Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян Австрали улсад дөрөв хоногийн хугацаатай төрийн хэмжээний айлчлалаа өнгөрсөн амралтын өдөр эхлүүллээ. Австрали, Хятад улсууд хэсэг хугацааны туршид худалдаа эдийн засгийн салбарт хамтын ажиллагаа нь хөрсөн байдалтай байсан бол Ли Цяны энэ удаагийн айлчлал хоёр улсын худалдаа эдийн засгийн харилцаа эргэн сэргэснийг гэрчилж байна.

Ли Цян Австрали улсад 2014 оноос хойш долоон жилийн хугацаанд айлчилж байгаа Хятадын хамгийн өндөр албан тушаалтан болж байгаа юм. Өнөөдөр буюу даваа гарагт тэрээр Австралийн Парламентад зочилж, түүнийг ёслол хүндэтгэлтэйгээр угтаж авлаа. Ли Цян өнөөдөр Австралийн Ерөнхий сайд Энтони Албанистай уулзалт хэлэлцээр хийнэ.

Хятад бол Австралийн худалдааны хамгийн том түнш. Хоёр орны худалдаа өнгөрсөн жил 327 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 30 хувийг нь төмрийн хүдэр, нүүрс эзэлжээ. Төмрийн хүдэр, нүүрснээс гадна дарс, үхрийн мах, арвай, хавч зэрэг олон төрлийн бүтээгдэхүүний арилжаа явагддаг.

Ли Цян өчигдөр Австралийн Аделаида амьтны хүрээлэнд зочилж, тэнд зээлдүүлсэн хулсны баавгайнуудаа эргэжээ. Хулсны баавгай бол Хятадын дипломат харилцааны гол бэлэг тэмдгүүдийн нэг болсон. Хулсны баавгайнуудыг гадны амьтны хүрээлэнгүүдэд олон сая ам.доллараар зээлдүүлэх журмаар дипломат харилцаагаа явуулдаг. Гадаадын томоохон амьтны хүрээлэнгүүд хулсны баавгайг нутагшуулж, үржүүлж аялагч жуулчдыг татсаар ирсэн.

Хятадын Засгийн газар Австралийн амьтны хүрээлэнд Ван Ван болон Фу Ни хулсны баавгайнуудыг 2009 онд зээлдүүлсэн бөгөөд тэд энэ оны сүүлчээр эх нутагтаа буцах ёстой. Тэгвэл Ли Цян Австрали улстай дипломат харилцаагаа үргэлжлүүлэн өндөр түвшинд хадгалахаа илэрхийлж Ван Ван, Фу Ни нарын оронд дахин хоёр хулсны баавгайг зээлдүүлэхээ мэдэгдсэн байна.

Хулсны баавгай нь Хятадын Сичуань, Шанси, Гансу мужуудын уулархаг ойн бүсэд нутагшсан байдаг ч хоол тэжээл олдохгүйн улмаас өлсөж үхэхэд хүрсэн тул 1980-аад оноос үржүүлэх, хүрээлэнгүүдэд өсгөх ажлыг эхлүүлжээ. Үржүүлгийн ач тусаар хулсны баавгайн тоо 700-аар нэмэгдэж 1,860 орчим болсон байна. Улмаар 2016 онд Олон улсын байгаль хамгаалах холбоо хулсны баавгайг нэн ховордсон амьтны төрөл зүйлийн жагсаалтаас хасчээ.

Хятадын хулсны баавгай хамгаалагчид уг амьтныг гадны улс орнуудад зээлдүүлж, өсгөж үржүүлэх ажлыг идэвхтэй явуулж байгаа хэдий ч зэрлэг байгальд тавьсны дараа бие даан хоол тэжээлээ олж идэх, байгалийн шалгаралд амьд тэсч үлдэх эсэх нь эрсдэлтэй хэвээр байна.