Үндэсний их баяр наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол - 2023” наадмыг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах замаар Нийслэл Улаанбаатар хотыг Олон Улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгоход энэхүү наадам чиглэдэг билээ.
17 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Дээлтэй Монгол” наадамд Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн оролцогчдоос гадна ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО, Хөх нуурын Дээд Монголчууд хүрэлцэн ирж, өөрийн угсаатны хувцасны онцлогийг олон нийтэд толилууллаа. Мөн долоодугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулах Монголын Жиү жицүгийн холбооны тамирчид, “Мон Алтиус-Цагаанбаатар” академийн өсвөрийн жүдочид, Монголын бодибилдинг, фитнессийн холбооны тамирчид, уртын дууны “Өнө” чуулга, Монголын чопперчдын клуб зэрэг 30 гаруй байгууллагын 350 орчим төлөөлөл оролцож, Монгол дээл, хувцасны гайхамшгийг олон нийтэд толилуулав.
Тус наадмыг Соёлын яамны дэмжлэгтэйгээр Ерөнхий Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар зохион байгуулж, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” ХХК хамтран ажиллаж байна.





