Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших олон улсын зэрэглэлтэй авто замын Цагааннуур боомт ирэх долоо хоногт 6 хоног амарна. Энэ сарын 9-ний өдөр зөвхөн Монгол, Орос, Хятадын хамтарсан “Торгоны зам-2024” автомашины олон улсын раллид оролцогч, зохион байгуулагчдын тээврийн хэрэгслийг хилээр шалган нэвтрүүлэх тул энгийн зорчигчдын хөдөлгөөнийг хүлээж авахгүй аж. Харин энэ сарын 10, 11, 12, 13, 14-ний өдрүүдэд Үндэсний их баяр наадмын бүх нийтээр амрах өдрүүд үргэлжилнэ. Хил хамгаалах байгууллагаас өгсөн мэдээллээр Цагааннуур боомт 15-ны өдрөөс хуваарийн дагуу хэвийн ажиллах аж.

Мөн энэ сарын 19-ний өдөр “Торгоны зам-2024” автомашины олон улсын раллид оролцогч, зохион байгуулагчдын тээврийн хэрэгслүүд Монгол Улсын хилээс буцаан гарах тул тухайн өдөр зорчигчдын хөдөлгөөнийг хүлээж авахгүй. Бусад хугацаанд ердийн хуваарийн дагуу хэвийн ажиллах юм.