
“Монгол Улсад тайван замаар жагсах, цуглах эрхийг дэмжих нь” төслийн хүрээнд “Монгол Улсад зохион байгуулагдсан жагсаал, цуглааны кэйс судалгаа”-г IRIM судалгааны хүрээлэнгээс хийжээ.
Манай оронд 2020-2022 оны хооронд 710 жагсаал, цуглаан зохион байгуулагдсан байна. Судалгааны багийн зүгээс Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагдсан 10 жагсаал, цуглааныг сонгон кэйс судалгаа хийхдээ ерөнхий гурван шалгуур үзүүлэлтийг харгалзжээ.
Нэгдүгээрт, сүүлийн 15 жилийн хугацаанд хамаарах, хоёрдугаарт, цаашид ашиглах хэрэгцээ шаардлагыг харгалзан Улаанбаатар хотод болсон жагсаал цуглааныг сонгосон байна. Гэхдээ хөдөө орон нутагт болон гадаад улс оронд оршин суугаа монголчуудын зохион байгуулсан жагсаал цуглааныг төлөөлүүлэн нэг, нэг жагсаал цуглааныг сонгон авчээ. Гуравдугаарт, аль, аль төлөөллийн жагсаалаас тэнцвэртэй сонгож, судлахыг зорьсон гэдгээ удиртгалдаа онцолсон байна.
Монгол Улсад болсон жагсаалууд ямар үр дүн юунд хүрэв. Судлаачид үүнийг хэрхэн дүгнэв.
1.Долоодугаар сарын 1-ний түйвээн
Монголын түүхэнд хамгийн хараар тэмдэглэгдэх түүхэн өдөр бол 2008 оны долоодугаар сарын 1. 9000 орчим хүн оролцсон энэхүү жагсаал нь 2008 оны зургаадугаар сарын 29-нд болсон УИХ-ын тав дахь удаагийн сонгуулийн үр дүнг хүчингүй болгох, санал хураалтыг дахин зохион байгуулах ёстой хэмээн МАХН болоод Сонгуулийн ерөнхий хороонд хандаж Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан, Ц.Элбэгдорж нар үг хэлж, шударга бус сонгууль болсон тул ард түмнийг сонгуулийн дүнг эсэргүүцэхийг уриалж байсан билээ. Жагсаал эцэстээ үймээн самуун болж, эцэст нь 5 хүний эрдэнэт амь эрсдэж, 244 хүн ямар нэг байдлаар ял шийтгэл авчээ.
Жагсаалын үр дүнд хийсэн судалгааны багийн дүгнэлт
Жагсаал цуглаан үндсэн зорилгодоо хүрээгүй. Хүний амь эрсэдсэн, онц байдал зарлах түвшинд хүрсэн тул асуудал намжсан. Тавигдсан шаардлага буюу сонгуулийн үр дүнг хүчингүй болгох, сонгуулийг дахин явуулах гэсэн үндсэн шаарлдлагууд биелээгүй.
2.“No” тодотголтой жагсаалууд
“NoNaadam” жагсаал 2021 оны 6-7 долоодугаар сард, “NoDoublestandart” 2021 оны есдүгээр сар, “NoWar” 2022 оны хоёрдугаар сарын 25-нд болсон. “No” тодотголтой жагсаалууд одоог хүртэл үргэлжилж буй. Энэхүү жагсаалуудад нийтдээ 1500 орчим хүн оролцжээ. Жагсагчдын зүгээс
Жагсаалын үр дүнд хийсэн судалгааны багийн дүгнэлт
“NoNaadam” хөдөлгөөний хүрээнд 7-8 шаардлага хүргүүлсэн бөгөөд нэг шаардлага биелсэн буюу хатуу хөл хориог сулруулах тухай шийдвэр гарчээ.
“NoDoublestandart” хөдөлгөөний үр дүнд хатуу хөл хорио цуцлагдсан үр дүнтэй ч энэ хөдөлгөөн өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Учир нь дээрх жагсаалыг зохион байгуулсан гэх Монгол Улсын иргэн 11 залуусыг мөрдөн байцаах үйл явцууд өрнөсөөр, зарим нь одоог хүртэл цахим гавтайгаа байгаа юм.
“NoWar” жагсаалын зорилго биелсэн бөгөөд хоёр улсын аль ч талд ороогүй энх тайвныг эрэлхийлсэн залуус Монгол Улсад бий гэдгийг харуулж, цаад утгаараа дайны бүсэд буй монгол иргэдийн амь нас эрүүл мэндийн асуудалд санаа зовж, Засгийн газрын үүргийг эрчимжүүлэх байсан. Хилийн чанадад суурьших Монгол Улсын иргэдийн анхаарлыг татаж, яаралтай хандив цуглуулан дайны бүсэд ор
3.Ерөнхий сайд огцорсон жагсаал
Бидний нэрлэдгээр табочкитай жагсаал. 2021 оны нэгдүгээр сарын 18-нд “Өргөө” амаржих газарт эхээс коронавирусын халдвар илэрч, дөнгөж төрсөн эх, нярай хоёрыг халдвартай гэсэн шалтгаанаар өвлийн хүйтнээр ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бусаар хандсан бичлэгийг “Ийгл” телевизийн шууд дамжуулалтын баг олон нийтэд дамжуулсан. Энэ үйлдлийг иргэд эсэргүүцэн 2021 оны нэгдүгээр сарын 20-нд Сүхбаатарын талбай дээр оргил үедээ 5000 хүнийг хамарсан аяндаа үүссэн цуглаан бий болсон.
Жагсаалын үр дүнд хийсэн судалгааны багийн дүгнэлт
“Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УОК-ын дарга Я.Содбаатар нарыг огцруулах шаардлага үр дүндээ хүрч, огцрох өргөдлөө 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр уламжилсан. УОК болон Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр огцруулах зорилго 2021 оны нэгдүгээр сарын 22-нд МАН-ын ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үүргийг авч, У.Хүрэлсүх огцорсноор үр дүндээ хүрсэн. Энэхүү цуглааны үр дагавар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах болон хувирсан нь жагсагч, дэмжигчдийн шаардлага байгаагүй. Мөн энэ нь нийгмийн сүлжээн дэх бичвэр, сэтгэгдлүүдээс илэрч байлаа. Энэхүү үйл явдлаас хагас жилийн дараа Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялсан. Ерөнхий сайдын ажлаа хийж чадаагүй гээд өөрийн хүсэлтээр огцорсон хүнээ Ерөнхийлөгчөөр сонгосон нь цуглааны үр дүн болон иргэдийн сонголт хооронд том асуултын тэмдэг үлдээсэн явдал болсон.
4. “Монголоо аваръя” жагсаал
УИХ-ын гишүүн асан, гавьяат жүжигчин С.Жавхлан нь Засгийн газрыг огцрохыг шаардаж, 2021 оны аравдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд “Монголоо аваръя” нэртэй жагсаал, цуглаан зохион байгуулж, суулт хийж түүнийг дэмжиж, олон иргэд цуглаж үзэл бодлоо илэрхийлсэн. С.Жавхлан нь суулт хийх явцдаа өлсгөлөн зарлаж, улмаар 17, 18 хоног гадаа хүйтэнд суусны улмаас биеийн байдал нь муудаж, эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн. Ийнхүү жагсаал, цуглаан хийх үеэр Засгийн газар болон УИХ-ын гишүүдээс нэг ч удаа С.Жавхлан болон түүнийг дэмжиж үзэл бодлоо илэрхийлж буй иргэдтэй уулзаагүй, шаардлага эсэргүүцлийг нь сонсоогүй байна.
Жагсаалын үр дүнд хийсэн судалгааны багийн дүгнэлт
С.Жавхлангийн хувьд 2010 оноос хойш олныг хамруулсан жагсаал, цуглаан хийж байсан олон удаагийн туршлагатай ч өмнөх сургамж, уур амьсгал зэрэгт туршлагатай хандах хэрэгтэй байсан гэж ажиглагдана. Жагсаал цуглаан хийж, ирээдүйд үг үзэл бодлоо илэрхийлэх иргэдийн, нийтийн эрх ашгийн тухай жагсаал цуглаан зохион байгуулагчид анхаарах асуудал чухал юм. Жагсана гэдэг төлбөртэй хөдөлмөр эрхлэлт болж буй мэт Ардчилсан нийгмийн хамгийн чухал үйл явцын талаарх үнэ цэнэ буурах эрсдэлтэй.
5.Эмч, эмнэлгийн ажилчдын суулт, жагсаал
2021 оны зургаадугаар сарын 26-наас эхлэн 10 гаруй хоног үргэлжилсэн уг жагсаалаар эмч ажилчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлж, ачаалалтай ажиллаж байгаа эмч нарын өөрсдийнх нь эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хүний нөөцийн дутагдалтай байдлыг бодлогоор зохицуулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Голлох шаардлага нь цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж буй эмч ажилчдын цалин урамшууллыг улаан, ногоон бүс гэж ялгавартай байдлаар олгохгүйгээр бүгдэд ижил тэгш хандахыг тайлбарлаж, Сүхбаатарын талбайд суулт зарласан. Хэрэв цалин нэмэгдүүлэхгүй бол ажил хаялт зарлахаа илэрхийлэв.
Жагсаалын үр дүнд хийсэн судалгааны багийн дүгнэлт
Санамсаргүй байдлаар дарамтад орсон. Засгийн газрын шийдвэрт хууртагдсан. Аргацаасан буюу судалж байна гэсэн шийдэлгүй хариу үйлдэл үзүүлж байсан ба тайван суулт зохион байгуулагчдад хэрэг үүсгэн, шалгаж дарамталсан. Тухайн суулт зарласнаас хагас жилийн дараа үргэлжлүүлэн тууштай тэмцэнэ гэж байсан ч хоёр жилийн дараа оролцогч талууд шантарсан нөхцөл байдалтай байгаа нь ажиглагдлаа.
6.“Монголдоо сайхан амьдаръя” жагсаал
“Монголдоо сайхан амьдаръя” жагсаал 2023 оны дөрөвдүгээр сарын 7-9-ний өдрүүдэд Сүхбаатарын талбай, Маршалын гүүр цахим орчинд болж өнгөрсөн.
Энэхүү жагсаалд нийтдээ 10-15 мянган хүн оролцсон. Төв талбай дээрх жагсагч, дэмжигчдийн барьсан гол уриа үг нь “Эх орондоо сайхан амьдармаар байна”, “Үнийн өсөлтийг зогсоо”, “Ажлаа хий”, “Хүнсээ авч хүчрэхгүй 21-р зуун”, “Тэвчээр тасарлаа” гэх мэт уриа лоозонтой байсан юм.
Жагсаалын үр дүнд хийсэн судалгааны багийн дүгнэлт
Жагсаал цуглаан үндсэн зорилгодоо хүрсэн. Жагсагчдын 15 зүйл бүхий шаардлагыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн. Жагсаал цуглааныг албадан тарааж, 69 иргэнийг албадан саатуулсан нь үндэслэлгүй, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөө, халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн байна.
7. “Эвлэлдэн нэгдэх-Хөдөлмөрлөх эрхээ эдэлье” жагсаал
2015-2016 оны “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын гурван талт хэлэлцээр”-ийн Иргэдийн орлого, амьжиргаатай холбоотой заалтыг хэрэгжүүлэх, хэлэлцээрт тусгасан цалин нэмнэ гэснийг 2016 оны тавдугаар сарын 15-ны чуулганаар яаралтай хэлэлцэж, бодит шийдвэр гаргах, Улсын төсвийн хөрөнгөөр гэрээлэн ажил гүйцэтгэсэн компаниудын санхүүжилтийг олгох гэсэн шаардлагуудыг тавьж, 2016 оны тавдугаар сарын 2-нд жагссан. Чингисийн талбайд болсон уг жагсаалд 5000 гаруй ажилчид цугласан байна.
Жагсаалын үр дүнд хийсэн судалгааны багийн дүгнэлт
Жагсаал, цуглааны дараа буюу тухайн жилдээ биелсэн шаардлага байхгүй. Зөвшилцөл он дамжиж, жил бүр гурван талт хамтын хэлэлцээрийг шинэчлэн баталсаар байна.
8.Шогукан хэвлэлийн компанийн гадаах жагсаал
Японы "Шогакүхан" гэх хүүхдийн "КороКоро" сэтгүүлийг эрхлэн гаргадаг хэвлэлийн компанийн гадна 2018 оны хоёрдугаар сарын 27-нд жагссан. Хүүхдүүдэд зориулан гаргадаг зурагт номонд Чингис хааны хөрөг дээр бэлэг эрхтэн зурснаас үүдэн уг номыг борлуулалтаас эргүүлэн татаж, залруулга хийх ёстой гэж үзэн, Японд эсэргүүцлийн жагсаал хийсэн юм. 130 гаруй монголчууд болон өвөрмонголчууд нэгдэн оролцсон.
Жагсаалын үр дүнд хийсэн судалгааны багийн дүгнэлт
Жагсаал цуглаан үндсэн зорилгодоо хүрсэн. Мэдэгдэл хүргэсэн даруй Японы талаас уучлалт гуйсан бөгөөд “Корокоро” сэтгүүлийн эрхлэн гаргагч Япон Улсад суугаа Элчин сайд Д.Батжаргалд бараалхаж уучлалт гуйсан байна.
9.Орон нутагт болсон жагсаал
“Петрочайна Дачин Тамсаг” компани нь орон нутагтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулах талаар шүүхийн шийдвэр гарсан ч тухайн компани шүүхийн шийдвэр биелүүлээгүйтэй холбогдон 2020 оны нэгдүгээр сарын 14-нд Дорнод аймгийн Матад, Халхгол суманд жагсаал болсон.
Жагсаалын үр дүнд хийсэн судалгааны багийн дүгнэлт
Нийгмийн хариуцлагын гэрээг байгуулж, өмнө хийгдэж байсан аймгийн удирдлагуудтай тохиролцсон санамж бичгийн хүрээнд байгалийн нөхөн сэргээх, монгол ажилчдыг авч ажиллуулах, бараа машин худалдан авалт, үйлчилгээнд орон нутгийн иргэдийг авч ажиллуулах, усны төлбөр, торгуулиа төлөх зэрэг шаардлагуудаас нийгмийн хариуцлагын гэрээ байгуулахаар талууд ширээнд суусан.
10. “Гал үндэстэн” холбооны жагсаал
2013 оны есдүгээр сарын 13-нд “Гал үндэстэн” холбооноос зохион байгуулсан жагсаалд 11 төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон. Шаардлага нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журам”-ыг хэрэгжилтийг хангуулах, уг хуульд өөрчлөлт оруулахыг хориглох, энэ хуулийн дагуу гол мөрний эх, ай сав, ойн нөөц бүхий газарт ашигт малтмалын хайгуул, олборлолт хийж буй компаниудын үйл ажиллагааг зогсоох байсан юм.
Жагсаалын үр дүнд хийсэн судалгааны багийн дүгнэлт
Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох асуудлыг эцэргүүцсэн шаардлага нь биелсэн. Гэвч тухайн жагсаал, цуглаан болсноос хоёр жилийн дараа буюу 2015 онд уг хуульд өөрчлөлт орсон юм. Жагсаал цуглаан зохион байгуулагчид болон Засгийн газар хооронд тухайн үед зөвшилцөлд орсон зүйл байхгүй. Онц байдал зарлах нөхцөл үүссэн, гэмт хэргийн зөрчлүүд илэрсэн тул жагсаал зохион байгуулагчид баривчлагдаад дууссан.
“Монгол Улсад зохион байгуулагдсан жагсаал, цуглааны кэйс судалгаа”-г энд дарж сонирхох боломжтой. Ерөнхий мэдээлэл, зохион байгуулалт, үр дүн, дүгнэлт, сургамжтай дэлгэрэнгүй танилцах боломжтой.