“Музейд л очих зураг үлдэж дээ” гэсэн бүхэн эргээд “амилчихлаа”. Товчлууртай утас байдаг гэдэгт итгэдэггүй байсан охин минь өөрийн гараар барьж үзлээ, хэрэглэлээ. Цахим мэдээллийн хэрэгслийн давлагаанд арчигдана хэмээсэн цаасан хэвлэлүүд одоо ч амь бөх оршсоор. Дижиталын давлагаанд үгүй болох байсан хэвлэмэл ном улам л үнэ цэнтэй болж байх шиг...
Аав, ээжийн альбомоос л хардаг байсан хувцаснуудаар шинэ мянганыхан гоёх болов. Өөрсдөө хувцсаа оёж өмсдөг байсан өлөн зэлмүүн үеийг нь нэгэн цагт өрөвдөж, эвийлдэг байсан бол одоо харин хамгийн тансагт тооцогдох болж.
Ээжээсээ сайхныг олно гээд гэрээсээ гарсан ч эргээд түүнээс сайхан үгүйг мэдрээд очих шиг ийм л нэгэн аналогийн давлагаа дэлхий дахинаа үргэлжилж байна. Түүний нэг нь пянз. Зөвхөн дуу хөгжмийн л гайхалтайг мэдрүүлээд зогсохгүй, соёлын бүтээлч үйлдвэрлэл, тренд, өв болон ийнхүү эргэлт хийлээ.
Дэвид Саксын “Аналог эргэн ирсэн нь: Бодит зүйлс хийгээд тэд яагаад чухал болох нь” номны “Пянз эргэн ирсэн нь” хэсэгт тэмдэглэснээр 1970-аад оны үеэс пянзны борлуулалт аажмаар буурч, 1984-1988 оны хооронд борлуулалт нь хоёр дахин багасаж, улам л хумигдах болжээ. 1993 он гэхэд борлуулалт нь доод цэгтээ хүрч, тухайн жилд АНУ-д ердөө 300 мянган ширхэг цомог л борлогджээ. 2006 он хүртэл гүн хямралын үе нь үргэлжилсэн бөгөөд дэлхий даяар нийт гурван сая ширхэг пянз зарагджээ. Америкийн дуу бичлэгийн салбарын холбооны мэдээлснээр зөвхөн Америкт л гэхэд пянзны нийлүүлэлт 2007 онд 990 мянга болж буурсан байна. Харин 2015 онд 12 сая гаруй борлогдож, жил бүрийн өсөлтийн хувь хэмжээ 20 хувиас дээш үзүүлэлттэй гарах болжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр 2015 онд төлбөртэй таталт болон СD-ний борлуулалт буурсан хэвээр байсан бол пянзны борлуулалт шууд дамжуулах үйлчилгээнүүдийг ч даван, хөгжмийн зах зээлийн ашиг орлогын бараг дөрөвний нэг хувийг эзлэв. Зөвхөн 2014 онд л гэхэд хөгжмийн салбар шинэ пянзны борлуулалтаас 346.8 сая долларын ашиг олсон байна. Зах зээлд эрэлт ихтэй тул хуучин пянзны борлуулалтаас ч чамгүй ихийг олсон биз ээ. Пянз 10 жилийн өмнөх доод цэгээсээ хурдтай, огцом бас тогтвортой өсжээ. Хүмүүс сүүлийн 10 жилд өнгөрсөн 20 жилийг нийлүүлснээс ч их хэмжээний пянз худалдан авсан байна.
“Аналог эргэн ирсэн нь” номоос
Ийнхүү iPod-той хамт өссөн, LP пянзанд амьдралдаа огт хүрч үзээгүй өсвөр насныхан пянз тоглуулагч руу шуурч байна. Энэ бол пянз ба аналог хөгжим эргэн ирэх болсон шалтгаан юм. Марк Твейний хэлсэнчлэн, амьд хөгжмийн хамтлагийг цахилгаан гэвэл IPod дэргэд нь ердөө гэрэлт цох юм шүү дээ.
“Пянз цуглуулагчдын клуб” группийн админ, “Бүх нийтийг пянзжуулах аян” хөдөлгөөнийг санаачлагч, соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр 2022 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “АНУ-ын эрдэмтэн Рой Чапман Эндрюсын Монголд хийсэн судалгааны үеэр зуугаад жилийн өмнө монголчууд пянз хөгжим сонсож байсныг гэрчлэх баримт, гэрэл зургууд олон байдаг. Тухайн үеийн Богдын ордон, хаад ноёдын гэрт монголчуудын хэлж заншсанаар “Эгшигт тоглуулагч” байсан нотолгоо олон бий. Монгол дуу хөгжим 1930-аад оноос пянзанд бууж эхэлсэн. Монголын пянзны оргил үе гэвэл 1970, 1980 оныг хэлж болно. Тухайн үед 300 гаруй пянз гарсан байдаг. Үүний дараагаар дэлхий даяар хөгжмийн урлаг дижитал хэлбэрт шилжиж улмаар Монголд ч гэсэн 1990 он гэхэд пянз байхгүй болсон” хэмээсэн байдаг юм.
1990 онтой зэрэгцэн хэсэг алсран одсон пянз хөгжмийн давлагаа 2010 он гарсаар дэлхий дахинд сэргэж, Монголд ч мөн нөлөөгөө үзүүлж эхлэв. Дэлхийн давлагаа юу, юугүй манай улсыг нөмрөөд ороод ирсэнгүй. Гэхдээ Монголд 2016 оноос жинхэнэ утгаараа сэргэж эхэлсэн гэж үзэж болох юм. 2016 онд “Пянз цуглуулагчдын клуб” байгуулагдаж, соёлын гавьяат зүтгэлтэн С.Цогтбаяр хэсэг нөхдийн хамт “Бүх нийтийг пянзжуулах аян”-ыг санаачлав. Энэхүү аяныг эхлүүлэхэд пянз тоглуулагч ч байтугай пянз ч ховор, сонирхогчид ердөө 10, 20-д л тогтож байсан гэдэг. Гэтэл одоогоор фэйсбүүк дэх “Пянз цуглуулагчдын клуб” 30.6 мянган гишүүнтэй болж, байнгын амьтай группийн нэг болжээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, найруулагч Д.Төрмөнх
"Фонограф диск нь XX зууны турш хөгжмийг хуулбарлахад ашигладаг үндсэн хэрэгсэл байсан бөгөөд 1980-аад оны дундаас си ди хэмээх тоон хэлбэрт бичлэг гарч ирснээр пянз хог болж эхэлсэн. Пянз яг зуун жилийн өмнө буюу 1880-аад оны сүүл үеэс гарч ирээд 1980-аад оны сүүл үеэс арав гаруй жил хаягдаад одоо буцаад бүх дэлхийг бүрхлээ. Шинэ юм гэдэг сайтар мартагдсан хуучин юм гэдэгтээ ч биш аналог бичлэгийг ямар ч тоо орлож чадахгүй болохыг эргэж нээснээр ингэж хөгжимд дуртай хүмүүсийн дунд буцаад пянз орж ирлээ."
Пянзны хэрэглээ Монголд дэлгэрсэнтэй холбогдуулан уран бүтээлчид ч пянз гаргах болов. Орчин цагийн хамтлаг дуучдын пянзаа гаргах эхлэлийг 2018 онд “Lemons” хамтлаг “Red Album”, “Colors” хамтлаг “Би тэнгэр рүү унаж байна” пянзаараа эхлүүлсэн гэж хэлж болно. Гэхдээ үүнээс өмнө Монгол уран бүтээлчдийн хоёр пянз гарсан байсан юм. Японы MC Hunger, Монголын рэппэр D-Lob (Boldoo), Quiza нар хамтран дуулсан “One Time In Mongolia” сингл дуугаа 2008 онд 7 инчийн пянз болгон гаргаж байсан. Монголын орчин цагийн дуу хөгжим тэр дундаа хип хопын анхны пянз гэгддэг. 2018 оны давлагаанаас өмнө гарсан өөр нэгэн пянз нь 2013 онд буюу “Хурд” хамтлаг 20 жилийн ойгоороо гаргасан алтан пянз юм.
2018 оноос хойш уран бүтээлчдийн дунд пянз гарах давлагаа эхэлж тэр цагаас хойш манай улсад 80 гаруй пянз шинээр мэндэлжээ. Рок попынхноос гадна хип хоп хамтлаг, жазз, сонгодог урлаг, ардын урлагийн уран бүтээлчид, хөгжимчид, яруу найрагчид пянзаа урлан гаргах болсон түүхтэй. Монголын уран бүтээлчдийн 2000 оноос хойш гаргасан пянзуудыг түүвэрлэн хүргэж байна.
2008
The Hunger featuring Boldoo a.k.a D-lob, Quiza-One time in Mongolia
2013
Хурд-Алтан пянз
2018
1. The Lemons-“Red Album”
2. The Colors-“Би тэнгэр лүү унаж байна”
2019
1. Ц.Тэмүүлэн, Д.Төрмөнх-“Цонхон дээр суусан ялаа” концепт цомог
2. Отгоо-Отгоо
3. Magnolian-“Famous Men”
4. The Hu-“The Gereg” 2019.09.13
5. Bodikhuu-Rio/Bodianova
6. Арга билэг-Агула
7. Л.Мөрдорж-Миний эх орон хэмээх Нэгдүгээр симфони
8. Б.Шарав-Хоёрдугаар симфони
2020
1. Хонх-“The Best of Хонх Volume 1” 2020.01.25
2. Magnolian-“Slow Burn” 2020.05.01
3. Д.Болд-“The best of Bold"
2021
1. М.Бямбадорж-“Мөнгөн шөнө”
2. Эбби-“Бага тойрог”
3. Enji-“Ursgal” 2021.06
4. Б.Сарантуяа-The God Of Love 2021.10.02
5. Баян Монгол-“50 жил”
6. Норовбанзад-“Уяхан замбуутивийн наран”
7. ICE TOP-“Монгол”
8. Jonon-The Grace Of The Khaans
9. The Colors-Сарны титэм, Нарны титэм
10. Хурд-Долоон тэрбум
11. San Juniper-First vinyl
12. The Hu-Sad But True / Wolf Totem 2021.06.12
2022
1. Tom Jagaa-Best Of Tom Jagaa Vol.1 2022.03.15
2. Aizam-Greatest Hits 2022.05.15
3. Growl Of Clown-The Fallen City, Salbadai
4. AM-C-GUND
5. МӨНХ ТУНХ
6. GINJIN-ТООС II ЗООС
7. G.Enkhbayar-Greatest Hits 2022.06.15
8. Galsansukh & Nisvanis
9. Click Click Boom-Crimes N’ Poetry
10. Шөнийн галт тэрэг 2022.08.22
11. Шигтгээгийн Цогоо
12. Uudee’s Swashbuckling Dandies-Yo Face
13. Amra-Never
14. Mendbayar.J-Mende’s Masterpiece
15. Tsovoo-The Dance Is Not Over...
16. Nomuki
17. Sash-20Z0
18. С.Мөнгөнцэцэг-Mi Chiamano
19. Anuk-8400
20. Отгоо-Ганцхан үг
21. The Hu-Rumble of Thunder 2022.09.02
22. ОННЦ ДҮМД-The Musical
2023
1. Наагий-Итгэл
2. Macho-Санаа бүү зов сайхан цаг айсуй
3. Өөжгий-Love Songs 2023.04.21
4. Madness-The Essential
5. Morin Khuur Ensemble of Mongolia-Mongol Melody 2023.03.31
6. Bodikhuu-Tokyo 2023.03.17
7. Delkhii-Nature 2023.05.13
8. Delkhii-Universe 2023.05.13
9. Bayan Mongol-Black Album 2023.06.14
10. Хурд-Vol.1
11. Хурд-Vol.2
12. Хурд-Vol.3
13. Хурд-Vol.4
14. The Lemons-III
15. Haranga-Volume 1 2023.08.15
16. Enji-Ulaan 2023.09.21
17. Shuteen Erdenebaatar Quartet-Rising Sun 2023.09
18. Tserenchunt Ulziiburen-Mongolian Opera Arias and Duets 2023.10
19. Ayasiin salkhi-Coffin Town Under The Moon
20. Nisvanis-Masturbation
21. Nisvanis-The Gray Era
22. Баярцэцэг-Тань руу нүүж явна
23. Жагаа-Birds of Love goldnugget
2024
1. Баян Монголын Ганбат 2024.01
2. The Colors-Бид “НАР”
3. Urguu-Greatest Hits 2024.02.19
4. Инээмсэглэл-Greatest Hits 2024.02.25
5. Khukh Tenger 2024.04
6. GALSANSUKH.D Live reading &Nis-vanis Unplugged 2024.04
7. The Hu-Live At Glastonbury 2024.04.20
8. Haranga-Volume 2
9. Growl Of Clown-Хүнд төмөр машин 2024.05
10. The Royal Heartaches-Kharui 2024.05
11. Yatga Player Solongo.G-SOLONGO 2024.06
Пянз эрчээ авсныг дагаад олон, олон дэлгүүр үүдээ нээв. Эхлэхээс ч өмнө зарим нь хаалгаа дэлгэж, хөгжихөд нь нөлөө үзүүлж байсныг дурдахгүй өнгөрч боломгүй. Одоогоор Монгол Улсад нийтдээ 10 гаруй пянзны дэлгүүр бий болжээ. Нэрлэвэл, “Chinzo's Records Room”, “Dundgol records”, “Пянзан толгойт”, “ICE MOB recordz”, “Welcome records_Ub”, “Stereo Tolgoi Label”, “Urban music”, “World music gallery”, “Пянзчин record shop”, “Vinyl Music Lounge”, “Пянзны соёлыг түгээгч”, “Пунцаг мээрэн рекорд шоп”, “21 QUOT” зэрэг дэлгүүрүүд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Ихэнх нь хотын соёлын гол төвүүдийн нэг 40 мянгатад байршиж буй. Пянзны дэлгүүрүүд зөвхөн пянз борлуулаад зогсохгүй Монголынхоо уран бүтээлчдийн пянзыг хэд, хэдээрээ бүтээж буй. Яалт ч үгүй соёлын бүтээлч үйлдвэрлэлийн нэг хэсэг болж мерч бүтээгдэхүүнүүд ч олноороо мэндлэх болов.
Пянзны дэлгүүрүүдээс гадна “PC mall”, “Номин” зэрэг электрон барааны дэлгүүрүүдээс эхлээд олон цахилгаан барааны дэлгүүрүүд пянз тоглуулагч, өсгөгчийг оруулж ирж зардаг болсныг ч онцлууштай. Боломжийн гэх тодотголтой үнэтэй нь ч бий, 100 гаруй саяын үнэтэй нь ч бий.
Пянз сонирхогч, цуглуулагчдын тоо болоод Монголын зах зээлд хэдий тооны пянз эргэлдэж буйг судалж, тооцож байгаагүй. Гэвч жилийн дотор хоёр өрөө байрны өртөг бүхий тоглуулагч хэд, хэдээрээ зарагдаж, пянз сонирхогчдын тоо улам өсөн нэмэгдэж байна. Пянз өртгийн хувьд тийм ч хямд хобби биш учир энэ зах зээлд хэд, хэдэн тэрбумын хөрөнгө эргэлдэж буй гэдгийг “Бүх нийтийг пянзжуулах аян” хөдөлгөөнийг санаачлагч С.Цогтбаяр хэлсэн юм. Мөн тэрээр дуу хөгжмийг пянзаар сонсох нь жинхэнэ өөрсдийнх нь хүсэл сонирхолд хөтлөгдсөн “органик давлагаа” учир цаашид ч сонирхогчдын тоо тасралтгүй өсөн нэмэгдэнэ гэдгийг хэлсэн юм.
“Dundgol records” үүсгэн байгуулагч Б.Батболд
"Пянзны соёлыг дэлгэрүүлэхийн тулд кафегаа нээж байсан. Харин одоо тодорхой хэмжээнд энэ соёл манайд дэлгэрч, монгол хамтлагууд цомгоо пянз хэлбэрээр гаргаж байгаа учир үр дүнд хүрсэн гэж бодож явдаг. Надаас гадна олон хүмүүс пянз худалдаалдаг дэлгүүр нээж, үйл ажиллагаагаа явуулаад байна. Пянз өөрөө давтагдашгүй мэдрэмжийг хүнд өгдөг. Тиймээс ганцаараа үүнийг мэдэрч, ойлгох нь дэндүү хайран. Харин бусдад таниулж, түгээснээр илүү үнэ цэнтэй болж байгаа юм. Одоо бол хангалттай дэлгэрсэн."

Пянз сонирхогчдын дунд багагүй жин дарах нь залуус. Тиймээс тэд пянзыг юуны учир сонирхож, амьдралынхаа нэг хэсэг болгосон талаар ярилцахаар пянз сонирхогч Ж.Адъяасүрэнтэй уулзсан юм. Түүнд 2017 онд найзууд нь пянз тоглуулагч бэлэглэснээр пянзтай холбогдох болсон түүх нь эхэлсэн. Эхэндээ хүмүүсийн нийтлэг сонсдог байсан “ABBA”, “Beatles”- ын пянзуудыг худалдан авдаг байв. Тэгээд ч түүнийг сонирхож эхлэх үед пянз Монголд тийм ч элбэг биш байв. Харин дараагаар нь зөвхөн өөрийн сонирхдог уран бүтээлч, хамтлагийн пянзуудыг эрж хайж сонсох болжээ. Адъяагийн сонирхдог жанр нь 1970, 1980- аад оны Японы поп хөгжим аж. Эргэн тойрны хүрээлэлд нь пянз сонирхдог, цуглуулдаг цөөнгүй хүн бий. Тэрээр “Пянзыг залуус маш олон төрлөөр сонирхож байна. Яалт ч үгүй дэлхий даяар тренд болж буй учир залуус сонирхож байна. Зөвхөн өөрийн дуртай хамтлагийн пянзаа олж сонсоно. Эсвэл зарим нь цуглуулна. Ховор цөөн тоогоор хэвлэгддэг юм уу, зөвхөн Монголын уран бүтээлчдийн пянз цуглуулдаг хүмүүс ч бий. Ер нь аятайхан тоглуулагчаар аятайхан пянз тавиад сонсоход яалт ч үгүй шал өөр сонсогддог. Пянзыг арчлах нэгэн бодлын төвөгтэй. Гэхдээ үйлдлүүдийг ингэж хийж сонсохоор 100 хувь анхаарлаа төвлөрүүлж сонсдог. Дууныхаа үг, аяыг гүнзгий ойлгож сонсдог. Уран бүтээлч нь ингэж бодож хийсэн юм шиг байна гэж анзаарч сонсдог. Гадуур алхахдаа чихэвчээр сонсох ажил дээрээ компьютероор дуу сонсохоос тэс өөр. Магадгүй үүгээрээ үнэ цэнтэй байх. Би гэхдээ пянзыг цуглуулга, соёл гэж хардаггүй, энэ нь буудаггүй. Харин хэрэглээ гэдэг талаас нь хардаг” хэмээсэн юм. Залуусын хувьд дэлгүүрээс худалдан авахаас илүүтэй гаднын сайтуудаас худалдан авдаг аж. Учир нь пянзны дэлгүүрүүдийн хувьд нийтлэг сонсдог уран бүтээлчдийн бүтээлийг худалдаалдаг учир яг өөрийн зорьсон пянзыг худалдаж авах боломж байдаггүй. Мөн гаднаас захиалан авах нь өртгийн хувьд дэлгүүрээс хямд тусдаг учир ийнхүү онлайнаар захиалж авдаг байна.
“Chinzo’s Records Room” үүсгэн байгуулагч Г.Чинзориг
"Пянз сонсоно гэдэг гүн гүнзгий мэдрэмж шаардсан маш их таашаал өгдөг эд шүү дээ. Хүний амьдралд хандах хандлагыг тодорхойлж, хөгжим болоод гоо зүйн суурь мэдрэмжийг хөгжүүлдэг нарийн соёл юм."
Пянз хувь хүнд ийнхүү гоо зүйн мэдрэмж, гоёыг мэдрүүлэхээс гадна урлаг судлалд ч үнэтэй хувь нэмэр оруулж буйг дурдах хэрэгтэй болов уу. Учир нь, зөвхөн Монголын уран бүтээлчдийн пянзыг цуглуулдаг хүмүүс үүгээрээ өвчилж, дэлхийгээр нэг хэрэн хэсэж, Монголын уран бүтээлчдийг эрэн хайж олж авч буй. Энэ нь нэг талаар хувь хүний хобби ч өөр талаас нь харвал Монголын урлагийн түүхэнд олон шинэ нээлтийг хийж буй. Жишээлбэл, “Арт аялал” хөтөлбөрийнхөн 1940 онд бичигдсэн, хүндэтгэл ёслолын агуулгатай Японы “Columbia label” эрхлэн хэвлүүлсэн Азийн дуу хоолой хэмээх цоморлиг Их Эзэн Чингис хааны магтуу найрал дууны пянзыг олж илрүүлсэн юм. Уг пянзанд багтсан нэг магтуу найрал дуу нь түүхийн болоод соёлын өндөр ач холбогдолтой, түүх судлаачид болон монголчуудын хувьд нээлт болсон гэж үзэж буй. Уг дурсгалын талаар Япон хөгжим судлаач Таки Рёойчи “Чингис хааны магтуу найрал дуу нь жир бус тайлга тахилга зан үйлийн зориулалттай хүндэтгэлийн дуу, Чингис хааны тав дахь үеийн ач Хубилай хаан түүнээс хойно зохиогдсон яг тэр ая дангаараа уламжлагдан дуулагдсаар иржээ” хэмээн бичиж үлдээсэн аж. Мөн “Баянмонгол” чуулгын уран бүтээл Азийн уран бүтээлчдийн пянзанд багтсаныг ч олж илрүүлжээ. Ингээд харахаар урлагийн хөгжилд яалт ч үгүй өөрийн гэсэн үнэт хувь нэмрийг оруулж байна.
Өөр нэгэн зүйл онцлоход, Улаанбаатарын л соёл мэт байсан пянз зөвхөн нийслэлээр хязгаарлагдахгүй орон нутагт ч түгэн дэлгэрчээ. Одоогоор Өмнөговь болон Дархан-Уул аймагт пянз сонирхогчдын клуб хэдийнэ нээгдэж, улам олуулаа болсоор буй. Нэгэнт эрчийг авсан энэ давлагаа цаашид ч гэсэн түгэн дэлгэрэх нь гарцаагүй юм. Хуучинд л байсан, одоод байх ёсгүй мэт гадуурхагдаж байсан пянз эргэн ирэхдээ өмнөхөөсөө илүү үнэ цэнтэйгээр, эрхэмсгээр ийнхүү эргэн иржээ.