УИХ-ын анхдугаар чуулган эхэлж, шинэ гишүүд тангаргаа өргөж, даргаа сонгон ажилдаа орлоо. Анхдугаар чуулганаар намын бүлэг байгуулсныг зарлаж, байнгын, дэд хороодын бүтэц бүрэлдэхүүнийг батлахаас гадна Засгийн газрын тэргүүнийг томилж, танхимын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн баталдаг. Сонгуулийн дүнгээр эрх баригч болсон МАН-ын Удирдах зөвлөлөөс хамтарсан Засгийн газар байгуулах боломжтой эсэхийг зөвшилцөх ажлын хэсэг байгуулав. Ингэхдээ УИХ-д суудалтай нам, эвсэлд Баялгийн сан, эрчим хүч, ипотек, нийслэлийн төвлөрөл, авлига хулгайг цэгцлэх зэрэгт санал нэгдэж ажиллахаа илэрхийлбэл, хамтарсан Засгийн газарт оруулах болзол тавьж буй. Хэрвээ санал нэгтэйгээр асуудлуудыг шийдвэрлэхээр зөвшилцөж чадахгүй бол МАН дангаараа Засгийн газраа бүрдүүлэх юм. Тэгвэл хамтарсан Засгийн газрын талаар УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэе.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт /МАН/: Сонгуулиар МАН дийлэнх олонх суудал аваагүй. АН болон бусад намд олон мянган иргэн санал өгсөн. Тиймээс олон мянган иргэний саналыг гээгдүүлэхгүй байя гэж байгаа юм. Улс орны эрх ашгийн төлөө ард түмний хүсэл сонирхлыг хангах үүднээс ийм шийдлийг гаргаж байна. Эхний ээлжид нэн тэргүүний асуудлуудад хамтарч ажиллах эсэхээ зөвшилцөнө. Нэгдвэл хамтраад ажиллана. Нэгдэж чадахгүй бол хамтарч Засгийн газар байгуулахгүй.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр /Үндэсний эвсэл/: Ард иргэд МАН-ыг эрх баригчаар сонгосон учраас МАН дангаараа засгаа байгуулах ёстой. Ард иргэдийн сонголтод МАН хүндэтгэлтэй хандах ёстой. Хамтарсан Засгийн талаар бидэнд ямар нэг урилга ирээгүй. Би МАН-аас гурван удаа хөөгдсөн хүний хувьд эргэж буцах сэтгэл байхгүй. Ард иргэд Үндэсний эвслийг улс төрд байх ёстой улс төрийн хүчин гэж үзэж байгаа учир сонголтдоо үнэнч байна. Ямар ч нөхцөлд Үндэсний эвсэл хууль зөрчих, элдэв хулгайтай хатуу тэмцэх болно.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл /АН/: Хамтарсан Засгийн газарт ажиллах санал бидэнд тавиагүй. Бид энэ асуудлаар хэлэлцээгүй, шийдвэр гаргаагүй тул АН хамтарсан Засгийн газарт ажиллана гэдэг ташаа мэдээлэл. Хэрвээ санал тавьбал намын эрх бүхий байгууллага хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ асуудалд хувь хүний үзэл бодол хамааралгүй. Олонхын гаргасан шийдвэрийг дагана. Хувь хүнийхээ хувьд намайг "Засгийн газарт орж ажилла" гэвэл би ажиллахгүй"

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал /ХҮН/: Хамтарсан Засгийн газар байгуулах талаар албан ёсны мэдээлэл сонсоогүй. Төрийн онол, зохистой харьцааны хувьд эрх баригч нам эрхээ барьж, сөрөг хүч нь байр сууриа хянадаг. Зарим тохиолдолд тодорхой зорилгоор л эвсдэг үзэгдэл байдаг юм билээ. Албан ёсны санал гарсны дараа намууд ярилцаж, шийдвэрээ гаргах байх.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин /АН/: Засгийн газрыг эвсэж байгуулах албан бус мэдээлэл гарч байна. Ийм тохиолдолд парламент суларна.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара /ИЗНН/: Манай нам хүчтэй сөрөг хүчин байхаа ард иргэдэд амлаж, сонгогдсон. Тиймээс хүчтэй сөрөг хүчин байхын төлөө хичээн ажиллана. Засгийн газарт хамтарч ажиллахгүй.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн /МАН/:  МАН дангаараа Засгийн газраа бүрдүүлэх бүрэн боломжтой. Гэхдээ МАН дангаараа эрх барьж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэж явахгүй. Бусад нам ч гэсэн ард түмний нэг хэсэг. Бидний олж хараагүй зарим зүйл бусад улс төрийн намд байхыг үгүйсгэхгүй. Тиймээс хамтрахад татгалзах зүйл алга.

УИХ-ын гишүүн Д.Батбаяр /АН/: Яагаад сонгууль хийдэг вэ. Сонгуулийн дүнгээр эрх баригч хүчин, сөрөг хүчин сонгогдож байна. Олонхын итгэлийг хүлээж, эрх баригчаар сонгогдсон бол эрх баригчийн ажлаа хийх ёстой. Сөрөг хүчин нь хяналтын ажлаа хийх ёстой гэсэн байр суурьтай байна.