Чөлөөт бөхийн “Poland Open” олон улсын тэмцээн Польш улсад өнөөдөр эхэллээ. 20 дахь удаагаа болж буйгаараа онцлог тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр, МУГД З.Дүвчин нарын удирдлага дор 58 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ Э.Гантуяа, 60 кг-д П.Орхон, Б.Шоовдор, 63 кг-д дэлхийн хошой аварга С.Батцэцэг, 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа, ОУХМ Ш.Түмэнцэцэг нар зодоглож буй.

Эмэгтэйчүүдийн 60 кг-д таван бөх тойргоор барилдсанаас жин өгсөн зодоглосон ОУХМ П.Орхон эхний даваануудад Польшийн Ж.Вржесей, К.Натальяа нарыг цэвэр, К.Мадровскаг 4:2-оор ялсан. Улмаар хамгийн сүүлийн барилдаанаа нутаг нэгт Б.Шоовдортой хийн 7:0-ээр ялж, түрүүллээ.

Харин Б.Шоовдор Польшийн гурван бөхийг цэвэр ялж, П.Орхонд хожигдсоноор мөнгөн медалийн болзол хангалаа.

69 кг-д ДАШТ-ий гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа эхний тойргуудад дэлхийн аварга А.Махиньяг 10:6, Казахстаны Э.Сиздиковаг 11:4-өөр ялж, шигшээд шалгарсан. Харамсалтай нь аваргын төлөөх барилдаанд бэртлийн улмаас барилдаж чадсангүй.

Энэ жинд хүч үзсэн манай нөгөө бөх Ш.Түмэнцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд Польшийн А.Кордусыг 7:1-ээр яллаа.

Ийнхүү “Poland Open” тэмцээний эхний өдөр манай дөрвөн бөх зодоглон, нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль аваад байна.

Өнөөдөр 58 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ Э.Гантуяа, 63 кг-д дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг нар барилдана. Дашрамд дурьдахад, “Poland Open” тэмцээний хоёр дахь өдрийн барилдааныг манай сайт шууд дамжуулна.