Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн байгууллагуудаас томилсон дөрвөн ажиглагч БНСУ, Япон, АНУ-д зургаадугаар сарын 20-23-нд сонгуулийн санал хураалт хуулийн дагуу явагдаж буй эсэхэд ажиглалт хийжээ.
Энэ талаар Бодлогод залуусын хяналт ТББ-аас тодруулахад "Санал хураах явцад ямар нэгэн ноцтой зөрчил илрээгүй, хэвийн явагдсан. Сонгогчид нэр дэвшигч сонгоно гэсэн ойлголттой ирсэн цөөнгүй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд зөвхөн нам сонгох боломжтойг их гайхаж хүлээж авч байв. Гадаадад байгаа сонгогчид зөвхөн нам сонгох тухай мэдээллийг аваагүй байсан. Онлайнаар бүртгүүлсэн боловч иргэний үнэмлэхийн зургаа дутуу оруулснаас болоод бүртгэл нь баталгаажаагүй гэдгийг мэдээгүй саналаа өгөхөөр ирсэн нэг иргэн байсан. Урьдчилж бүртгүүлээгүй ч саналаа өгөх боломжтой эсэхийг асуусан залуус хэд, хэд ирсэн.
Сөүл хотын салбар комисст санал өгөхөөр 2656 хүн бүртгүүлснээс 1845 хүн саналаа өгснөөр 69.47 хувьтай санал авах үйл ажиллагаа дуусаж, салбар комисс хуульд заасны дагуу саналын хуудасны тооцоо хийх, битүүмжлэх үйл ажиллагааг зохион байгуулсан. Санал хураах явцад хурууны хээ нь танигдаагүй зургаан иргэн байсан бөгөөд иргэний үнэмлэхийн мэдээлэлд үндэслэн бүртгэл үйлдээд саналын хуудас олгосон юм. Түүнчлэн бэхэн тэмдэглэгээ хийлгэхгүй гарч явах, санал өгсөн иргэд урсгал сөрж гарах, гадаадад амьдарч байгаа иргэд зөвхөн нам сонгохыг мэдэхгүй иргэд цөөнгүй байв. Осака хотод хурууны хээ унших төхөөрөмж эхний таван хүн дээр ажиллаад тэрнээс хойш огт ажиллаагүй. Үүнээс гадна урьдчилан бүртгүүлж, саналаа өгөх ёстой гэдгийг мэдээгүй иргэд олон байсан. АНУ-ын хувьд саналын хуудасны бүх тоо тулсан бөгөөд хүчингүй, эсвэл нэмэлтээр саналын хуудас өгсөн тохиолдол гараагүй ба 85.3 хувийн ирцтэйгээр санал хураах үйл явц өндөрлөсөн" гэлээ.