Хотын түгжрэлд хамаг цагаа бардаг нийслэлийнхний хувьд скүүтер, мопед, унадаг дугуй хөлөглөх нь хамгийн амар хийгээд хугацаа хэмнэсэн сонголт болж байна. Автобус хүлээхгүй, автомашины зогсоол хайхгүй, товлосон цагтаа торхийгээд зогсохын тулд хотынхон энэ төрлийн унаагаар хөл дүүжлэх нь эрс олширлоо. Хөгшин залуу, хүүхэд шуухадгүй скүүтер, моторт, унадаг дугуйгаар зам сүлжилдэн холхиж, автомашинтай ч уралдах нь энүүхэнд давхиж явна. Харамсалтай нь, хэт давчуу зайнд хэрэглээний зөв хэвшилгүй, дүрэмгүй “унаачид” осол аваар гаргаж, өөрийгөө болон өрөөлийг гэмтээж бэртээх нь ихэслээ. “Скүүтер, сурронд дайруулж, толгойгоо хагалсан, үений хагалгаанд орсон, гараа хугалсан” гэх мэдээлэл цахим орчинд хөвөрч, аюулын дохиог олон нийтэд түгээгээд байна.
Тэгвэл хөнгөн унаатай холбоотой асуудлын учгийг хөвөрдөж, углуулгаар нь хөндөхөөр хамгийн түрүүнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийг зорьсон юм. Тэндээс скүүтер, суррон, унадаг дугуйтай холбоотой осол аваараас үүдэн гэмтэж, бэртсэн хүмүүсийн тоо хийгээд нөхцөл байдлын тухай мэдээлэл авахаар чиглэв. Биднийг очиход суррон унаж яваад хөлөө бэртээсэн үйлчлүүлэгч эмчийн үзлэгийг хүлээж байлаа. Түүнийг Н гэх бөгөөд 19 настай тэрээр суррон аваад удаагүй гэнэ. “Арай ч ясаа хугалчихаагүй бололтой. Гэхдээ ихээ хөндүүр байна” гэж ярилцах зуур эмч дараагийн үзлэгтээ орохоор түүнийг дуудлаа. ГССҮТ-ийн эмчтэй уулзахаар хүлээх зуур скүүтрээс унаж хөлөө бэртээсэн нэг хүү ирлээ. Бүртгэлийн ажилтны зөвлөснөөр ээж рүүгээ утасдаж, хурдтай явж байхад замын ховил таарч скүүтрээсээ унаж бэртсэнээ уйлан ярих хүүгээс нэрийг нь лавлаж зүрхэлсэнгүй. Сүүлийн үед энэ мэт гэмтэж бэртсэн хүмүүс эмнэлэгт хандах нь олширсон гэнэ.
Эмч нарын хэлж буйгаар ихэвчлэн 10-28 насны залуус скүүтер, сурроноос үүдэлтэй осол аваарт өртөж, гэмтэж бэртэж байна. Гар сарвуу бэртэхээс эхлээд гавал тархи ч гэмтэх тохиолдол олон гэнэ. Ерөнхийдөө бэртэл гэмтэл хурд, орчин нөхцөлөөс шалтгаалан харилцан адилгүй байх ч өндөр хурдтай суррон мэтээс унасан тохиолдолд дотор эрхтний гэмтэл, тархины цууралт, цус хуралт зэргээр хүндэрдэг аж. Цаашдаа энэ нь төв мэдрэлийн системийг гэмтээх, сонсголгүй болох зэрэг ноцтой эрсдэл дагуулж буйг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна.
ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Л.Бум-Аюуш
"Скүүтер, унадаг дугуйтай явах зориулалтын зам талбай бага учраас иргэд автомашин, явган хүний замаар зорчиж байна. Үүний улмаас гэмтэж бэртэх тохиолдол маш ихээр гарч буй. Хэр хурдтай явснаас шалтгаалан бэртэл гэмтлийн хувьд харилцан адилгүй. Тухайлбал, скүүтерээс унах, мөргөлдөх, автомашинд мөргүүлэх, бусдыг мөргөж гэмтээх ихэнх тохиолдолд гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар хөл хугарах, хөхрөлт няцралт үүсдэг. Харин суррон мопедны хувьд илүү хүнд гэмтэлтэй ирж байгаа. Цээжний хөндийн битүү гэмтэл, хэвлийн эд, эрхтэн гэмтэх нь олон байна. Ерөнхийдөө 14-30 орчим насны залуучууд энэ төрлийн гэмтэл, бэртэлд ихээхэн өртөж байна."
Скүүтер болон суррон дугуйнаас үүдэлтэй гэмтэл авч, ГССҮТ-д хандсан үйлчлүүлэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгджээ.
• 2022 онд нийт 153,365 хүн тусламж үйлчилгээ авснаас 96
• 2023 онд нийт 168,280 хүн тусламж үйлчилгээ авснаас 266
• 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар 55,365 хүн тусламж үйлчилгээ авснаас 72 нь скүүтер, суррон, дугуйнаас үүдэн гэмтэж бэртсэн хүмүүс байна.
Ийнхүү сүүлийн гурван жилд скүүтер болон суррон, дугуйнаас үүдэлтэй гэмтлийн улмаас 418 хүн ГССҮТ-д хандаж, тусламж үйлчилгээ авчээ. Гэхдээ энэ бол зөвхөн ГССҮТ-д хандсан хүмүүс. Бусад шатлалын эмнэлэгт хандсан, хөнгөн бэртэл гээд эмнэлгийн тусламж аваагүй хүмүүс ч асар олон бий. Тэднийг тоолж нэгтгэх боломжтой бол тоймгүй тоо гарах биз ээ.

Ангиллын хувьд хурд хүчээрээ илүү эрсдэл дагуулж буй нь моторт дугуй буюу суррон. Замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй сурагчид сурронтой хотын гудамжаар салхи татуулан давхиж байна. Гэтэл үүнийг холбогдох газрууд хязгаарлах, зохицуулах бодлого өнөөг хүртэл гаргасангүй.
Манай улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.24-т “50 куб.см-ээс ихгүй ажлын багтаамж бүхий дотоод шаталтат хөдөлгүүртэй, эсхүл 0.25-4 кВт хүртэл чадал бүхий цахилгаан хөдөлгүүртэй, техникийн дээд хурд нь цагт 50 км-ээс ихгүй, хоёр буюу гурван дугуйт тээврийн хэрэгслийг насны ангиллаар, тусгайлсан эрх авахгүйгээр жолоодож болно” гэж заасан байдаг.
Дээрх дүрэмд зааснаар цахилгаан дугуй буюу сурроныг өсвөр насны хүүхдүүд үнэмлэх шаардахгүйгээр унах боломжтой. Ийм зохицуулалттай учраас сүүлийн жилүүдэд сурроны хэрэглээ сурагчдын дунд огцом өсжээ. Сурагчид сурронттой хотын гудамжаар давхих нь гоё харагдах тренд мэтээр ойлгож, дүрэмгүй хөдөлгөөнд оролцож байна. Үүнээс улбаалж, осол аваарт өртөх, өөрийгөө болон бусдыг гэмтээх тохиолдол олон гарч буй.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар цагдаагийн байгууллагад унадаг дугуйтай холбоотой 23 осол, скүүтер автомашинтай мөргөлдсөн дөрөв, суррон буюу мотоциклийн түвшинд очсон цахилгаан унадаг дугуйтай холбоотой долоон ослын тохиолдол бүртгэгджээ. Орон нутагт энэ төрлийн осол аваар гарах ч төдийлөн бүртгүүлдэггүй байна. Иймд сүүлийн жилүүдэд Тээврийн цагдаагийн албанаас сурагчдад тээврийн аюулгүй байдлын дүрэм журмыг сурталчлах байдлаар суррон, мопедтой хөдөлгөөнд оролцоход анхаарах зөвлөмж, сургалтыг явуулж байгаа аж.
Суррон нь үндсэндээ хоёр төрөл буюу спорт, энгийн загвар гэсэн ангилалд хамаардаг. Спорт төрлийн суррон унаж байгаа тохиолдолд тухайн иргэн заавал насанд хүрсэн байх, жолоодох эрхийн А үнэмлэхтэй байхыг шаарддаг. Харин энгийн загварын цагт 50 км хүртэл хурдалдаг суррон унаж байгаа хүн 16 нас хүрсэн бол жолоодох эрхийн үнэмлэхгүй хөдөлгөөнд оролцож болно гэж үздэг.
Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ хэн нэгнээс дутаахгүй гэсэндээ, зарим нь ойр зуур дадлагажиж сайн жолооч болно гэж үзсэнээр суррон авч өгдөг. Энэ нь хүүхдийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулж байгааг төдийлөн ойлгодоггүй гэдгийг холбогдох албаныхан учирлаж байна.
Тээврийн цагдаагийн албанаас техникийн үзүүлэлтийн хувьд скүүтер, цахилгаан унадаг дугуй буюу суррон, мопедод стандарт гаргах асуудал дээр ажлын хэсэг гарган ажиллаж буйг дуулгасан юм. Гэвч зөрүүтэй ойлголт, нэгдсэн шийдвэргүйн улмаас энэ асуудал ойрын хугацаанд шийдэгдэх боломжгүй байна. Түүнчлэн мопед, сурроныг бүртгэлжүүлэх дугаар олгох асуудал дорвитой шийдэгдэхгүй өнөөдрийг хүрсэн нь дараа дараагийн эрсдэлийг үүсгэж буйг энд дурдах нь зүй.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төр, хувийн хэвшил хамтран скүүтер түрээсийн үйлчилгээг 2023 оны хавраас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Түгжрэл бууруулах ам гарч, олон мянган түрээсийн скүүтрийг их хотын зам талбайн булан бүрд байршуулж, иргэд ч өргөнөөр ашиглах болсон. Тэгвэл өнөөдөр энэхүү шинэлэг шийдэл дэд бүтэц, зөв хэрэглээгүйн улмаас олон нийтийн дунд ад шоо үзэгдэх боллоо.
Дэлгэрүүлбэл, нэгдүгээрт, түрээсийн скүүтрийг ямар ч хариуцлага, дүрэм журамгүй байдлаар хэрэглээнд нэвтрүүлсэн нь гол асуудлын төв болж буй. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчдэд төлбөр төлөхөөс өөрөөр ямар нэгэн шаардлага тавьдаггүй. Хамгаалах хэрэгсэл ашиглах, давхарлаж зорчихгүй байхыг сануулдаг ч үгүй.
Хоёрдугаарт, насны хязгаар тогтоогоогүй. Үүнээс үүдэж бага насны хүүхдүүд ч түрээсэлж, осол аваарт өртөх нь элбэг байна.
Гуравдугаарт, зориулалтын зам талбайн хүрэлцээгүй байдлаас үүдэж скүүтертэй иргэд явган хүний зам гарц, автомашины замаар урсгал сөрөн зорчиж байна. Энэ нь зорчигчийн аюулгүй байдал, амь насанд ч эрсдэл дагуулсаар буй.
Мэдээж скүүтер, мопед, суррон зэрэг нь давуу тал ихтэй ч зохицуулалт, хяналтгүй, зөв хэрэглээний хэвшилгүйн улмаас олон сөрөг үр дагаврыг араасаа дагуулж байна. Хэрвээ ийм байдал үргэлжилсээр байвал бүр ч их асуудалтай нүүр тулахыг бусад улс орны жишээнээс харж болно.
Жишээлбэл, өнгөрсөн онд Францын нийслэл Парис хотод түрээсийн цахилгаан скүүтерийг хэрэглээнээс хасах санал асуулга явуулсан байдаг. Ингэхэд иргэдийнх нь талаас дээш хувь нь буюу 90 орчим хувь нь скүүтрийг хэрэглээнээс халахыг дэмжсэн байна. Учир нь, тус улсад 2022 оны байдлаар цахилгаан скүүтер унах явцдаа 459 хүн осолд өртөж, гурван хүн нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ. Улмаар зохицуулалтгүй дүрэм журамгүй байсан түрээсийн скүүтер үйлчилгээг зогсоосон байдаг. Харин иргэд хувийн скүүтрээ олон нийтийн газраас бусад газраар унахыг зөвшөөрсөн. Ингэхдээ насны хязгаарыг 16 нас болгож тогтоожээ.
Харин зарим улс орны хувьд жолоодох эрхийн үнэмлэх шаардаж, нийтийн эзэмшлийн зам талбайгаар зорчихыг хориглодог аж. Мөн зориулалтын хамгаалах хэрэгсэл болох малгай өвдгөвчийг заавал ашиглахыг шаарддаг байна. Харин манайд эдгээр шаардлага, зохицуулалтыг орхигдуулснаар өнөөгийн асуудал, аюултай нүүр тулж байна. Энд зөвхөн түрээсийн скүүтрийг дурдаагүйг онцолъё. Түрээсийн скүүтер 20 км цагийн хурдтай бол иргэд хувьдаа худалдан авч буй нь 40 км цаг ч хурдлах боломжтой гэнэ. Үүнээс зөвхөн түрээсийн скүүтер аюул дагуулаагүйг ойлгох биз ээ.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Ахлах хошууч Г.Отгонтамир
"Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар зүйл заалтад цахилгаан скүүтер, унадаг дугуй, мопедтой хөдөлгөөнд оролцох дүрмийн заалт байдаг. Цагдаагийн байгууллагаас энэ дүрэм журмын дагуу хяналт тавин ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд нийтлэг илэрч буй зөрчил нь насны хязгаар зөрчсөн зөрчлүүд гарч байгаа. Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхдүүд унахдаа харгалзах хүнтэйгээр тоглоомын талбай, хашаандаа унахыг зөвшөөрдөг. Харин 14 наснаас дээш насныхан олон нийтийн зам, талбайд унадаг дугуй унана. Үүнтэй адил цахилгаан скүүтрийг 14-өөс дээш насныхан унадаг дугуйн замаар унана. Мөн зорчих хэсгийн баруун хөвөөгөөр явна. Хэрэв цахилгаан скүүтрийн моторын хүчин чадал нь мопедынх шиг бол 16-гаас дээш насныхан хамгаалалтын хувцас хэрэглэлтэй унахыг шаарддаг. Хоёр дугуйт хэрэгслийг 50 км/цаг хүртэл хурдалдаг бол мопед гэж үзнэ. Тиймээс замын хөдөлгөөний дүрэмд мопедтой хэрхэн зорчино гэж заасан байна түүнийг дагаж, мөрдөнө гэсэн үг. Иргэд дээр заасан замын хөдөлгөөний дүрэм журмыг мэддэггүйгээс үүдэж осол аваар гаргах, өртөх тохиолдол гаарсаар байгаа."
Олон улс орон байгаль дэлхийд ээлтэй байх үүднээс шинэлэг шийдлүүдийг цаг алдалгүй ашиглаж байна. Үүний дотор бидний дээр дурдаад буй цахилгаан скүүтер, суррон зэрэг багтана. Биднээс өөр байгаа гол зүйл нь тэд тогтсон дүрэм, журам, стандартыг чанд баримталдаг. Жишээ нь, зөвхөн дугуйн замаар зорчих, тээврийн хэрэгслийн үнэмлэх шаардах, 18 нас хүрсэн байх, хамгаалалтын малгай хэрэглэлээр хангах зэрэг асуудлыг хамтад авч үзэж ашиглаж байна.
Гэвч манайд ямар ч шаардлага, шалгуур, хяналт, дүрэм хэрэгжүүлж буй зүйл алга. Хэн дуртай нь дур таарсан унаагаараа хотын гудамжаар давхилдаж, өөрийн болон өрөөлийн амь нас, эрүүл мэндэд заналхийлж байна. Тиймээс скүүтер, суррон, мопедоор зорчигчдыг замын хөдөлгөөний дүрэм баримтлуулж, хамгаалах хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангахыг шаардаж, ойлгуулдаг болъё. Зорчигчид ч өөрийгөө болон өрөөлийг эрсдэлээс хамгаалах ухамсартай байя.
Гол нь зориулалтын дугуйн зам, хашлагатай замаар нөхцөлийг бүрдүүлэх чухал асуудал болоод байна. Гэтэл манайд стандартын шаардлага хангасан дугуйн зам тун цөөн байна. Стандарт, хэмжилзүйн газраас дугуйн замын стандартыг “Унадаг дугуйн замын өргөн 1-1.5 метр, явган хүний зам 2.5 метр буюу нийтдээ 3.5-4 метр өргөнтэй байх ёстой” хэмээн тогтоосон байдаг. Гэвч манайд энэ стандарт үйлчилдэггүй.
Явган хүний зам дээр улаан будгаар тэмдэглэсэн нарийн хэсгийг дугуйн зам хэмээн нэрлэдэг. Түүгээр дугуйтай иргэд багтаж зөрж ч чаддаггүй. Мөн явган хүний замаас тусгаарласан тэмдэглэгээ, хаалт байдаггүй учир иргэд ч дугуйн замаар алхах нь элбэг.
Харин энэ тулгамдсан асуудлыг шийдэхээр өнгөрсөн онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба унадаг дугуйн болон явган хүний замыг хариуцсан тусгай алба нэгжтэй болсон. Гэвч тусгай алба нээгээд нийслэлийн дугуйн замын урт нэмэгдсэнгүй. Гэтэл скүүтер, суррон, унадаг дугуйн хэрэглээ залуусын дунд эрчээ авсаар байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн
"Улаанбаатар хот нийт 90 орчим км дугуйн замтай. Энэ жилийн хувьд бид 30 орчим километр дугуйн зам болон дугуйтай зорчигчдод зориулсан хоёр гүүрэн гарц хийхээр төлөвлөөд байсан. Гэвч одоогоор хөрөнгө мөнгө төсвийн асуудлаас үүдэж ажил түр зогсоод байна."
Асуудлын нэг гогцоо энд л бий. Авто замын түгжрэл, төвлөрлөө сааруулахаар олон жил ярьж байгаа ч үүний төлөөх жижигхэн шийдлээ ч тордсонгүй. Сонгуульдаж, баруун солгойгүй баахан мөнгө цацахдаа яагаад нэг нь ч дугуйн замаа уртасгая гэж дуугарч, хөрөнгө татсангүй вэ, түшээд, нийслэлийн удирдлагууд аа. Дүрэм журам сулын хажуугаар дэд бүтэцгүй байгаа нь түгжрэл бууруулах энэ мэт шийдэл эцэстээ эндэгдлийн шалтгаан болоод дуусах нь. Ам, амины зөрүүгүй ажлаа хиймээр байна.