол дүрүүдийг шинээр сонгон шалгаруулж, шинэчлэн тавьж буй.
“Учиртай гурван толгой” дуурийн найруулагчаар МУСТА С.Баттулга, удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир ажиллаж байна.
Юндэнгийн дүрд дуучин Э.Анхбаяр, Нансалмаагийн дүрд УДБУТ-ын дуучин Б.Энхнаран, Балганы дүрд УБДУТ-ын дуучин О.Хүрэлбаатар, Хоролмаагийн дүрд УБДЭТ-ын гоцлол дуучин Б.Одонзаяа, худалдаачны дүрд тус театрын гоцлол дуучин Э.Отгонбат, бүүвэйчийн дүрд гоцлол дуучин М.Дариймаа нар тоглохоор шалгарчээ.