Дэлхийн алтны зөвлөлийн мэдээлснээр сүүлийн хэдэн жилийн хугацаанд үнэт металлын олборлолт тогтмол буурч байна. Өнгөрсөн онд л гэхэд дөнгөж 0.5 хувиар өсжээ. Гэтэл үнэт металлын эрэлт хурдтайгаар нэмэгдэж байгаа юм.
Дэлхийн алтны үйлдвэрлэл 2020 онд анх удаа нэг хувиар унасан. Харин 2021 онд 2.7 хувийн өсөлт ажиглагдсан бол 2022 онд эргээд 1.35 хувь хүртэл буурав. Харин энэ оны эхний улиралд олборлолт дөрвөн хувиар нэмэгдсэн ч мэргэжилтнүүд сэтгэл дундуур байна.
“Миний бодлоор, уурхайн олборлолт 2016-2018 оны хэмжээнд тогтворжоод түүнээс хойш өсөлт алга” хэмээн Дэлхийн алтны зөвлөлийн шинжээч Жон Рид хэллээ.
Шинээр орд хайх нь улам бүр хэцүү болж, төслийн хүчин чадалд хүрэхээс өмнө ашиглалтад оруулахад 10-20 жил шаардагдах болсон. Түүнчлэн, улс орнуудад хүнд суртал газар авч шаардлагатай зөвшөөрөл авах зарлага нэмэгдэж байгаа юм.
АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, дэлхийн хайгуулийн илэрсэн алтны нөөц 57 мянган тонн байдаг. Харьцуулбал хүн төрөлхтөн ойролцоогоор 187 мянган тонн алт олборложээ.
Өнгөрсөн сард алтны үнэ түүхэн дээд амжилт тогтоон унци нь 2454.2 доллар давсан билээ.