-МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Баялгийн сан, эрчим хүч, ипотек, авлига хулгайг цэгцлэх дээр санал нэгдэж чадвал эвслийн Засгийн газар байгуулах боломжтой гэжээ-

Сонгууль дуусаж, шинэ парламентын гишүүд өнөөдөр тангаргаа өргөх гэж байна. Анхдугаар чуулганы дараа УИХ бүхэлдээ томилгоонд анхаарлаа чиглүүлнэ. Юуны өмнө парламентын шинэ даргыг сонгох, УИХ-д бүлэг байгуулах боломжтой МАН, АН-аас дэд дарга нарыг нэр дэвшүүлж сонгох ажил үргэлжилнэ. Гэхдээ энэ бол ердөө эхлэл нь. Харин хамгийн гол томилгоо Засгийн газар дээр явах юм. Нэгэнт л 126 гишүүнтэй анхны парламентад 50%+1 санал авсан (68 суудалтай) Ардын намд энэ эрх бий. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бүх эрх мэдэл төвлөрч байна гэсэн үг.

Өнгөрсөн 3 жил Засгийн газрыг тэргүүлсэн тэрээр энэ удаад ямар сонголт хийх нь анхаарал татаж байна. Гэхдээ өмнөхөөсөө ялгаатай нь тэр өөрийн ялалт дээрээ тулгуурлаж анх удаа Засгийн газраа байгуулах гэж байна. Өмнө нь Ерөнхий сайдаар томилогдож, танхимын гишүүдээ өөрөө сонгож томилсон гэх боловч үнэндээ парламентын ялалт нь У.Хүрэлсүхийнх байсан. Тэгвэл энэ удаад сонгуульд намаа удирдаж ороод ямар боловч олонхийн суудлаа хадгалж чадлаа.

Энэ удаагийн УИХ ихээхэн онцлогтой. Эхнийх нь 126 гишүүнтэй анхны парламент. Мөн өмнөх хоёр сонгуулиар 65, 62 суудал авч парламентын 80 гаруй хувийг нэг нам дангаар бүрдүүлж байсан бол энэ удаад АН 42 суудал авч хүчтэй сөрөг хүчин байгуулах боломжтой болов. Дээр нь ганц суудалтай байсан ХҮН-ынхан наймуулаа болж, Н.Номтойбаярын “Үндэсний эвсэл”, Б.Батбаатарын ИЗНН тус бүр дөрвөн суудал авч парламентад орж ирлээ. Товчхондоо, 58 суудалд сөрөг хүчинд байна. Бараг парламентын тал нь. Иймээс л Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гал дундуур туучих нь бараг тодорхой гэсэн үг. Тэгвэл нөхцөл байдал ийм үед эвслийн Засгийн газар байгуулах яриа хэлэлцээг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эхлүүлсэн байна. Тэрээр парламентад 42 суудалтай АН, найман суудалтай ХҮН-д Засгийн газарт орж ажиллах урилга илгээсэн гэх мэдээлэл бий.

Нэг талаас харахад, парламентад нэгэнт олонх болсон МАН-ын хувьд Засгийн газраа дангаар байгуулах бүрэн боломжтой. Гэтэл ийм яриа хэлэлцээг эхлүүлсэн шалтгаан юу байв? гэсэн асуулт нийгэмд гараад байв. Тэгвэл өчигдөр оройноос энэ асуултын хариу зах зухаасаа тодорхой болж ирлээ. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд Баялгийн сан, эрчим хүч, орон сууцны ипотек, нийслэлийн төвлөрөл, авлига хулгайг цэгцлэх дээр  санал нэгдэж, хөтөлбөр батлан гар нийлж чадна гэвэл эвслийн Засгийн газар байгуулах яриа хэлэлцээг үргэлжлүүлэх боломжтой гэсэн үгийг АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд нарт хүргүүлсэн байна. Хэрэв эдгээр нөхцөлөөр тохирч эс чадвал мөр мөрөө хөөе гэсэн нь ил боллоо. Түүний хувьд Ерөнхийлөгчтэй уулзаж энэ саналаа илэрхийлсэн гэдгийг ч хэвлэлүүд мэдээлж байна. Нэгэнт л нийгмийн төлөөлөл бүрээс бүрдсэн шинэ парламент байгуулагдаж буй учраас олон улсын жишгийн дагуу хамтарсан Засгийн газар байгуулах боломжтой гээд гол нь АН, ХҮН-тай хөтөлбөр тохирсон тохиолдолд энэ бүхэн эхэлнэ гэжээ. Дээр өгүүлсэн хөтөлбөрийг тохирч чадвал Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-аар батлуулж, 2025 оны төсвийн төсөл дээр эвслийн Засгийн газар суух боломжтой гэж үзэж байгаа юм байна. Эндээс харахад, том бодлогууд дээрээ тохирч чадвал эвслийн Засгийн газар байгуулагдах бөгөөд эс чадвал МАН дангаараа засгаа байгуулна гэсэн үг.

Нэг нам олонх болчихоод нийлж засаг байгуулсан тохиолдол Монголын улс төрд бий. 2008 оны сонгуулийн дараа “7-р сарын 1”-ний хар өдөр тохиож, бас Оюутолгой зэрэг том төслүүдээ урагшлуулахын тулд С.Баяр Засгийн газартаа АН-ыг урьж байсан удаатай. Тухайн үедээ энэ шийдвэрээ “Стандарт бус” гэж нэрлэж байсан бөгөөд “Артын III” аян, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг томоохон шийдвэрүүд гарч байсан. Түүнээс бусдаар бол 1992 оны шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш олонх болсон нам үргэлж дангаар засагласан. 2004-2008 онд аль ч намын авсан санал сонгогчдын 50 хувийн босго даваагүй учраас эвслийн Засгийн газар байгуулж байсан. 2012-2016 онд ч мөн л ялгаагүй. Сонгуулийн дараа хамгийн олон суудал авсан АН “Шударга ёс” эвсэлтэй хамтран Засгийн газраа байгуулж байлаа. Гэхдээ аль аль Засгийн газар нь бүрэн эрхээ хэрэгжүүлж чадалгүй огцорч байсан түүхтэй.