Монгол Улсын хөгжлийн үзүүлэлтийг дэлхийн улс орнуудтай харьцуулж үзэхэд тун тааруу харагддаг. 2023 оны байдлаар хүний хөгжлийн индексээр 189 орноос 99-д, өрсөлдөх чадварын индексээр 64 орноос 60- д, авьяасын индексээр 64 орноос 60-д, нэг цагт бүтээх хөдөлмөрийн бүтээмжээр 181 орноос 105-д буюу Ирланд, Люксембург зэрэг улсаас 10 дахин бага. Мөн нийгмийн орчинд асуудал шийдвэрлэх чадвараар 65 орноос 59-д, сургуульд суралцах хугацаа 13.2 хэдий ч эзэмшсэн чадамжтай харьцуулахад суралцах хугацаа 9.2 буюу дөрвөн жилийн хоцрогдолтой.
Гэхдээ бас эсрэгээрээ цөөн ч гэлээ бидэнд давуу зүйл бий. Монгол хүний хөгжлийн үзүүлэлтийг авч үзэхэд, насанд хүрсэн монгол хүний бүтээмж 61 хувь буюу бага, дунд орлоготой орны иргэдээс даруй 13 хувиар илүү, 15 настай хүүхдүүдийн өөрсдийн амьдрал, сургалтад хариуцлагатай хандах, санаачилгатай байх чадвар олон улсын дунджаас дээгүүр, IQ чадвараар 128 орноос 41-д, тэсвэр хатуужил, даван туулах чадвараар Франц, Шинэ Зеланд, Бельги зэрэг эдийн засгийн өндөр хөгжилтэй улсаас илүү үр дүнтэй байгааг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс танилцуулсан байдаг. Цөөн ч гэсэн эдгээр эерэг үзүүлэлтийг улам чимж, гэрэлтүүлж буй нь Монголын хүүхэд багачууд юм. Өнгөрөгч 2023 он болоод 2024 он гарсаар тэд бахдал дүүрэн олон амжилт бүтээжээ. 2023 онд гэхэд олон улс, тив, дэлхийн уралдаан, тэмцээн, наадмаас медаль хүртсэн 132 хүүхдэд “Хүүхдийн төлөө сан”- гаас мөнгөн тэтгэмж олгосон байна. Монгол хүүхдүүдийн дэлхийд гаргасан амжилтаас чансаа өндрийг түүвэрлэн хүргэхийн зэрэгцээ эх орныхоо нэрийг дуурсгасан сурлага, спорт, урлагийн өндөр амжилт гаргасан сурагчдын түүхийг хүргэе.
“Үнэмлэхүй” ялалтын эзэд
Монголоо дэлхийд хамгийн их дансалдаг бяцхан хүмүүс бол Монголын оюуны академийн тамирчид. Олон улсын уралдаан, тэмцээнд орох бүртээ эх орныхоо нэрийг бахархалтайгаар дуурсгаж, үнэмлэхүй амжилт бүтээн, үргэлж тэргүүлдэг.
Хамгийн сүүлийн томоохон хоёр амжилтыг өгүүлье. Эхнийх нь 2023 оны арваннэгдүгээр сарын 24-26- нд Энэтхэгийн Мумбай хотноо болсон Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Тэд уг тэмцээнд тэргүүлж, дөрөв дэх удаагаа аваргалсан. Монгол, Герман, Норвеги, Дани, Япон, Энэтхэг зэрэг 13 орны 780 тамирчин өрсөлдөж, нийт 90 медалиас 23 алт, 16 мөнгө, 8 хүрэл буюу нийт 47 медаль, долоон цомын эзэд болж багаараа үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Мөн тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2022 оны дэлхийн аварга, олон улсын их мастер Т.Тэнүүн тэргүүлж, Дэлхийн хошой аварга болсон түүхтэй.
Удаах тэмцээн нь БНХАУ-ын Саняа хотод 2023 оны арванхоёрдугаар сарын 8-10-ны хооронд болсон Дэлхийн ой тогтоолтын спортын холбооноос зохион байгуулсан 32 дахь удаагийн Ой тогтоолтын ДАШТ юм. Шилдэг 120 тамирчин гурван өдрийн турш харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан. Манай улсыг төлөөлөн 31 тамирчин, олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан нарын хамт амжилттай оролцон нийт 90 медалиас 15 алт, 18 мөнгө, 19 хүрэл буюу нийт 52 медаль, долоон цомын эзэд болж багаараа дэлхийн аварга болсон. Дэлхийн ой тогтоолтын спортын холбоо нь дэлхийн ой тогтоолтын хоёр том холбооны нэг юм.
Жилийн дотор 15 медаль, дөрвөн тусгай байр
Монголчууд оюуны чансаагаараа олон улсын дунджаас дээгүүр гэдгийг дэлхийд батлан харуулсан 2023 оны онцлох ололт бол олон улсын олимпиадад монгол сурагчдын гаргасан амжилт. Өнгөрөгч онд математик, биологи, хими, физик, мэдээлэл зүйн олимпиадаас Монголын сурагчид нийтдээ нэг алт, нэг мөнгө, 13 хүрэл медаль авч, дөрвөн сурагч тусгай байр эзэлсэн юм.
Одоогоос 3-4 жилийн өмнө олон улсын олимпиадаас гарын таван хуруунд багтах үгүйтэй медаль хүртдэг байсан бол сурагчдын амжилт жилээс жилд ахисаар нэг жилийн дотор 20-иод хүүхэд медаль хүртдэг болсон гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас онцлон тэмдэглэсэн. Тодруулбал, Монголын багийн бүрэлдэхүүнд багтаж, олон улсын олимпиадад оролцохоор сонгогдсон л бол медаль авах боломжтой гэж үздэг жишиг хэдийнэ тогтжээ. 2015, 2016 оны үед Монгол Улсаас 1-2 хүүхэд л хүрэл медаль хүртэж, математикийн мэдлэгээр дэлхийн дундаж орны тоонд багтдаг байсан бол одоогоор багийн гишүүнийн олонх нь медаль хүртэж, дунджаас дээгүүр орны тоонд багтах болсон байна.
Д.Энэрэлт: Хэн илүү хичээсэнд нь амжилт ирдэг
Олон улсын олимпиадаас Монгол Улсын долоо дахь алтан медалийг хүртсэн “Сант” сургуулийн 12б ангийн сурагч Дэлгэрдалайн Энэрэлт бол олон улсын олимпиадын тавцанд Монгол Улсынхаа нэрийг цөөнгүй удаа дуурсгасан. Олон улсын математикийн олимпиадад нийтдээ дөрвөн удаа оролцохдоо, нэг алт (2023), хоёр хүрэл (2021, 2022) медаль хүртсэн төдийгүй өнгөрөгч онд Мэдээлэл зүйн олон улсын 35 дугаар олимпиадаас мөн хүрэл медаль хүртсэн. Тэрээр энэ онд ч мөн Монгол Улсаа төлөөлөн Олон улсын математикийн 65 дахь олимпиадад оролцоно. Тав дахь удаагаа ийнхүү оролцох гэж байна.
Д.Энэрэлт Монгол Улсын математикийн олимпиадаас гурван алт, хоёр мөнгөн медальтай. Ахлах ангийнхаа сүүлийн гурван жил буюу 10, 11, 12 дугаар ангидаа алтан медаль хүртэж түүхэн амжилт бүтээгээд буй. Тэрээр долоодугаар ангид байхдаа аравдугаар ангийн сурагчидтай өрсөлдөж, мөнгөн медаль, есдүгээр ангид байхдаа аравдугаар ангийнхантай өрсөлдөж мөнгөн медаль хүртсэн. Түүнийг Монгол хүүхдийн оюуны бярыг гайхуулж буй гэж тодотгохоос өөр аргагүй. Д.Энэрэлт амжилтын түүхээ хуваалцахдаа “Математик хүнд бүхэнд ялгаатайгаар тусдаг гэж боддоггүй. Суралцах бэрхшээлтэй биш л бол хэн илүү хичээсэн, хэн их бэлтгэсэн, хэн чин сэтгэлээсээ цаг зарцуулсанд нь амжилт ирдэг. Интернэтээр ороод дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдтэй яг адил хөгжих боломжтой. Амжилт гаргаж буй хүүхдүүдийн ихэнх нь бие дааж, өөрийгөө маш сайн дайчилсан байдаг. Цар тахлын үед өдөр бүр маш их бэлтгэл хийсэн. Өдөрт 10-12 цаг суудаг байсан. Сайжирч байгаа нь мэдэгдэж байсан учраас өөртөө итгэх итгэл ч нэмэгдсэн. Ингэж бэлтгэхээр олимпиад уралдаанд орох сэтгэл зүй ч сайжирдаг. Өөртөө итгэж болно, гэхдээ хэт бардаж болохгүй” хэмээн амжилт гаргахыг хүсдэг үеийнхэндээ дамжуулсан юм.
Сүүлийн олон улсын олимпиаддаа Д.Энэрэлт хамгийн тайван сэтгэлзүйтэй оролцох гэж байгаа. Учир нь, тэр хүсэж мөрөөдсөн их сургуульдаа суралцахаар болсон юм. Түүний мөрөөдөл нь дэлхийн шилдэг сургуулийн жагсаалтыг үргэлж тэргүүлдэг Массачусетсийн их сургууль байв. АНУ-даа инженер, компьютерын шинжлэх ухаан, физикийн шинжлэх ухаанаар нэгд, хими, математикаар хоёрт эрэмбэлэгддэг уг сургуульд элсэхээр жил бүр 12 мянга гаруй хүүхэд эрт өргөдлөө өгдөг бөгөөд ердөө 6-7 хувь нь энэ сургуулийн босгоор алхан орж чаддаг юм. Түүнийг амжилтад хөтөлсөн маш олон багш бий. Тэднийхээ хүчинд өнөөдрийг амжилтыг бүтээсэн гэдгээ өгүүлээд бүгдэд нь талархлаа илэрхийлэхийг хүссэн юм. Д.Энэрэлтийг амжилтын зам руу хөтөлсөн өөр нэг хүн бол түүний төрсөн эгч. Мөн л эх орныхоо нэрийг гаргаж олон улсын физикийн олимпиадаас хүрэл медаль хүртэж байсан бөгөөд түүний элссэн Массачусетсийн их сургуулийг амжилттай дүүргэж, үргэлжлүүлэн магистртаа суралцаж буй юм.

Математикийн олон улсын олимпиадын алтан медальт Д.Энэрэлт
Усанд сэлэлтийн түүхэн медаль
Филиппин улсын Нью-Кларк хотод 2024 оны хоёрдугаар сард зохион байгуулагдсан усанд сэлэлтийн залуучуудын Азийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээнээс манай улсын тамирчид хос медаль хүртсэн. 15-17 насны 200 метрийн холимог сэлэлтэд Э.Энхмэнд мөнгө болон хүрэл медаль, 50 метрийн араар даллах сэлэлтийн 15-17 насны ангилалд Э.Эрхэс хүрэл медаль хүртсэн. Усанд сэлэлтийн залуучуудын ААШТ-ээс манай тамирчид хос хүрэл медальтай болсон нь Монголын усанд сэлэлтийн спортын түүхэнд байгаагүй томоохон амжилт болсон юм.
100 буудалт даамын ДАШТ-д багаараа аварга болсон түүх
2023 оны арваннэгдүгээр сард Польш улсын Полице хотод Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 18 орны 350 тамирчин оролцсон. Энэхүү тэмцээнд Монгол Улс багаараа тэргүүлсэн. Манай улсаас өсвөр, залуучуудын 31 тамирчин 10 насны ангилалд орж зургаан алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр аваргалсан. Н.Хангай, Б.Эрмүүнзаяа, Г.Санчир, Э.Даариймаа, Б.Есүй, Б.Мөнхжин нар алтан медаль, М.Дөлхүслэн, Б.Энхмаа, Б.Мишээл нар мөнгө, Э.Номунзаяа, Т.Энхсүлд, А.Дашчирэв нар хүрэл медаль хүртсэн.
Сурагчдын ДАШТ-ий шинэхэн аваргууд
Одоогоос ердөө 14 хоногийн өмнө Өмнөд Америкийн Перу улсын Лима хотод Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монгол Улсаас нийт 11 өсвөрийн шатарчин болон гурван дасгалжуулагч эх орноо төлөөлөн амжилт дүүрэн оролцоод ирлээ. Тодруулбал, долоон насны хөвгүүдийн ангилалд Б.Учрал, долоон насны охидын ангилалд Н.Аз-Эрдэнэ, 9 насны охидын ангилалд Ч.Нандинжигүүр нар аваргалсан. Мөн 11 насны охидын ангилалд М.Урангоо, 13 насны охидын ангилалд Б.Буянхишиг нар хүрэл медаль, 15 насны хөвгүүдийн ангилалд Н.Содбилэгт мөнгөн медаль, есөн насны хөвгүүдийн ангилалд Б.Бат-Амгалан шагналт дөрөвдүгээр байр тус, тус эзэлсэн юм. Азийн шатрын холбооны ерөнхийлөгч Шейх Султан бин Халифа Аль Нахъяан манай тамирчдад баярын мэндчилгээ уламжилж “Монголоос медаль хүртсэн бүх өсвөрийн шатарчдадаа баяр хүргэе. Монгол Улсын тамирчид улсдаа төдийгүй Ази тивд энэхүү амжилтаараа нэр төрийг авчирлаа” хэмээн онцолсон байна.
Дэлхийн шатрын холбооны мастер Б.Ану уг тэмцээнээс Монгол Улсын анхны медалийг (мөнгөн медаль) 2008 онд авч байсан бөгөөд 2010 онд эмэгтэйчүүдийн их мастер А.Энхтуул аваргын алтан медалийг анх удаа эх орондоо авчирсан түүхтэй. Эх орны бахархалт ирээдүй болсон бяцхан шатарчид энэ удаагийн тэмцээнээс Монголдоо Сурагчдын шатрын ДАШТ-ий 51, 52, 53, 54, 55, 56 дахь медалийг ийнхүү авчирлаа. Нийт хүртсэн 56 медалийн 21 нь алт, 21 нь мөнгө, 14 нь хүрэл юм.
Н.Аз-Эрдэнэ: Би ах шигээ мундаг шатарчин болно
Энэ жилийн сурагчдын шатрын ДАШТ-ий долоон насны ангилалд хоёр шинэхэн аварга төрсөн. Түүний нэг нь Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Н.Аз-Эрдэнэ юм. Энэ бяцхан охин тэмцээний блиц төрөлд найм хожиж, стандарт, рапид төрөл ес хожиж, гурван алтан медальтай эх орондоо ирсэн юм. Н.Аз-Эрдэний дасгалжуулагч нь түүний аав Ч.Нямдаваа. Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Хөх монгол” шатрын клубт дасгалжуулагчаар ажилладаг бөгөөд 10 жилийн хугацаанд 4000 гаруй хүүхдийг бэлтгэн гаргасан. Хөвсгөл аймгаасаа улсын аварга шатарчин төрүүлэх мөрөөдөлтэй явсан Ч.Нямдаваагийн хүсэл 2023 онд биелж, 41 жилийн дараа Хөвсгөл аймаг улсын аваргатай болсон. Улсын аваргатай болоод ч зогсохгүй, бүр дэлхийн аваргатай боллоо. Дөрөвхөн настайгаасаа шатарт суралцсан, түүний бяцхан охин аавынхаа хүслийг ийнхүү биелүүллээ. Аав, охин хоёрын тууштай бэлтгэл Монгол Улсыг шинэхэн шатрын дэлхийн аваргатай болгосон нь энэ.
Н.Аз-Эрдэнэ долоон настай ч энэ жилийн улсын аваргад найман настнуудтай өрсөлдөж, алтан медаль хүртсэн. Өмнө нь хоёр ч удаа ДАШТ-д оролцох эрх авсан ч оролцож чадаагүй бөгөөд энэ жил аав, ээж хоёр нь ДАШТ-д оролцуулахаар хичээж, мөнгө цуглуулан охиноо тэмцээнд явуулж чаджээ.
Нэг өргийн өмнө хэдийнэ аваргын цомоо гардсан Н.Аз-Эрдэнийг нутгаа зорихоос өмнө амжиж бид уулзсан. Тэрээр “Гадаад яваад олон медаль аваад ирлээ. Ер нь бол цагаар хожсон шүү дээ. Намайг алтан медаль авахуулж өгсөнд баярлалаа гэж аавдаа хамгийн түрүүнд хэлсэн. Би медаль авсан ч аав минь надад шатар заасан. Би ах шигээ л мундаг шатарчин болно. Гоё байна. Алтан медаль аваад хүүхдүүд угаасаа баярладаг шүү дээ. Тиймээс би баярлаж байна. Одоогоор надад өрсөлдөгч байхгүй. Ер нь бүгдийг нь хожно доо” хэмээн хэвлүүхэн өгүүлсэн юм. Ч.Нямдаваа гурван хүүхэдтэй бөгөөд гурвуулаа шаггүй шатарчин. Гурвуул Өсвөрийн шатарчдын УАШТ-ээс медаль хүртсэн. Н.Аз-Эрдэний хувьд хүндэлж хайрладаг тамирчин үгүй. Өрсөлдөгч ч алга. Харин хамгийн мундаг тамирчин бол ах нь юм. “Хожоод байхаар, түрүүлээд л байдаг” хэмээн инээх түүнийг гэгээн гэрэлт замнал хүлээж буй гэдэгт итгэж байна.

Математикийн олон улсын олимпиадын алтан медальт Д.Энэрэлт
56 жилийн түүхтэй уралдаанаас хүртсэн төгөлдөр хуурчдын амжилт
2023 оны арваннэгдүгээр сард Чех улсад 56 дахь удаагаа зохион байгуулагдсан “Virtuosi per musica di pianoforte” төгөлдөр хуурын олон улсын уралдаанд Монгол Улсын Консерваторын сурагчид амжилттай оролцоод ирсэн. Монгол Улсаа төлөөлөн долоон сурагч, гурван багшийн хамт оролцсоноос Б.Гүен нэгдүгээр байр эзэлж, Усти над Лабем хотын захирагчийн нэрэмжит шагнал хүртсэн юм. Харин Б.Очир-Эрдэнэ гуравдугаар байр, Б.Энхсаруул, Н.Саруул, Т.Оюу нар тусгай шагналаар шагнагдсан. Энэхүү тэмцээнд 13 орны төгөлдөр хуурчид ур чадвараа сорьсон бөгөөд нийт дөрвөн ангилалтай уг уралдааны гранпри шагналыг Монголоос анх удаа ийнхүү хүртсэн юм. Монгол Улсын консерваторын Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш Г.Оюун-Эрдэнэ “56 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ уралдаан чансаа өндөртэй болж өнгөрлөө. Монголын төгөлдөр хуурч хүүхдүүдээ дэлхийн тайзан дээр харах, авьяас чадвар, хөгжмийн мэдрэмжийг нь сонсгох юмсан гэсэн бодол биеллээ олж байна. Анх удаа олон улсын уралдаанд ороод ийм том амжилт гаргана гэж зүүдэлсэнгүй” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байсан юм.
"А” зэрэглэлийн наадам “Арабеск”-аас түүхэн медаль хүртсэн нь
ОХУ-ын Пермь хотноо 2024 оны дөрөвдүгээр сарын 16-28-нд зохион байгуулагдсан Екатерина Максимовагийн нэрэмжит 18 дахь удаагийн “Арабеск” олон улсын балетын жүжигчдийн уралдаанд Монгол Улсын Консерваторын сурагчид амжилттай оролцоод ирсэн юм. “Арабеск” балетын жүжигчдийн уралдаан нь “А” зэрэглэлд багтдагаараа онцлогтой.
МУК-ын Ц.Мөнхдэлгэр багштай 9в ангийн сурагч Ү.Анар сонгодог бүжгийн жуньор ангилалд алтан медаль, орчин үеийн бүжигчний төрөлд (насны ангилал байхгүй) алтан медаль, Хэвлэл мэдээллийн шүүмжлэгч, шүүгчдийн нэрэмжит диплом хүртсэн. Мөн С.Есөнзаяа багштай 11д ангийн сурагч Л.Энхжин сонгодог бүжгийн жуньор ангилалд хүрэл медаль хүртэж, МУК-ын төгсөгч УДБЭТ-ын бүжигчин Ц.Мөнгөншагай дипломатаар шалгарсан юм. Үүнээс гадна Монгол Улсаа төлөөлөн гавьяат жүжигчин, “Улаанбаатар” театрын бүжиг дэглээч, МУК-ын багш Х.Гэрэлчимэг шүүгчээр оролцсон. Энэ удаагийн уралдаанд Беларусь, Казахстан, Япон, Армен, Бразил, Англи, Киргиз, Нидерланд, Солонгос, Турк, Франц, Румын, Швейцарь улсын 200 гаруй шилдэг сурагч, уран бүтээлч чансаагаа сорьсон.
Ү.Анар: Монгол Улсынхаа нэрийг гаргасан дэлхийн номер нэг балетчин болно
Олон улсын “А” зэрэглэлийн уралдаан дэлхийд маш цөөхөн бий. Спортоор зүйрлэвэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэсэн үг. “А” зэрэглэлд багтдаг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд гавьяат жүжигчин Г.Ариунбаатар гранпри хүртэхэд монголчууд урлагийн олимпын аваргатай боллоо хэмээн баярлаж байлаа. УДБЭТ-ын гоцлол бүжигчин О.Анужин олон улсын “А” зэрэглэлийн уралдаанаас медаль хүртэхэд түүнд 23-хан насанд нь гавьяат жүжигчин цол олгож байсан. Үүнээс “А” зэрэглэлийн олон улсын уралдааны ач холбогдлыг танин мэдэж болно.
Тэгвэл хүүхдүүд болон насанд хүрэгчдийн дунд, дөрвөн үе шаттай зохион байгуулсан “Арабеск” олон улсын балетын жүжигчдийн “А” зэрэглэлийн уралдаанд Хөгжим бүжгийн коллежийн 9в ангийн сурагч Ү.Анар сонгодог бүжгийн жуньор ангилалд алтан медаль, орчин үеийн бүжигчний төрөлд (насны ангилал байхгүй) алтан медаль, Хэвлэл мэдээллийн шүүмжлэгч, шүүгчдийн нэрэмжит диплом хүртсэн нь бахдахгүй байхын аргагүй амжилт юм. Уралдаанаас ирээд удаагүй байхад нь цаг товлон түүнтэй очиж уулзлаа.
Бие хаа, алхаа гишгээ, өөрийгөө илэрхийлэх илэрхийлэмжийн хувьд үнэхээр төгс хүүхэд өмнө минь зогсоно. Гэхдээ ярилцлагаа эхлэх хүртлээ түүнийг аравхан насандаа 47 кг жинтэй байсан гэдэг нь огтоос төсөөлөгдөхгүй байв. Гэвч тэр үнэхээр л ийм хүүхэд байжээ. Сахилгагүй, хичээлдээ тааруу, үргэлж хэрэг түвэг тарьдаг түүнийг ном сурахгүй гэдэгт ээж, эмээ хоёр нь бат итгэсэн. Тиймээс тавдугаар ангиа төгсөнгүүт лам болгохоор шийдэж. Харин энэ сонголт Ү.Анарынх биш байв. Тиймээс уйлж, гүйж зугтаасаар өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлж, балетын бүжигчин болохоор шийдэн “G river ballet school”-ийн үүсгэн байгуулагч С.Ганбат багш дээрээ очжээ. Хэт илүүдэл жинтэй, майга хөлтэй түүнийг маш сайн дасгалжуулсны дүнд ердөө сарын дотор 15 кг хасаж, биеийн харьцааг өөрчилж чаджээ. Монгол Улсын консерваторын сонгодог бүжгийн ангид л орох хүүгийн хүсэл байсан тул өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө сургуулиасаа нэг жилийн чөлөө авч хоёр жилийн турш үүний төлөө бэлдсээр 2020 онд элсэж чаджээ. Түүнийг анх сургуульдаа ороход мэргэжлийн багш нь “Хэрвээ чи энэ сургуульд элссэн л бол ерөнхий эрдэм, мэргэжлийн хичээл хоёрынхоо аль, алийг хаяж болохгүй. Мэргэжлийн хичээлдээ сайн байгаад ерөнхий эрдэмдээ муу байвал хасна. Ерөнхий эрдмийн хичээлүүддээ сайн байж, мэргэжлийн хичээлдээ муу байвал бас л сургуулиас хасна” хэмээсэн. Ахиад хичээхээс өөр сонголт үлдсэнгүй. Одоо тэр ангийн хүүхдүүд дундаа онц сурлагатны тоонд орно. Тэмцээн, уралдаан, тоглолтын бэлтгэл зэргээс шалтгаалан хичээлээсээ хоцордог ч цаг тухайд нь хичээлээ нөхөж авна.
“Урлаг өөрөө ёс зүй, хүмүүжил, хатуужлыг бий болгодог” хэмээх Ү.Анарын ирээдүйд зорьж буй зүйл нь дэлхийн алдарт балетчин болох. Тэр дундаа дэлхийд номер нэг балетчин. Өөрөө дэлхийд алдартай болж, өөрөөрөө дамжуулан Монгол Улсынхаа нэрийг олон улсад гаргахыг хүсдэг аж.
Түүний төлөө гэдэг бүхий л багш нарынхаа хэлсэн үгийг дандаа бодож, “Байнга хөдөлмөрлө. Битгий биеэ хая. Хийж байгаа зүйлээ төгс гүйцэтгэж дуусга” гэсэн нь үргэлж сонстоно. Ү.Анарыг лам болгоно хэмээж байсан ээж, эмээ хоёр нь бэлтгэл, сургуулилт, тоглолт зэрэг бүхий л зүйлд хамт байж, түүнийг дэмжин амжилтыг нь хамт бүтээж явна.
Монгол Улсад зориулалтын заал, сургалтын танхим тун ховор. Заримынх нь хувьд бүр байхгүй. Үгүйдээ хүүхдийн ганц спортын цогцолбор ордон алга. Гэвч монгол хүүхдүүд бор зүрхээрээ, бэлтгэл сургуулилтаа хийн, уралдаан, тэмцээний зардлаа өөрсдөө голдуу шийдэж, өнөөдрийн энэ бахдам амжилтыг бүтээжээ. Бахархахаас аргагүй. Хичээж чадвал бүтэхгүй, хөдөлмөрлөж чадвал болохгүй зүйл үгүй гэдгийг эдгээр хүүхэд өөрсдийн үеийн багачууддаа болон томчуудад үлгэрлэн, өөрийн, эцэг эхийн, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж байна.

Балетын олон улсын уралдааны хос алтан медальт Ү.Анар