2023-2024 оны хичээлийн жил дуусгавар болж, сурагчдын зуны амралт эхлээд байна. Цэцэрлэг, бага ангийн сурагчид эхнээсээ амарч эхлээд байгаа бол дунд болон ахлах ангийнхан энэ сарын 15-ныг хүртэл хичээллээд амарна. Үүнтэй холбоотойгоор БШУЯ-наас энэ хичээлийн жилд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, ирэх жилийн төлөвлөгөөгөө танилцууллаа.
Энэ жилийн тухайд улсын хэмжээн дэх 1410 цэцэрлэгийн 9034 бүлэгт 274236 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад нийт 33.9 мянган багш, ажилтан ажилласан байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах эрх зүйн орчин бүрдэж, хүүхдийн хамрагдалт нэмэгджээ. Сургуулийн өмнөх насны хөгжлийн бэрхшээлтэй 3115 хүүхэд байгаагаас сургуулийн өмнөх боловсролд 1977 хүүхэд хамрагдаад байна.
Түүнчлэн малчин өрхийн 3-5 насны 63.847 хүүхэд байгаагийн 33.657 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа аж. Мөн улсын хэмжээнд таван настай 77 мянга гаруй хүүхэд байгаагаас энэ хичээлийн жилд нийт хүүхдүүдийн 94.8 хувь нь сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдсан байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд 32 байгууллага дэргэдээ цэцэрлэг, салбар бүлэг байгуулсан бөгөөд үүнд 2388 хүүхэд хамрагджээ. Харин улсын хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 871 сургууль хичээл, сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна. Тэдгээрийн 79.8 хувь нь төрийн өмчийн, 20.2 хувь нь хувийн өмчийн сургууль байна. Түүнчлэн улсын хэмжээнд нийт 771 мянга гаруй сурагч ерөнхий боловсрол эзэмшиж байна.
Ирэх жилийн хүлээлт
Нэн түрүүнд ирэх хичээлийн жилээс хөтөлбөрийн томоохон шинэчлэл хийхээр төлөвлөж буйгаа салбар яамнаас мэдээлэв. Одоогийн хэрэгжиж буй хүүхдийн хөгжлийг дэмжих зорилготой боловсролын “Цөм хөтөлбөр” 2014 оноос хойш хэрэгжиж эхэлсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй гэхэд хилсдэхгүй. Арав гаруй жилийн хугацаанд хэрэгжсэн уг хөтөлбөрийг 2027 оны хичээлийн жилээс үндэсний гэх тодотголтой өөр нэгэн хөтөлбөрөөр солихоор төлөвлөжээ. “Цөм” хөтөлбөрийн дараа хэрэгжүүлэх хөтөлбөр нь “Үндэсний хөтөлбөр”. Ирэх хичээлийн жилээс “Үндэсний хөтөлбөр” хэрэгжиж эхлэх бөгөөд 2037 он хүртэл үргэлжилнэ.

Монгол Улсад хөтөлбөрийн менежментийн цикл гэх ойлголт өнгөрсөн хугацаанд байгаагүй бөгөөд үүнийг саяхнаас хуульчилсан. Боловсролын багц хуульд тусгаснаар нэг хөтөлбөрөөс нөгөө хөтөлбөр рүү шилжихэд хамгийн багадаа 10-12 жилийн хугацаа зарцуулж байж дараагийн шинэчлэл хийгдэх эрх зүйн орчин бүрдэнэ. Хөтөлбөрийн шинэчлэл хийхэд заавал судалгаа, туршилтад суурилдаг болно. Үүний дараа хэрэгжүүлж, туршина гэсэн циклтэй. Ингэснээр жинхэнэ утгаараа хөтөлбөрийн шинэчлэл хийгдэнэ."
Ирээдүйн ур чадварын олон улсын судалгаагаар аналитик сэтгэлгээ ба инновац, идэвхтэй суралцахуй ба суралцахуйн арга барил, асуудлыг цогцоор нь шийдэх чадвар, шүүн тунгаах, задлан шинжлэх чадвар, бүтээлч сэтгэлгээ ба шинэ санаа дэвшүүлэх чадвар хамгийн чухалд тооцогдож байна. Мөн бэрхшээл сорилтыг даван туулах, учир шалтгааныг ойлгох, шийдэл, санаа дэвшүүлэх чадвар ч онцгой ач холбогдолтойд тооцогдож буй. Үүнтэй холбоотойгоор сургалтын хөтөлбөртөө салхи оруулж, суурь мэдлэгээс гадна амьдрах ухаанд сургахад анхаарах аж.

Нийт 174 сурах бичгийн агуулгад хяналт тавихад доод эрэмбийн даалгавар ихтэй, дээд эрэмбийн буюу бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх дасгал, даалгавар ажил багатай нь ажиглагдсан. Өөрөөр хэлбэл, мэдлэг ойлголт, чадварын түвшингээс хэрэглээний түвшин бага байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Угтаа сурах бичгийн агуулга ямар байна, сурлагын амжилт яг тийм байдаг.
Мөн 2024-2025 оны хичээлийн жилд хөдөөгийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжуудыг сольж, модон жорлонг хална. Өнөөдрийн бодит гүйцэтгэлээр хөдөөгийн 320 орчим дотуур байр, цэцэрлэг зориулалтын ариун цэврийн байгууламжтай болжээ. Ирэх есдүгээр сарын 1-н гэхэд Монгол Улсын хэмжээн дэх нийт сургууль, цэцэрлэгийг нэг ч нүхэн жорлонгүй болгох аж. Тодруулбал 920 сургууль, цэцэрлэг нүхэн жорлонгоо халах аж. Мөн сургуулийн сэтгэл зүйч нарын бэлдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар гурван сургууль тутмын хоёр нь сэтгэл зүйчтэй болсон байна. Ирэх есдүгээр сарын 1-н гэхэд бүх сургууль сэтгэл зүйчтэй байхаар зорилт тавьжээ.
Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
Энэ хичээлийн жилд сураглцагчийн хөгжлийг дэмжих үүднээс дараах ажлыг зохион байгуулсан байна.
- Эрүүл шүд арга хэмжээ, “Шүд эрүүл бол бие эрүүл” аян
- “Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих” төсөл 2024-2027 он
- “Охидын эрүүл ахуй, ариун цэврийн багц” түгээх ажил
- Үе тэнгийн дээрэлхлээс урьдчилан сэргийлэх аян
- Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх аян
- Мэргэжил сонголтын аяныг тус тус зохион байгуулжээ.

Хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжилд нөлөөллийн үйл ажиллагаа чухал. Энэ жилийн хувьд боловсролын салбар дахь оюутан залуус, сурагчдынхаа шүд, нүд, охидын эрүүл мэндэд онцгойлон анхаарах ёстойг бодлого үйл ажиллагаандаа чиглүүлсэн. Мөн үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал бий. Бид 2022 оныг боловсролын салбар дахь ёс зүйн жил болгон зарласан. Суралцагч төдийгүй багш ажилчдын түвшинд ч дээрэлхэлтийн асуудал байдаг юм байна. Тиймээс ойлголт, хандлага, уламжлалт арга хэлбэрээ өөрчлөхөд онцгой анхаарч байгаа"
“Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж, цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгийг 3,000-4,100 төгрөг болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлээд буй. 2008 оноос цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж ирсэн. Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 2475 төгрөг, тусгай болон сувилал, 24 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тогтоон мөрдөж ирсэн.Тэгвэл Засгийн газрын ээлжит хуралдаанаас сүүлд гаргасан шийдвэрийн дагуу 3000-4100 төгрөг болгон нэмэгдүүлсэн юм.