Улсын хэмжээнд нийт 189.3 мянган малчин өрх байна. Өнөөдрийн байдлаар малчин өрхийн хүүхдүүдийн 52.7 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа аж. Тодруулбал, малчин айл өрхийн 3-5 насны 63 847 хүүхэд байгаагийн 33 657 нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна.

Энэ талаар БШУЯ-ны СӨБ-ын хэлтсийн дарга Ж.Мягмар "Хувилбарт сургалт буюу гэр бүлд суурилсан явуулын сургалтыг (явуулын багш) сумын цэцэрлэг бүрд ажиллах нөхцөл боломжоор хангах хэрэгцээ байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 87 суманд хувилбарт сургалтын багш бие даасан орон тоогоор ажиллаж байгаа. Цаашдаа 300 багшийг ажиллуулах зорилттой байгаа. Ирэх жилээс зайлшгүй анхаарах асуудал бол малчин өрхийн хүүхдүүдийн СӨБ-ын хамрагдалт, хүртээмж юм. Түүнчлэн гэр бүлийн орчинд хүүхдийг дэмжих чиглэлээр эцэг, эхийн чадавхыг нэмэгдүүлэх ажил чухал.

Нэг ангийн 35 хүүхэд бүгд нэгэн ижил хөгжилтэй байх боломжгүй. Хүүхэд болгон ялгаатай. Тийм учраас багш нар хүүхдийн ялгаатай хэрэгцээнд нийцсэн хөгжлийн дэмжлэгийг үзүүлэх арга зүйд цаашдаа ч суралцах хэрэгцээ байна. Цэцэрлэгт өдөр тутам хүрч очиж суралцах боломжгүй малчдын хүүхэд, магадгүй эрүүл мэндийн хувьд шалтгаантай тэдгээр хүүхдэд хувилбарт сургалтын үйлчилгээгээр боловсрол эзэмшүүлэхийг зорьж байгаа" гэлээ