Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнгөрсөн сарын 4-нд болсон ч долоодугаар сарын 1-нийг хүртэл хойшлоод байсан билээ. Тэгвэл өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч дахин хойшилж, энэ сарын 18-нд товлогдлоо.

Энэ талаар Сэтгүүлч Н.Өнөрцэцэг "Надаас үл хамаараад энэ асуудал сунжирч байгаад бухимдалтай байна. Гэрээсээ гарахыг зөвшөөрч байна. Гэхдээ Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооноос гарч болохгүй гэж байна. Манай гэрээс зам гараад л Баянзүрх дүүрэг, хойшоо гараад 19 дүгээр хороо. Хотхоныхоо айлаар яв гэж байгаа юм уу. Үүнд би талархахгүй. Энэ асуудлыг олон нийтийн өмнө, нээлттэй ил тодоор шүүгээд, нэг тийш нь болгоод өг. Миний хувьд, сэтгэл зүй маань ядарч байна. Надад хийсэн хэрэг байхгүй учир би зоригтой байна" гэв.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар  "Өнөөдөр хоёр сэтгүүлч, хоёр редакцийн шүүх хурал нэг өдөр, нэг цагт болж байна. Маргааш анхдугаар чуулган хуралдаж, шинэ парламент бүрэлдэх нь. Хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгцээ байна. Сэтгүүлч гэх мэргэжлийн ажлаа хийх эрхийг нь түдгэлзүүлж байна. Энэ дэлхийн практикт байхгүй үзэгдэл. Дэлхий нийт Монгол Улсыг гайхаж байна" гэлээ.