
“Рио-2016” спортын их наадам болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдсэн ч тэмцээнийг зохион байгуулах эсэх тухай маргаан үргэлжилсээр байна. Учир нь эрдэмтдийг түгшээж байсан Зика вирусын хажуугаар өөр нэгэн өвчин Бразилд дэгджээ.
Тодруулбал, тус улсад өнгөрсөн долоон хоногт гэхэд гахайн томууны А хүрээний H1N1 вирусаар өвчилсөн 603 тохиолдол бүртгэгдсэн тухай Бразилийн Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.
Оны эхний зургаан сарын байдлаар амьсгалын хүнд хэлбэрийн өвчлөлийн 4581 тохиолдол бүртгэгдсэн нь H1N1 халдвараар үүсгэгдсэн байжээ. Харин уг халдварын улмаас нас барсан хүний тоо зургаан сарын дотор 886-д хүрээд байгаа аж.

Бразилийн Эрүүл мэндийн яам Үндэсний вакцинжуулалтын аяны хүрээнд хүн амын 95 хувь буюу 47.6 сая иргэн томуугаас урьчилан сэргийлэх вакцинд хамруулсан тул халдвар газар авахгүй гэж мэдэгджээ.
Гэвч эрдэмтэд өөр бодолтой байна. Учир нь 2009 онд хамгийн хурдацтай тархсан тус вирусын уршгаар дэлхий даяар 12 мянга 799 хүн амиа алджээ. А хүрээний H1N1 вирусын тархалт багадаа хоёроос гурван жил үргэлжилдэг гэх дүгнэлт гарсан байдаг.
Эрдэмтдийн анхааруулгыг үл тоон зохион байгуулагдах гэж буй уг наадам аюулт вирусыг тархаах нэг хүчин зүйл болох уу?
Рио Де Жанейрод болох Олимпийн наадамд 100 гаруй орны 10 мянган тамирчин нэг дор цугласнаар халдварыг хурдацтай дэгдэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж эрдэмтэд сэрэмжлүүлж байна. Олон улсын судлаачид энэ удаагийн зуны олимпийг хойшлуулах эсвэл зохион байгуулах газрыг өөрчлөх шаардлагатай гэж удаа дараа мэдэгдсэн билээ.

Гэвч Бразил улс наадмын зохион байгуулалтад ямар нэг өөрчлөлт орохгүй гэх байр суурь дээрээ бат зогссон хэвээр байна. Мөн Бразилийн Олимпийн хороо “Зохион байгуулалтад өөрчлөлт орохгүй. Гэхдээ тамирчдыг заавал олимпийн наадамд орох хэрэгтэй гэж албадаагүй, халдвараас сэрэмжилж байвал тэмцээнээс татгалзах эрхтэй” хэмээн хариу мэдэгдсэн юм.
АНУ-ын Халдварт өвчин судлалын хүрээлэнгээс дэлхий даяар 2.2 тэрбум хүн зика вирусаар өвчлөх аюултай байгааг анхааруулж буй. Гэтэл олимп зохиогдох Рио Де Жанейро хотод л гэхэд 26 мянган хүн зика вирусын халдвар авсан гэж Бразилын Эрүүл мэндийн яам гаргажээ.

Ер нь Бразилчуудын хувьд энэ жил ээдрээт олон асуудал тулгарсаар байна. Вирусын тархалтаас гадна Ерөнхийлөгч Дильма Руссеф авлигалын хэрэгт холбогдож, албан тушаалаасаа огцрох тухай яригдаж, Олимпод зориулан барьсан дугуйн зам нурж, усан спортын тэмцээн явагдах цэнгэлдэх хүрээлэн чанарын шаардлага хангаагүй зэрэг шүүмжлэл дагуулах асуудал гарсаар байгаа юм.
Түүнчлэн эдийн засаг нь хямралтай байсаар атал гаднаас зээл авч, өндөр өртөгтэй олимпийн наадмыг улсдаа зохиож байгааг Бразилын ард түмэн эсэргүүцэж, жагсаал цуглаан хүртэл хийж байна.
Энэ мэтчилэн судлаачдын зүгээс асар их эсэргүүцэлтэй тулгарч буй Рио-2016 амжилттай зохиогдож чадах уу, аюулт өвчний халдвар тархвал Бразил улс хариуцлага хүлээх үү гэдэг асуудал дэлхий нийтийн анхаарлыг татсаар...