Тайландын Аютхая мужийн Аютхая түүхийн цэцэрлэгт хүрээлэн дэх зааны хашаанд ихэр тугал мэндэлсэн байна. Заан ихэр тугал гаргах нь зууд нэг хувь тохиолддог бөгөөд эрэгтэй, эмэгтэй ихэр тугал гаргах нь бүр ч ховор тохиолдол ажээ. Тиймээс цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд ихэр тугалыг ид шид тохиолоо хэмээн бэлгэшээж байна.

36 настай Чамчури нэртэй эмэгчин заан өнгөрсөн баасан гарагт тугалсан байна. Дөнгөж төрсөн эрэгчин тугалыг цэвэрлэж байхдаа эх заан дахин чанга чимээ гаргасан нь хоёр дахь тугал гарах гэж байгаагийн дохио байжээ. Эмэгчин тугалыг гаргахдаа эх заан цочирдож тогтворгүй болсон тул хүрээлэнгийн ажилчид хоёр дахь тугалыг гэмтэхээс сэргийлж Чамчуриг тайвшруулахыг оролдсон байна. Энэ үеэр цэцэрлэгт хүрээлэнгийн нэг ажилчин хөлөө хугалжээ.

Цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчин гэмтсэн ч ихэр тугалыг эсэн мэнд аварсандаа баяртай байгаа тухайгаа ярьсан байна. Зааны түрүүлж мэндэлсэн эрэгчин тугал 60 кг жинтэй байсан бол сүүлд мэндэлсэн эмэгчин нь 55 кг жинтэй байжээ. Зааны тугалыг мэндэлснээс хойш долоо хоногийн дараа нэр өгдөг заншилтай учраас одоогоор нэр өгч амжаагүй байна.

Буддын шашинтнууд хүн амын дийлэнхийг нь эзэлдэг Тайландад зааныг ихэд дээдэлж хамгаалдаг. Мөн аялагч жуулчдыг татах гол бүтээгдэхүүн болсон байдаг.

Дэлхий дээр 52,000 гаруй Азийн заан байдгийн 15 хувь нь буюу 3,000 гаруй нь Тайландад нутагшжээ. Байгаль орчныг хамгаалах олон улсын холбооны мэдээлснээр хууль бус наймаа, ангаас болж Азийн заан нэн ховор амьтны төрөл зүйлд багтах болсон. Африкийн заануудтай харьцуулахад Азийн заанууд жижиг чих, бөгтөр нуруугаараа ялгардаг байна.