
“Үндэстний ТОЙМ” сэтгүүл Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын урын сантай хамтран Монголын сонгодог урлагийн түүхэн дэх сор бүтээлүүдийг анхлан туурвисан уран бүтээлчдийг танилцуулах “Сонгодог урлагийн анхдагчид” буланг эхлүүлсэн билээ. Энэхүү булангийнхаа 14 дэх дугаарт Монголын соёл урлагийн ертөнцөд тодоор тэмдэглэгдэн үлдсэн их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурь хэрхэн бүтэж, хэрхэн шинэчлэгдэж, өнөөгийн бидэнд ирсэн түүхийг өгүүлье. Уг нийтлэлийг Ц.Төвшинтөгс, О.Энхбатын “Учиртай гурван толгой”-н түүхэн тэмдэглэлийн товчоон” нэг, хоёрдугаар боть бүтээлийг ашиглан бичлээ.

Нансалмаа-Ө.РЭНЦЭННОРОВ
Юндэн-А.ЦЭРЭНДЭНДЭВ
1942 онд анх тайзнаа тавьжээ
Ц.Дамдинсүрэн их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” жүжгийн зохиолд өөрчлөлт хийж, “Учиртай гурван толгой” хэмээх Монголын ууган дуурийн цомнолыг бэлэн болгож, хөгжим аялгууг Б.Дамдинсүрэн, найрал хөгжмийн партитурыг Б.Смирнов нар бичиж, 1942 оны дөрөвдүгээр сарын 29-нд анх тайзнаа толилуулжээ.
1942 онд тайзнаа анх толилуулсан бүрэлдэхүүн
/Дөрвөн бүлэг, таван үзэгдэлт опер/
Хөгжим: Б.Дамдинсүрэн, Б.Ф.Смирнов
Цомнол: Д.Нацагдорж
Удирдаач: Б.Дамдинсүрэн, Д.Лувсаншарав
Ерөнхий найруулагч: А.Б.Рабинович
Ерөнхий зураач: Н.Бельский
Ерөнхий хормейстер: Ф.И.Клейшко
Туслах найруулагч: Д.Бат-Очир
Гүйцэтгэх зураач: Л.Гаваа, Н.Цүлтэм,
Лувсандамдин /Л.Махбал, Эрдэнэбулган, Сүхбаатар/
Бүжиг дэглээч: Туганов
Тайзны машинист: С.Доржсүрэн
Барималчин: Гүрдорж
Мужаан: Жамба
Гэрэлтүүлэгч: Дашдаваа, Дондог
Хөгжим: Холимог найрал хөгжим
Уран сайхны удирдагч: Маршал Чойбалсангийн шагналт, БНМАУ-ын ардын жүжигчин Э.Оюун
Театрын дарга: Ламжав
Дүрүүдэд
Юндэн: А.Цэрэндэндэв, Г.Гомбосүрэн
Нансалмаа: Д.Ичинхорлоо, Ө.Рэнцэнноров, Т.Хандсүрэн
Балган: Л.Лувсан, Г.Дашпунцаг
Хоролмаа: Т.Хандсүрэн, Цэндсүрэн
Бүүвэйч: В.Сүрэнхорлоо, Л.Долгор, Чулуунхүү
Худалдаачин: Жигмиддорж
Дууч: Ж.Дорждагва
Ард өвгөн: Е.Гомбодорж, Д.Чимэд-Осор
Олны хэсэгт: Найрал дуучид, бүжигчид
Театр шатсаны улмаас дахин сэргээсэн нь
1949 оны нэгдүгээр сард Улсын хөгжимт драмын театр шатаж, театрт байсан бүх эд хэрэглэл, урын сан үгүй болжээ. Үүний дараа театрын урын санд тоглогдож байсан жүжгүүдээ хэрхэн сэргээх талаар мэргэжилтнүүд ярилцаж, хамгийн түрүүнд “Учиртай гурван толгой” дуурийг сэргээхээр тогтсон байна. Үүнийг хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэнд үүрэг болгон өгч, энэ ажлыг тэрээр амжилттай хийж гүйцэтгэжээ. Ингээд 1950 оны арванхоёрдугаар сарын 30-нд УХДТ-ынхаа барилгын нээлтийг “Учиртай гурван толгой”-н 1000 дахь тоглолтоор нээжээ. Уг дуурь анх удаа симфони найрал хөгжимд бичигдэж, тоглогдсон түүх ийм аж. Найруулагчаар С.Гэндэн, удирдаачаар Б.Дамдинсүрэн, зураачаар Л.Махбал, бүжиг дэглээчээр Д.Лувсангунгаа, хормейстерээр Д.Лувсаншарав нар ажилласан.
Их зохиолчийн 70 насны ойд зориулан шинэчлэв
1976 онд МАХН-ын XVII их хурал болж, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 70 жилийн ойд зориулж, “Учиртай гурван толгой” дуурийн найруулга, хөгжим, тайз, гэрэл, хувцас хэрэглэл гээд бүх зүйлийг шинэчилжээ. Хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн хөгжмийн хувьд нэлээд өөрчлөлтийг хийсэн байна. Ийнхүү шинэчилсэн тавилтыг 1976 оны зургаадугаар сарын 26 нд анх толилуулж байв. Ерөнхий найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Лхасүрэн, найруулагчаар Ё.Цэрэндолгор, ерөнхий зураачаар ардын зураач, Төрийн шагналт Л.Гаваа, удирдаачаар нэрт удирдаач Ч.Жамсранжав Ц.Баатаржав нар ажиллажээ.
Шинэчлэн найруулсандаа халагласан 1997 оны тавилт
1997 онд дахин шинэчилж, Л.Эрдэнэбулган найруулагч шинэчлэн найруулж, урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ч.Гунгаасүх, удирдаач Н.Туулайхүү, Ж.Бүрэнбэх зэрэг уран бүтээлчид хамтран ажиллажээ. Юндэнд П.Ганбат, М.Болд, Ц.Төвшинтөгс, Ж.Гантөмөр, А.Дашпэлжээ, Нансалмаад Б.Жавзандулам, А.Долгор, Балганд Г.Пүрэвсүрэн, С.Баянбилэг, Х.Үнэнхүү, Н.Төмөр-Очир, Хоролмаад Б.Цэцгээ, Ч.Мөнхшүр нар гоцолсон байна. Одоог хүртэл УДБЭТ-ын тайзнаа энэхүү тавилтаар хүргэж буй юм. Харин дуурийг шинэчлэн тавьсан урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган “Учиртай гурван толгой”-г хөндсөндөө харамсдаг.

"Учиртай гурван толгой” бол хөгжим, тайз, жүжиглэлийн урлагийн хэд, хэдэн үеийг хадгалж байгаа бүтээл юм. Энэ дуурь өнөөдрийн үзэгчид төдийгүй, хойшид судлаачдын анхаарлыг татах болно. 1967 онд Болгарт төгсөж ирээд дуурийн театрт орж ажиллахдаа манай хамгийн том дуурийн гол дүр Юндэнгийн дүрийг бүтээх аз завшаан тохиосонд би их баяртай байдаг. Энэ дүрийг багш Д.Лхасүрэн болон Ж.Чулуун, С.Базаррагчаа гуай гол нь их тусалж босгосон. Би Юндэнд 300 гаруй удаа тоглосон. Хорин хэдтэй хүүг тоож, энэ дүрийг босгох гэж театрынхан их хөл болсон доо. Бүх хувцсыг шинэчилж, бүс, гутал, малгайг бас том хэт хутга, мөнгөн аяга шив шинээр хийж өгсөн. Д.Нацагдоржийн зохиол өгүүллүүдийн гүн агуулгыг би их хүндэлж, сонирхдог. “Учиртай гурван толгой” дуурийг 1996 онд Дуурь бүжгийн театрт найруулан тавьсан. Энэ дуурийг шинэчлэн найруулж тавьсан найруулагчийн хувьд одоо бодоход би харамсдаг. Дуурьт гар хүрснээрээ би алдсан. Яагаад гэвэл 1976 онд Д.Лхасүрэн багш, Ж.Чулуун, Б.Дамдинсүрэн гуай тухайн үед нь зохицуулаад маш сайн сайжруулаад тавьчихжээ. Шинэчлээд энэ бүтээлийг тамгалчихаж. Бүтээл болгоныг өөрчлөөд байх шаардлагагүй юм гэж би боддог болсон. Би Болгарт сурч байхдаа театрт нь “Лусын дагина” гэж нэг хуучин бүр навсайсан дуурь тоглож байхыг үзээд багшаасаа “Энийг шинэчилж болдоггүй юм уу” гэж асуухад “Шинэчлэх хэрэггүй” гэснийг санаж байна. Тэгэхэд би оюутан залуу, учрыг нь ойлгож чадаагүй байна лээ. Одоо “Учиртай гурван толгой” гэдэг агуу бүтээлийг Л.Эрдэнэбулган найруулсан гэж хэлүүлэхээс илүү нүгэл хийсэн гэж боддог. Энэ шинэчилсэн дуурьт залуу дуучдыг сонгож оруулж ирснээрээ онцлогтой. Б.Жавзандулам, П.Ганбат нарыг анх энэ дууриар хөлийг нь олуулж байлаа. Хэрэв боломж олддог юм бол энэ бүтээлээ 1976 оны тавилтаар нь болгож найруулан тавина гэсэн бодол байдаг даа. Ер нь хот, хөдөөгийн олон жүжигчид энэ дуурьт тоглосон. Судалж үзэхэд Улаанбаатар хотод Юндэнд 31, Балганд 36 хүн тоглосон байдаг юм билээ. 2002 онд Говь-Алтай аймагт уг дуурийг найруулан тоглуулсан."
Д.Цэдмаагийн “Учиртай гурван толгой” аялгуут жүжгийн түүхэн хөгжил бүтээлээс
Сонирхуулахад, “Учиртай гурван толгой” зохиолыг үндэслэн 1987 онд Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагвын цомнол, урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Мэнд-Амарын хөгжмөөр “Үйлийн гурван толгой” балет, 1997 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгад 1997 онд Төрийн шагналт бүжиг дэглээч С.Сүхбаатарын найруулгаар “Учиртай гурван толгой” дуулалт бүжиг, 1993 онд урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганы найруулгаар “Учиртай гурван толгой” дуулалт жүжиг, М.Тогмидын зохиолоор найруулагч Ё.Цэрэндолгор 1994 онд “Төөрөг” уран сайхны киног тус, тус бүтээжээ.

Хоролмаа-Л.ЦЭНДСҮРЭН

Балган-Л.ЛУВСАН
“Учиртай гурван толгой” дуурийн либретто /1997 он/
Нэгдүгээр үзэгдэл
Хөдөө тал
Үдэш орой болж эх хүний бүүвэйн дуу уянгална. Сэтгэлт хос Юндэн, Нансалмаа хоёр болзон уулзаж, бие биедээ хайр сэтгэлээ илэрхийлнэ. Юндэн, Нансалмаа хоёр эхийн гар дээр бүүвэйлэгдэх бяцхан хүүг өхөөрдөж хэсэг зогсоод явав. Тэнгэрт одод түгж харанхуй болжээ. Хүн бүгд амгалан зүүд нойрондоо автжээ. Харин Юндэн Нансалмаа хоёр одод түгсэн шөнийн нам гүмд зугаацан
“Ижил хоёр шувуу шиг Ижилдэн суух” тухайгаа ярилцаад Юндэн хот газар очиж хуримынхаа юмыг төхөөрөхөөр болно.
Үүр хаяарч нутгийн ардууд анд мордох эрчүүд алсад одох Юндэнг гаргаж өгөхөөр цугларав. Юндэнд дурласан нутгийн бүсгүй Хоролмаа ирж Нансалмааг хараад атаархах сэтгэлд автан ямар нэгэн хорон муу зүйлийг бодон зогсоно. Нансалмаа, Юндэнгээ алсын замд үдэн тэвчээртэй хүлээхээ андгайлав.
Авд мордоод бүхэл өдөр буугаа дуугаргаж чадаагүй Балган ноён дагуулуудаа дагуулан их л ууртай явахад нь Хоролмаа хүүхэн дайралдаж, уур омгоо дарах нэгэн сайхан боломж байгааг хэлж сэтгэлээ сэргээхийг хүснэ. Өөрийн замаас Нансалмааг зайлуулахын тулд Балган ноёнд түүнийг зааж өгөв. Балган зарц нартаа тэр сайхан бүсгүйг олж ирэхийг зарлиг болгов. Хүчинд автагдан ирсэн Нансалмаа сүйт нөхөртэйгөө хэлж өршөөл гуйх боловч хүүхний үзэсгэлэн гоод сэтгэл алдарсан Балган Хоролмаагийн зааж өгснөөр хөөрхий бүсгүйг эрх ямбаараа сүр далайлган гэрийн зүг авч одно.
Хоёрдугаар үзэгдэл
Балганы өргөө
Тэрээр нутагтаа зартай баяны агь ажээ. Хүний эрхэнд орсон хөөрхий Нансалмаа алтан торонд хоригдсон дэгдээхэй мэт эрх чөлөөгүй байгаадаа гутарна. Түүнийг Балган ноёны ордны эхнэр, хатад элдэв чимэг баялгаар хууран тайтгаруулахыг оролдоно. Энэ үед гэрийн гадаа танил дуу сонсогдоход Юндэнг ирлээ хэмээн баярласан Нансалмаа тэр хүнийг оруулахыг гуйна.
Гэтэл Юндэн биш, холын худалдаачин орж ирэв. Нансалмаа түүнээс амраг Юндэнгээ сураглаж хэл хүргэхийг хүснэ. Худалдаачин түүний хүслийг биелүүлэх хоосон ам өгч, хишиг хүртэн гарч одов.
Балган ноён ирж Нансалмааг эхнэрээ болохыг гуйхад бүсгүй хутгыг нь сэм сугалан өөрийгөө хөнөөхийг завдах боловч үл чадна.
Гуравдугаар үзэгдэл
Юндэнгийн нутгийн зах
Хоролмааг усанд явахыг сэм ажиж байгаад Юндэнг хорлох даалгавартай ирсэн Балганы хоёр дагуул гарч ирнэ. Тэд Юндэнг тосон уулзаж байгаад гэнэ алдуулан цохиж унагаад зугтаав. Энэ үед Хоролмаа хувинтай усаа барьсаар гарч ирээд муужран унасан Юндэнг хармагц уулзсандаа баярлана. Тэрээр Юндэнг сэргээн дурлалт бүсгүй нь сэтгэл хувирч ноёны хатан болсон хэмээн хэлж, харин өөрөө ханилан суух нууцхан хүслээ илчлэв. Юндэнг гэртээ аргалан оруулж “Минийх боллоо” хэмээн баярлан дуу алдана.
Дөрөвдүгээр үзэгдэл
Балган ноёны хашаа
Хуриманд уригдан ирсэн зочдыг гэрт орохыг Балган урина. Ноёд баядын эхнэрүүд Нансалмаад хуримын хувцас өмсгөх зуур хааны удамтай сууж алт мөнгөнд умбах жаргал хүлээж байгаа хэмээн ятган хуриманд орохоор авч одно.
Юндэн хайртай бүсгүйгээ эрсээр Балганыд ирэхэд Нансалмаа алсыг ширтэн ордны тагтан дээр зогсож байна. Хүчинд автан хурим хийх болсон Нансалмаа гунигийн дуу дуулна Үүнийг сонссон Юндэн
“Үймэх хуримын завсар Үеийн хэдэн нөхөдтэйгөө” ирж Нансалмааг оргуулахаар сэм тохирон явна. Хэрэг явдал бишдэхийг сэм сонсож мэдсэн Хоролмаа Балган ноёнд ховлож Юндэнг нөхдийн хамт бариулан шоронд хийлгэнэ. Тэгээд шоронгийн хуягийг отон уулзаж архиар шахан согтоогоод түлхүүрийг нь авч Юндэнг суллана.
“Нансалмааг авах чинь өнгөрсөн Надтай суувал дээргүй юу” гэж Хоролмаа Юндэнг ятган авч явахыг оролдоно. Гэвч Юндэн сэтгэлт бүсгүйгээсээ урвахгүйгээ хэлж хайртай бүсгүйгээ аврахын төлөө эцсээ хүртэл эзэн ноёнтой тэмцэхээ илэрхийлнэ.
Тавдугаар үзэгдэл
Хөдөө тал
Юндэн нутгийн ардуудыг удирдан харгис Балгантай тэмцэхээр хүлээн зогсоно. Гэтэл нэг өвгөн яаран ирж хөөрхий бүсгүйг Балганыхан хөөж явааг хэлнэ. Удалгүй Нансалмаа ирж харгис ноёны савраас аврахыг хүснэ. Түүний хойноос Балган ноён дагуулуудын хамт ирж оргодол бүсгүйг гаргаж өгөхийг шаардав. Зарлиг дагахгуй бол толгойгүй болно шүү гэж сүрдүүлнэ. Ноёны дарлалд зовсон ардууд түүнд бууж өгөхгүйгээ хэлж тэмцэлдэн ялан дийлэв.
Хоролмаа жаргах замд нь саад болсон Нансалмааг алахаар дайрахад Юндэн амжиж амраг хүүхнээ аварна. Хайрт Нансалмаагаа харгис ноёны гараас салгаж авсан Юндэн хотол олныг урин залж хурим найраа хийн их баяр өрнөн жаргалаа.