АНУ-ын баруун эргийг дайран өнгөрч буй халуун агаарын урсгалын нөлөөгөөр энэ долоо хоногт хэт халж, температурын дээд амжилт эвдэгдэж магадгүй байгааг цаг уурчид анхааруулсан. Халууны нөлөөнд ойролцоогоор 130 сая хүн өртөх эрсдэлтэй.
Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр бямба гаригт 30 гаруй газарт өндөр халалт бүртгэгдэн баруун эрэг болон Их сав газрын зарим хэсгээр агаарын хэм цельсийн 32-43 градус хүрч халжээ. Манай гарагийн хамгийн халуун газар болох Калифорни мужийн нутагт оршдог “Үхлийн Хөндий"-д агаарын хэм 53.3 градус хүрч наранд цохиулсан нэг дугуйчин нас барсан тухай CNN мэдээллээ.
Уулсаар хүрээлэгдсэн уг хөндийд халуун агаар түгжигдсэнээр агаарын хэм 40 градус давж халах тохиолдол элбэг байдаг. Цаг уурын ажиглалт хийж эхэлснээс хойших түүхэн дэх хамгийн өндөр температур "Үхлийн хөндий"- д бүртгэгдэж 1913 оны долоодугаар сард цельсийн 56.67 градус хүрч байв.
Мөн ням гарагт Лас Вегас хотод агаарын температур түүхэндээ анх удаа 43 хэм хүрч халсан тухай цаг агаарын алба мэдээлжээ.
Э.Болорцэцэг