УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн санал хураалт дууслаа. Өглөө 07:00 цагт эхэлж 15 цагийн турш үргэлжилсэн санаал хураалтад сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 70 гаруй хувь нь буюу нэг сая 448 мянга 189 сонгогч сонгуульд оролцож саналаа өглөө.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу саналаа өгсөн нийт сонгогчдын дөрөв буюу түүнээс дээш хувийн саналыг авсан нам жагсаалтад нэр дэвшигчдээсээ УИХ-д оруулах эрхтэй болно. Эвслийн тухайд хоё нам нэгдсэн бол тав, гурав болон түүнээс дээш нам нэгдсэн бол долоо хувийн санал авж байж жагсаалтаас нэр дэвшигчээ УИХ-д оруулах эрхтэй болох юм. Энэ удаагийн сонгуульд хоёр эвсэл оролцож байгаа бөгөөд хоёулаа хоёр намаас бүрдэж байгаа юм. Тиймээс саналаа өгсөн тав болон түүнээс дээш хувийн саналыг авч байж УИХ-д жагсаалтаас суудал авна гэсэн үг.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэг сая 448 мянга 189 сонгогч оролцлоо. Ингэснээр намууд 57928, эвслүүд 72410 хүний санал авч байж УИХ-д жагсаалтаар нэр дэвшигчдээ оруулах нь. Өөрөөр хэлбэл, энэ саналын босгонд хүрсэн тохиолдолд жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн нэр дэвшигч нь УИХ-д сонгогдоно. Одоогийн байдлаар МАН, АН, ХҮН, ИЗНН 57928, "Үндэсний Эвсэл" 72410 саналын босгыг давж жагсаалтаас УИХ-д суудал авах нь тодорхой болоод байна.